Москва хотод 58 дахь удаагийн боксын армийн ДАШТ эхэллээ. Дэлхийн 36 орны эрэгтэй, эмэгтэй 231 тамирчин нийт 10 жинд өрсөлдөх бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо оролцож байна.
Нээлтийн ёслолд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, армийн генерал Николай Панков оролцож, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Оросын баатар, армийн генерал Сергей Шойгугийн мэндчилгээг хүргэсэн юм. Мөн Олон улсын армийн спортын зөвлөлийн ерөнхийлөгч Колонел Эрве Пиццирилло, Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев, Оросын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Кирилл Шчекутев зэрэг албаны хүмүүс оролцжээ.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр/2021.09.20/ эрэгтэй -56 кг-ын жинд Азийн тивийн аварга Х.Энх-Амар Бразилын тамирчин Габр Насчиментотой тулалдаж, яллаа. Түүний дараа эрэгтэй -60 кг-д О.Тулга Шри Ланка улсын тамирчин Жеванта Тисханка Бамунутай учраа таарч, манай тамирчин өрсөлдөгчөө буулган авав.
О.Тулга, Э.Цэндбаатар нарын ДАШТ-ий эрхийн төлөөх сорил тулаан аравдугаар сарын 3-нд болно.
Харин тэмцээний эхний өдөр эмэгтэй -51 кг-ын ангилалд Э.Мөнхцэцэг Бразилын Жезүс де Соуза Гразиелтэй тулалдаж, ялагдсан бол -60 кг-ын жинд өрсөлдсөн Г.Бадмаараг Узбекистаны Райхона Кодировад ялагдав.
Армийн ДАШТ-ий финалын тулаанууд есдүгээр сарын 25-ны өдөр Лев Яшины нэрэмжит ВТБ аренад болно.
Холбоотой мэдээ