Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус ААН-үүдийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус ААН-үүдийг дэмжинэ

Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус ААН-үүдийг дэмжинэ

Цар тахлаас хамаарч эдийн засгийн эргэлт зогсож экспорт, импорт аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй хамгийн том асуудал болж байна. Тэр дундаа уул уурхайн бус салбарын аж ахуй нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлж, зах зээлд нэвтрэх, өрсөлдөх боломжийг өргөжүүлэх шаардлага нөхцөл байдлаас хамаарч өслөө. Тиймээс бодит дэмжлэг үзүүлж, Covid-19-ийн үеийн сөрөг үр нөлөөг бууруулах зорилготой нэгэн төслийг танилцуулж байна. Энэ бол “Экспортыг дэмжих төсөл” юм.

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР УУЛ УУРХАЙН БУС АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ Б.ДӨЛГӨӨН:

– Экспортыг дэмжих төсөл 2016-2018 онд Сангийн яамны дэргэд хэрэгжиж байсан. Түүнээс хойш түр хугацаанд зогсож, өнгөрсөн жилээс эхлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжин хэрэгжиж байгаа. Төсөл 2023 оныг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа бөгөөд экспортыг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлууд болон шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд санхүүгийн буцалтгүй тусламж өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ манай төслийн гол зорилтот бүлэг бол уул уурхайн бус салбарынхан. Тодруулбал, экспортын баримжаа бүхий жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид. Хамгийн чухал нь импортоор бараа авахаар захиалсан талын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах ёстой болно. Тиймээс стандарт хангах нь эхний шалгуур болж байгаа.

Төслийн бүрэлдэхүүнийг товч байдлаар танилцуулбал,

1. Экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх

2. Экспортын өрсөлдөх чадвар, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх

3. Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Үүний хоёр дахь хэсгийн дэд бүрэлдэхүүн нь түншлэлийн хөтөлбөр бөгөөд тодорхой шалгуур хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж 10-300 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгодог.

СОНГОН ШАЛГАРУУЛСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД 150-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Бид энэхүү төслийн хүрээнд хэд хэдэн зорилго тавьж ажиллаж байгаа. Санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортлогч болон экспортод чиглэсэн үйл ажиллагааны зардлын 50 хувийг санхүүжүүлнэ. Хувиар биш мөнгөөр авч үзвэл 150 сая төгрөг, кластерын хувьд 300 сая төгрөг хүртэл байна.

Түншлэлийн хөтөлбөр нь дөрвөн үе шатаас бүрдэх аж. Нэгдүгээрт, хүсэлт гаргах, бичиг баримтаа боловсруулж хүргүүлэх, хоёрдугаарт экспорт хөгжлийн төлөвлөгөө, бусад нотлох баримт илгээх шаардлагатай гэлээ. Мөн үнэлгээ хийх болон гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт тавих зэрэг төлөвлөлт хийсэн байна.

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙД:

–          Экспортын маркетинг хийх

–          Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологи, удирдлага нэвтрүүлэлт

–          Экспортын бүтээгдэхүүний чанарын удирдлага, сертификатжуулалтын ажил зэрэг юм.

Экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлж, өрсөлдөх чадвар, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд цар тахлын хүндрэлийг даван туулахад санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй дараа дараагийн боломжийг бий болгох эхлэл тавигдана гэсэн үг.

ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ БҮРТГЭЛИЙН ЦОНХ НЭЭГДЭЖ, ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ БИЗНЕС ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨХ П.МӨНХБАТ:

– Төслийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хамруулан цуврал хэлэлцүүлгүүдийг хийж байгаа. Тухайлбал, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээний үеэр зохион байгуулж, цахимаар шууд дамжуулалтаар хүргэж байна.

Түншлэлийн хөтөлбөр уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт руу чиглэж байгаа юм. Тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.

Хөдөө аж ахуйн салбарын нэгжүүд экспортлогч болох бүрэн боломжтойг тус төслийн багийнхан онцолсон юм. Иймд төр, хувийн хэвшил, салбар яамдыг холбогч гүүр болж дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ДӨРВӨН УДААГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН

Экспортыг дэмжих төслийг танилцуулах хүрээнд дөрвөн цуврал хэлэлцүүлгийг хийх бөгөөд өнөөдөр сүүлийн хэлэлцүүлэг нь болох юм. Хэлэлцүүлэгт тус төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа аж ахуйн төлөөллөөс гадна салбар яамны мэргэжилтнүүд оролцдог учир ихээхэн сонирхолтой өрнөдөг байна.

Эхний хэлэлцүүлэг нь махны экспортын гарц шийдэл сэдвийн хүрээнд. Хоёр дахь нь уул уурхайн бус салбарын эцсийн бүтээгдэхүүний экспортын боломжийн талаар. Гурав дахь удаагийн хэлэлцүүлэгт газар тариалангийн бүтээгдэхүүн зэргийг тусгайлан сонгож авсан байгаа. Харин өнөөдрийн сэдэв бол баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлын тухай юм. Хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд төсөлд хамрагдах сонирхолтой байгаа бусад аж ахуй нэгжүүд мэдээлэл авч, санал бодол, гарц гаргалгааг хамтдаа илэрхийлэх боломж бүрдсэн.

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭСЭЭ 50 ГАРУЙ ТӨРЛИЙГ НЬ 2024 ОН ГЭХЭД ЭКСПОРТОД ГАРГАНА

“ТРАСТ ТРЕЙД” ХХК-НИЙ МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА М.СОЛОНГО: 

-Манай компани олон улсад тавигддаг стандарт шаардлагуудыг хангасан, мах махан бүтээгдэхүүн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг. Одоогийн байдлаар Япон, Турк, Орос, Хятадад бүтээгдэхүүнээ экспортлон ажиллаж байна. Дотоодын зах зээлд борлуулж буй бүтээгдэхүүнүүдээсээ 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2024 он гэхэд экспортод гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Экспортыг дэмжих төсөл аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болохоос гадна дэлхийн зах зээлд экспортын хэмжээнд үйлдвэрлэгч болоход түлхэц үзүүлж байгаа гэж бодож байна. Үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт хүргэх шат дамжлаг бүр ажиллагаатай байхаас гадна, нарийн технологийн дагуу үйл ажиллагааг явуулахын тулд бид юуны түрүүнд стандарт, чанарыг гол болгож ажилладаг.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХАД ЯМАР НЭГЭН ХҮНД СУРТАЛГҮЙ БАЙСАН НЬ БОЛОМЖ ОЛГОСОН

“ХАНБОГД КАШИМЕР” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ГАНЦЭЦЭГ:

-Олон улсын стандартыг хангаж, экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдах процесс нь хялбар, ойлгомжтойгоос гадна ямар нэгэн хүнд сурталгүй байсан. Тавигдах шаардлагын тухайд хоёр жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан 100 хувь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байх. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний асуумжаар шалгуур хангасан байх, бусад нэгжүүдтэй туршлага хуваалцаж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсэн учраас боломжтой санагдаж хамрагдах хүсэлт гаргасан байгаа.

Уул уурхайн бус аж ахуй нэгжүүд тодорхой шаардлагыг хангасан бол төсөлд хамрагдах хүсэлтээ гаргахыг төслийн багийнхан зөвлөлөө. Мөн хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдаж, дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргахад шаардлагатай байгаа анхаарах зүйлс зэргийг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэх боломжтой гэсэн юм. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олон улсын стандартын шаардлагыг хангах нь хамгийн чухал. Олон улсын түвшинд дүйцэхүйц үйлдвэрлэл эрхлэхийн тулд та тус төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж, боломжуудыг судалж үзэх нь зүйтэй. Иймд та бүхэнд “Экспортыг дэмжих төсөл”-тэй холбоотой хэлэлцүүлгийн цахим холбоосыг хавсаргаж байна.

Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр 3.0” нээлтийн үйл ажиллагаа болон хэлэлцүүлэгтэй танилцах бол 2021 оны есдүгээр сарын 21-ны 14:00 цагаас доорх хуудсаар хүлээн авна уу

https://www.facebook.com/ExportDevelopmentProject/posts/1315086402276906

Махны экспортод тулгамдаж буй асуудал,түүний гарц шийдэл

https://fb.watch/8860vUwn2_/

Экспортын зах зээлд уул уурхайн бус салбарын эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, стратеги

https://fb.watch/885TNiTur8/

"Газар тариалангийн бүтээгдэхүүний экспортын боломж, төрийн бодлого, стратеги" сэдэвтэй хэлэлцүүлгийн шууд дамжуулалт

https://fb.watch/8869ofwf7i/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж