“Хүү минь цаг минуттай уралдан амьдралын төлөө тэмцэж байна” | News.MN

“Хүү минь цаг минуттай уралдан амьдралын төлөө тэмцэж байна”

“Хүү минь цаг минуттай уралдан амьдралын төлөө тэмцэж байна”

“Хүү минь цаг минуттай уралдан амьдралын төлөө тэмцэж байна”

Б.Мөнхбаяр хүү  2021 оны долоодугаар сард гэрийнхээ буйдан дээрээс санамсаргүй унаж тархиндаа хүнд бэртэл авч улмаар тархины 70 хувь нь үхжсэн гэх оноштой үхэлтэй тэмцэж явна. Тэдний хувьд гадаадад эмчлүүлэхээс өөр сонголтгүй учир сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ тусламж хүсч, хандив цуглуулж буй. Бид Б.Мөнхбаярын аав Б.Баяртүвшинтэй ярилцлаа.


-Юуны өмнө харамсалтай байна. Хүү нь санамсаргүй байдлаас болж хүнд гэмтсэн байна. Тухайн өдөр яг юу болсон бэ?

-Тухайн өдөр манай хүүхэд ах эгч хоёртойгоо тоглож байгаад 30 см орчим өндөр буйдан дээрээс ар дагзаараа савж унасан байсан. Тухайн үед ээж нь гал тогоонд хоол хийж байх хооронд хүүгээ уйлахыг сонсоод очиход дээшээ хараад уйлж байсан гэсэн. Ээж нь авч, аргадан унтуулсан юм. 30 минутын дараа сэрэхдээ маш чанга уйлаад тэврэхээр хойшоо гэдийгээд зовиутай байгаа нь мэдэгдсэн учир түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 30-40 минутад ирж, хүүг маань үзээд "зүгээр тархи нь хөдөлсөн байна" гээд тоогоогүй. Хэрэв бөөлжөөд байвал дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очиж бөөлжилтийн эсрэг тариа хийлгээрэй л гэсэн. Тэгээд хүүгээ аваад эмнэлэгт тариа хийлгэх гээд очтол эмч нь маш том хэмжээний харвалттай хүүхэд байна гээд Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч цаг алдсан учраас зүүн тархин нь тэр чигтээ ажиллагаагүй болсон.

-Одоо хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Миний хүүг хагалгааны дараа долоо хоног ч тэсэхгүй гэж эмч нар хэлж байсан ч хоёр сар гаран амьдралынхаа төлөө тэмцэж байна. Хүүд маань хийсэн ийм хүнд хагалгааны дараа ингэж амьдралын төлөө тэмцэж байсан тохиолдол хараагүй гээд эмч нар хэлсэн. Өнөөдөр ч миний хүү амьдрахын төлөө үхэлтэй тэмцэлдэж байна.

-Одоо хүүгийн эмчилгээг гадаадад хийхээс өөр сонголтгүй гэсэн. Гадагшаа явах хүртэл эмчилгээг нь Монголд үргэлжлүүлэх боломжтой юу?

-Монголд үргэлжлэн эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Энд хийх эмчилгээ дууссан байгаа. Одоо гадны улс орон руу тархи нөхөн сэргээх эмчилгээнд явах ганц боломж л үлдсэн. Гэхдээ тархины эмчилгээ их өндөр үнэтэй байдаг юм билээ.

-Гадаадад тархины нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд хэдий хэмжээний зардал гарахаар байна. Та бүхэн гадаадын аль улсын, ямар эмнэлэгт хандав?

-Тархины эмчилгээ нь өөрөө хэдий хэр хугацаатай үргэлжлэх нь тодорхойгүй байдаг юм байна лээ. Нэн түрүүнд БНСУ-д тархи нөхөн сэргээх нэг сарын эмчилгээний төлбөр 800-900 сая төгрөг болно гэсэн хариу өгсөн. Тэгээд л сайхан сэтгэлт монголчуудаасаа тусламж хүсч  байна.

-Олон нийтийн сүлжээнд хандивын мэдээлэл тавигдсан байсан. Одоогоор хэдий хэр хандив цуглаад байгаа вэ?

-Тийм ээ, олны танилуудын маань ачаар хандив цугларч байгаа. Одоогоор эмчилгээний зардлын 5 хувь нь л цугласан байна даа. Бид бас өөрсдийн бүхий л боломжоороо зардал, мөнгө хайж, олох арга замыг эрэлхийлсээр л байна. Сайхан сэтгэлт Монголын ард түмэн минь бяцхан хүүд минь амьдрал хайрлаж, хандивын гараа сунгахыг эцэг хүний хувьд гуйж байна.

М.БАТЗАЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

насаа 2021-09-20 103.143.40.149

Хүүхдүүдээ сайн харж хандаж байгаарай бурхан минь хурдан эдгээд эрүүл саруул болоорой

Avatar

зо 2021-09-20 103.143.40.149

харамсалтай юмаа

Avatar

ҮНЭН 2021-09-20 192.82.72.74

бурхан минь миний нэг найзын 5 настай хүү бас унаад сүйд болсон шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж