Цар тахлын улмаас уналтад орж, тэг зогсолтод орсон салбар бол аялал жуулчлал. Хэдийгээр хөл хорио тавигдаж, зарим улс руу агаарын хилээ нээсэн ч ойрын 1-2 жилдээ гадаадын жуулчдыг олноор нь хүлээж авах боломжгүйг салбарынхан онцлов. Учир нь олон улсад Монголыг халдварын өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад буй. Тиймээс гадаадын жуулчдын хувьд аялж байх үедээ Covid- 19 халдвар авчих вий гэх болгоомжлол байна.
Улсын онцгой комиссын баталсан журамд Монголд цар тахлын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүн ирж болно гэж тусгасан. Ингэхдээ долоо хоног тусгаарлалтад байсны дараа аялж болно. Энэ ганц өгүүлбэрээс өөр нарийн зохицуулалт, тодорхой үг, өгүүлбэр байхгүй.
Хэдийгээр аялал жуулчлалын улирал шувтарч байгаа ч ирэх аравдугаар сард болох Бүргэдийн баяраар цөөн тооны гадаадын жуулчин хүлээн авах боломжтой гэх саналыг тур агентуудын төлөөлөл хэлж байв. Зөвхөн Бүргэдийн баярт зориулсан маршрутын дагуу хөтөлбөрөө гаргаж, жуулчин хүлээж авна гэсэн үг. Ингэж цар тахлын нөхцөл байдалд дасан зохицож аялал жуулчлалын салбараа “амь оруулах” цаг болсныг хэлэв.
“АЮУЛГҮЙ АЯЛЛЫН ШОШГЫГ АВСНААР МОНГОЛЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭНЭ”
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгоод байна.
Тус төвийн Инновацийн хэлтсийн дарга О.Одгэрэл “Монгол Улс хил нээсэн гэх албан ёсны хууль дүрэм нь аялал жуулчлалын компаниудад тодорхой бус байна. Гадаадын жуулчдын хувьд Монголд цар тахлын тархалт нэмэгдэж, голомт болж байгаа учраас эрсдэл маш өндөртэй гэж үзэн болгоомжилж буй. Агаарын хил нээгдсэнээр ганц нэг аяллын компаниуд ангийн аяллын шугамаар цөөн тооны жуулчин хүлээн авч байгаа. Тэрнээс биш жуулчдыг олноор нь хүлээн авдаг тур агентууд ганц ч жуулчин хүлээж аваагүй. Одоо есдүгээр сар гарсан учраас хангайн бүсийн жуулчны баазууд эхнээсээ үйл ажиллагаагаа хаасан.
Мөн салбарын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран дэлхийн аюулгүй аяллын шошгыг олгох үйл ажиллагааг зохион байгуулсан. Одоогоор Монголоос найман байгууллага энэ шошгыг авсан. Энэ шошгыг авснаар аялал жуулчлалын салбар хурдан бөгөөд тогтвортой сэргэх үүднээс салбарын оролцогч талууд болох жуулчны бааз, зочид буудал, ресторан, агаарын тээврийн үйлчилгээ гэх мэт байгууллага халдвар хамгааллын шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ шошгыг олон байгууллага авснаар Монгол Улс аюулгүй бүс болж байна гэдгийг олон улсын хэмжээнд зарлаж, Монгол руу ирэх жуулчдын тоо нэмэгдэж, итгэлцэл үүснэ гэсэн үг” гэв.
"МОНГОЛ УЛС ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ГАДААДЫН ЖУУЛЧИН ОЛНООРОО ИРЭХ БОЛОМЖГҮЙ"
Монголд 500 гаруй тур оператор компани бүртгэлтэй байдгаас 200 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий.
Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Олон улсын судалгаанууд эхнээсээ гарч байна. Аялал жуулчлалын салбарын сэргэлтийн үеийг 2024 он гэж тооцоолсон. Гэхдээ цар тахлын тархалтаас шалтгаалж 2022, 2023 онд аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний өсөлт гарна. Монгол Улсын хувьд вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч халдварын тоо буурахгүй байна. Тиймээс Австрали зэрэг зарим улс орнууд Монголыг аюултай бүс гэж зарлаад буй. Тэгэхээр Монгол Улс хэчнээн хилээ нээсэн ч гэсэн гадаадын жуулчид олноороо ирэх боломжгүй юм.
Хамгийн гол нь улсаас гадаадын жуулчин татаж авах бодлогоо боловсруулаагүй, тодорхойгүй хэвээр байна. Гадаадын жуулчдын хувьд Монголд аялахдаа халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах, эрсдэлийн түвшин хэр байна, хэрвээ халдвар авбал хаана хандах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ, эмчилгээний зардлыг хаанаас гаргах вэ гэх мэт бодлого, журам тодорхой байхыг хүсч байгаа. Өмнө нь хил нээгдээгүй байхад хөдөлгөөнт карантин байдлаар аяллын маршрут гаргая гэж ярьж байсан.
Жишээлбэл, хотоос ойрхон Тэрэлжийг сонгож, хөдөлгөөнт карантин байдлаар маршрут гаргаснаар жуулчид нисэх буудлаасаа шууд Тэрэлж рүү явна. Эсвэл хотод байрладаг цөөн тооны зочид буудлуудтай хамтран өөр зочид хүлээн авахгүй байх, 6-8 давхартаа гадаад жуулчдыг авахаар тусгаарлах гэх мэт алхам болгоныг журмаар зохицуулах ёстой. Европын хил залгаа орнууд дотроо маш их аялж байна. Тухайлбал, Швейцарьт өдөрт 3000 тохиолдол гарч байгаа ч хүмүүс аялаад л байна. Тэдний хувьд тодорхрой хэмжээний дүрэм журамтай, сайн даатгалтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайтай учраас аялж болж байна” гэв.
“ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАНЦ Ч ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВААГҮЙ”
Ингээд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг хүргэе.
“ХӨВСГӨЛ ЭКО ТУР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ О.МӨНХНАСАН:
-Манай компанийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ганц ч гадаадын жуулчин хүлээж аваагүй. Ажлын байрны хувьд ч маш хүнд байдалтай байна. Мэдээж Монголд аялах сонирхолтой цөөн тооны жуулчдаас хүсэлт ирж байгаа ч компаниудын хувьд эрсдэлээ тооцоод авч чадахгүй байгаа. Аялал жуулчлалын улирал шувтарч байгаа ч өвлийн улиралд цөөн тооны жуулчин хүлээж авах боломжтой.
“ӨГИЙ” ЖУУЛЧНЫ БААЗЫН ЗАХИРАЛ Р.ЭНХБАЯР:
-Манайх жуулчны бааз ажиллуулдаг компани. Цар тахлын улмаас хоёр жил ажиллаагүй. Ирэх жил ч гадаадын жуулчид Монголд ирэхгүй юм шиг байна. Манайх өмнө нь жилдээ дэлхийн 20-иод улсаас 700-800 жуулчин хүлээж авдаг байсан. Манайх Өгийнуур орчимд таван жуулчны баазтай ч хоёр жилийн хугацаанд ганц ч гадаад жуулчин хүлээж аваагүй. Гэхдээ энэ цагийг зөв ашиглан ажлын байраа хадгалж авч үлдэхээр жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн боловч зээл авч чадаагүй. Манай компанийн хувьд ажлын байраа хадгалж, баазаа өргөтгөх зориулалтаар зээл авахаар ном журмынх нь дагуу хандсан боловч зээлд хамрагдаагүй.
Дэлхийн улс орнууд цар тахалтай зэрэгцэн амьдарч байна. Монгол ч гэсэн аялал жуулчлалын салбараа сэргээж, гадаадын жуулчдаа тодорхой хугацаагаар ажиглан тусгаарлаж, аялуулах боломжтой гэж харж байна. Гэвч цар тахлын тархалт буурахгүй эсрэгээрээ нэмэгдэх боллоо. Нэг хэсэг горьдлого төрүүлж байсан ч эргээд дельта хувилбарын давалгаа эхэллээ. Цар тахлын өвчлөл намдвал гадаадын жуулчдаас Монголд аялах хүсэлт ирэх болов уу гэж горьдож сууна.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр 2020 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Монгол Улсад ирэх гадаад орны жуулчдын тоо өмнө оны мөн үеийнхтэй харьцуулахад 84 хувь, аялал жуулчлалын салбарын орлого 94 хувиар буурсан дүн гарчээ.
Холбоотой мэдээ