NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 4-р тойргоос сонгогдсон Ж.Бат-Эрдэнийг танилцуулж байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд Булган аймагт нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдсон түшээ бол Ж.Бат-Эрдэнэ юм. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшсэн төрийн мэргэшсэн албан хаагч гэх тодотголтой байсан. Улс төрд орсон цагаасаа зам тээвэр, төмөр замын салбартай холбогдож ирсэн Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа яаманд нь хүн амины хэрэг гарч өөрөө бол ёс зүйн хариуцлага хүлээсэн гэдэг. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн түүнийг хариуцлагаас зугатаасан гэх нь ч бий. Өөрийнх нь харьяанд байсан хоёр газрын дарга нь нэг нь шоронд, нэг нь амиа алдсан харамсалтай хэргийн үнэн мөн өнөөдөр ч эцэслэгдээгүй явсаар.
Улстөрчийн хувьд Ж.Бат-Эрдэнэ чимээгүй тоглогч. Урд эгнээнд гүйж ороод тэмцээд, уриалаад байхаас илүү араас нь харж, чимээгүй дагаж тоглодог улстөрч. Үндсэндээ Ж.Бат-Эрдэнийг алтан дундаж гэж тодорхойлж болно. Тэрбээр улстөржөөд, попроод цойлоод байдаггүй. Тэрбээр сайнаараа биш муугаараа танигдсан улстөрч. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр скандал тарьж, "төрсөн өдрийнх нь" зураг сошиалаар нэг шуугиж байхад тэр чимээгүй, гүлдийсээр байсан. Үүнээсээ болж нэг хэсэг эвгүй нэр хочтой болж үлдсэн нь бас худлаа биш.
Улс төрийн аливаа "тохиролцоо"-нд ил гарч тоглохоос илүү хойноос харж тоглодог, бүлэг фракцын харьяалал гэхээс илүү бие даагч шиг байдаг хэмээн намынхан нь дүгнэх нь бий.
Менежерээс агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх мэтчлэн алба хашсаар 10 гаруй жилийг төрд зориулсан учраас түүнийг төрийн ажил мэддэг цөөхөн гишүүдийн нэг гэж тодорхойлох нь ч бий. Хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдож, булганчуудыг төлөөлж байгаа ч түүнд өөрийн гэсэн автор болсон сэдэв, санаачилсан хууль нь тоотой хэд.
Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус, тус суралцан төгсчээ. Инженер, эрх зүйч мэргэжилтэй. Эрхүүд суралцаж байхдаа ганзагын наймаа хийж, одтой оюутны тоонд багтаж явжээ. Ажлын гараагаа ОХУ-ын Рыпкооп улсын үйлдвэрийн газар менежерээр эхлүүлж, 2004 оноос Ардын намын ах нартайгаа хамтран Уламжлал шинэчлэл, ардчилал, шударга ёс жигүүр байгуулан ерөнхий зохицуулагчаар нь ажиллах болсон. Жигүүрийг санаачлагчид МАН-д шинэчлэл хийх шаардлагатайг уриалж, нэг хүний дарангуйлал тогтоохыг эсэргүүцэж явсан гэдэг. Парламентад түүнийг “Сахал" гэж тодотгодог.
Ардын намынхаа олноороо ЖДҮХС-ийн зээл авч, цөөн тооны гишүүд нь хариуцлага тооцсон нэртэй цагаадсан бол нэг хэсэг нь анхнаасаа огт шалгагдаагүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн олон хүн уг асуудлаас чимээгүй "мултарч" чадсан гэсэн үг. Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ гишүүн ч мөн асуудлаас "мултарч" цагаадсан гишүүдийн нэрс дунд багтсан бий. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Авлигатай тэмцэх газраас ЖДҮХС-г шалгах явцад тойргийнхоо жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр УИХ-ын 15 гишүүнтэй холбогдох хэргийг хаасан. Тэр дунд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” компани багтсан юм. Тэрбээр цахим хуудаснаа "Би ЖДҮХС-аас өөртөө болон хамаатан садандаа төсөл гуйгаагүй. Нэг ч гэсэн иргэний амьдрал дээшилж, аж ахуйн нэгж хөл дээрээ босог гэж хүсэлтийг нь дамжуулдаг. Цаашдаа ч дамжуулах болно. Гүтгэлэг арай л хэтэрч байна" хэмээн бухимдлаа илэрхийлсэн удаатай.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар өнгөрсөн тавдугаар сард "Монгол хүний удмийн сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлсэн.
Ж.Бат-Эрдэнэ "Уг тогтоолын төсөлд зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад байрных нь урьдчилгаа болох 20-30 сая төгрөг өгөх заалтыг оруулж өгсөн" хэмээн мэдэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан.
Тухайлбал, иргэдийн зүгээс "Хөдөлмөрлөж буй иргэдийн төлсөн татварыг ажил хийдэггүй хүмүүст тараах нь шударга бус. Хавтгайрсан халамж, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна. Байртай болохын тулд ажил хийхгүй байх хэрэг үү" гэх зэргээр дээр хуулийн заалтыг хүчтэй эсэргүүцэж байв.
Түүний 2020 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт дурдсанаар "Жилийн орлого 53 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 110 сая төгрөг, 164 сая төгрөгийн хадгаламжтай 350 сая төгрөгийн авлагатай 209 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хурдан удмын адуу 60, адуу 96, үхэр 89, хонь 260 бөгөөд тэдгээрийг 299 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 263 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 215 сая төгрөгийн хоёр том оврын жийптэй" гэжээ.
Ж.БАТ-ЭРДЭНИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1983 онд: Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
- 1989 онд: ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
- 1998 онд: Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1990-1992 онд: ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
- 1994-2000 онд:“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
- 2000-2004 онд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
- 2007-2012 онд: Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд: Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2011-2012 онд: МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2013-2016 онд: Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
- 2016 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2018 он: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2019 он: Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн