Энэтхэг, Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөө, түрэмгийлэл хүчээ авч, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа явдалд санаа зовнин, чадах бүхнээрээ эсэргүүцэх байр сууриараа нийтлэг АНУ, ИБУИНВУ, Австрали улсууд хүчээ нэгтгэхээр болсон. Гэвч тэдний байгуулсан гэрээ Францыг “гомдоож”, Умард Солонгосыг сандаргажээ.
"АУКУС" ГЭРЭЭ
Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 15-нд АНУ, Нэгдсэн Вант улс, Австрали гурван улсын эрх баригчид хуралдаж, Хятадын түрэмгийллийн эсрэг орчин цагийн цэрэг армийн дэвшилтэт технологийн туршлага, мэдээллээ хуваалцаж байхаар тохиролцсон билээ. Гэрээний дагуу гурван улс хиймэл оюун ухаан, квант технологи, цахим техник гэх мэт шинжлэх ухааны шинэ ололт амжилт, хөгжил дэвшлийг цэрэг армийн зориулалтаар хэрхэн ашиглаж болох тухай санал, туршлагаа нээлттэй солилцож байхаар болов. Мөн үр дүнд нь Австрали холбоотнуудынхаа туршлагад үндэслэн өөрсдийн гэсэн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой долоо дахь орон болох боломжтой болсон юм.
ФРАНЦ ДУРГҮЙЦЭВ
Дээрх гурван улсын байгуулсан гэрээ Парисыг гомдоож орхижээ. Учир нь юу гэвээс, Австрали өмнө нь Францаар шумбагч онгоц бүтээлгэх 90 тэрбум австрали долларын гэрээтэй байжээ. Гэвч АНУ, Нэгдсэн Вант улстай байгуулсан "Аукус" гэрээнээс болж Австрали Францтай хэлэлцсэн тохиролцооноосоо буцаж, шумбагч онгоц бүтээлгэхээ больчихсон аж. Уг нь 2016 онд байгуулсан өмнөх гэрээний хүрээнд Франц Австралид зориулж 10 гаруй цахилгаан, дьезел хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээгээд эхэлчихсэн байжээ.
Хамгийн гол нь Австрали, Нэглсэн Вант улс АНУ аль нь ч дээрх гэрээнийхээ тухай Парист урьдчилж огт сануулалгүй байж. Ялангуяа Австралийн эрх баригчид "Аукус" гэрээг байгуулахаас хэдхэн хоногийн өмнө Францын төлөөлөгч нартай уулзаж байхдаа өөр гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа талаараа огт дурсаагүй гэнэ.
Тиймээс ч Парис нөхцөл байдлын талаар хэлэлцэхийн сацуу холбоотнуудынхаа дээрх үйлдэлд асар ихээр дургүйцэж байгаагаа илэрхийлэн Канберра, Вашингтон хотуудаас Элчин сайд нараа татжээ. Тэгэхдээ Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан “Ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтийн дагуу би нэн даруй АНУ, Австралид суугаа Элчин сайд нараа зөвлөгөөнд дуудаж байна. Зөвлөгөөнөөр энэ сарын 15-нд АНУ, ИБУИНВУ, Австрали гурвын байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ. Аукус гэрээнээс болж Канберра, Парисын 2016 онд тохиролцсон шумбагч онгоцны төсөл орхигдож байгаа нь түншүүдийн хувьд хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл. Үүний үр дагавар бидний холбоо, түншлэл, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн ач холбогдолд сөргөөр нөлөөлнө” гэжээ.
АВСТРАЛИ ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨВ
Харин Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Паристай хийсэн тохиролцооноосоо буцсан шийдвэрээ өмгөөлж, Францаар шумбагч онгоц бүтээлгэх тохиролцоо Австралийн талд их хохирол учруулж байсан гэх шалтгаан хэлжээ.
Тэрбээр “Австрали Францтай хүрсэн тохиролцооноосоо буцсандаа огт харамсахгүй байна. Бид хэдэн сарын өмнөөс Парисын бүтээж өгч буй шумбагч онгоцны чанарт эргэлзэж эхэлсэн юм. Харин АНУ-ын амласан цөмийн хөдөлгүүрт шумбагчууд бидний ашиг сонирхол, Энэтхэг, Номхон далайд баримталж буй бодлогод илүү нийцсэн. Тиймээс бид тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө байлдааны өндөр чадвартай техникийг илүүд үзсэн хэрэг. Францад онцгүй санагдаж байгааг ойлгож байгаа ч Австралийн хувьд бидний өөрсдийн үндэсний ашиг сонирхол ямагт нэгдүгээрт байх болно” гэж ярьжээ.
Харин Хятадын талаас дээрх гэрээний тухай ямар нэг байр суурь хараахан илэрхийлээгүй байгаа юм.
ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРТ ШУМБАГЧ ОНГОЦ
Ажиглагчдын үзэж байгаагаар цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Австралийн эргээс илүү хол зайнд илүү удаан хугацаагаар байрлаж, илүү их байлдааны хүчин чадал харуулж чадах юм. Ялангуяа өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулахад нэн тохиромжтой гэсэн үг аж. Тиймээс ч энэ давуу тал Тайвань, Японы эргэн тойрныг онцгой анхаарч, Хятадын булаалдаж буй газар нутгийг чөлөөлөх чин сонирхолтой байгаа АНУ тэргүүтэй холбоотнуудын ашиг сонирхолтой яв цав нийцэж байгаа юм.
Ийнхүү "Аукус" гэрээний үр дүнд Австрали цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой дэлхийн долоо дахь орон болох юм. Энэ төрлийн шумбагч онгоц бусад шумбагчийг бодвол дайсанд барагтай бол баригдахгүй, маш хурдан, далайн гүнд хэдэн сараар ч байрлах боломжтой, пуужинг илүү алсын зайнд харвах чадвартайгаараа илүү. Гэхдээ Австралийн хувьд шумбагчаасаа цөмийн пуужин харвахгүй нь мэдээж юм.
Одоогийн байдлаар цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц АНУ-д 68 байдгийн 14 нь баллистик пуужин харвах чадвартай, ОХУ-д 29 байдгийн 11 нь баллистик пуужин хөөргөх чадвартай, Хятадад 12 байдгийн зургаа нь баллистик пуужин харвадаг, Нэгдсэн Вант улсад 11 байдгийн дөрөв нь баллистик пуужин харвадаг, Францад найм байдгийн дөрөв нь баллистик буужин харвадаг, Энэтхэгт баллистик пуужин харвах чадалтай нэг байдаг аж.
БНАСАУ ХОШУУ ДҮРСЭН НЬ
Азийн орнууд "Аукус" гэрээний ач холбогдлын талаар ихэд сонирхон хэлэлцэж байгаа энэ үед БНАСАУ бас хоцрохыг хүссэнгүй. Тэдний үзэж байгаагаар энэ гэрээ олон улсад цөмийн өрсөлдөөн үүсгэх аюултай гэнэ.
Тухайлбал, Пёньяны өндөр албан тушаалтнууд энэ талаар “Аукус" гэрээ бол байж боломгүй маш аюултай гэрээ”, “Энэ гэрээ Ази, Номхон далайн тогтвортой байдлыг үгүй хийнэ”, “Пёньяан АНУ-ын энэ үйлдлийг маш нарийн ажиглаж байгаа. Хэрвээ үүнээс болж БНАСАУ-ын аюулгүй байдалд өчүүхэн ч гэсэн заналхийлэл тулгарвал зүгээр суухгүй” гэх мэтээр байр сууриа илэрхийлжээ.
Түүнчлэн Умард Солонгосын эрх баригчид “Аукус" гэрээ нэгнийхээ ар нуруунд хутга шаасан хэрэг боллоо. Үүнээс болж холбоотнуудын хооронд нөхөж барамгүй хагарал үүсэх вий” гэж хошуу дүрэхээ мартсангүй.
Эх сурвалж: BBC CNN EURONEWS
Холбоотой мэдээ