У.Хүрэлсүхийн хуулийн засаглал эхлэв!

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн хуулийн засаглал эхлэв!

У.Хүрэлсүхийн хуулийн засаглал эхлэв!

Владивостокт зохиогдсон Дорнын эдийн засгийн форум болон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад цахимаар үг хэлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор Нью-Иоркт очжээ. Төрийн тэргүүнийхээ хувиар анхны гадаад томилолтдоо “төвийг сахисан” бодлого баримталсан нь эдийн засагч Н.Энхбаярын олон улсад болж буй үйл явдлаас дүгнэсэнчлэн "Олон туйлт ертөнц бий болох гэдэг ойлголт бүдгэрч, дахин  хоёр туйлт ертөнц бүрэлдэн тогтож болзошгүй” нөхцөлд энэ нь хамгийн зөв нүүдэл байж мэдэх юм.

Товчхондоо, ах дүү болж саймшрах, аль эсвэл анти чайна үзэл гаргах цаг лав биш. Эдийн засаг талаасаа, гадаад бодлогын тухайд ч.

Нөгөөтэйгүүр, монголчууд тусгаар тогтносон улсаа дэлхийд тунхагласны 60 жилийн ой энэ жил тохиож байна. 1961 онд Монгол Улс НҮБ-д албан ёсоор элссэн. Сүүлийн дөрвөн жилийг эс тооцвол Монгол Улс Төрийн тэргүүний хэмжээнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад оролцож, үг хэлдэг байлаа. Гэх мэтчилэн Х.Баттулгын үед тэг зогссон гадаад бодлогыг гацаанаас гаргахаас гадна хувь хүний биш хуулийн засаглалыг хэрэгжүүлэх дээр У.Хүрэлсүх багагүй анхаарч байх шиг.  Төрийн зохицуулалттай эдийн засгийг хөгжүүлнэ, хувь хүний өмчийг хураана гэж айлгадаг байснаа бодвол шүү дээ.

Ерөнхийлөгч  НҮБ руу явахынхаа урьд орой допингийн хэрэгтээ бөхчүүдийн цолыг хураах зарлиг гаргаж, бөхчүүдэд оноосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь нэг ёсондоо шударга ёс тогтоосон үйлдэл байв. Нутаг, нугын ах, дүү гэж саймширалгүй зориг нь болоод ухаан хүрсэн нь баярлууштай.

Ямартай ч өнгөрсөн 2019 оны наадмаас хойш бүтэн хоёр жил зарга, шүүлэг болсон үндэсний бөхийн хэрүүлд цэг тавьж чадлаа.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ ч, Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч хэдхэн зүйл амалсан.

  • Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээлэдэг Ерөнхийлөгч байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаална.
  • Би монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
  • Гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.
  • Хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.

Үүнээс цааш явах газар үгүй гэгчээр  хувь улстөрчийн карьерын хамаг том өндөрлөг дээр очсоны хувьд улс төр, шүүх засаглалд реформ хийж чадах юм бол хүссэн хүсээгүй нэр нь түүхэнд үлдэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр “…Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай хүсэлтийг өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад гардуулж байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээс У.Хүрэлсүх татгалзсан нь хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөөх эхлэл нь болов.

Хувь хүний засаглалаа хадгалах гэсэн экс Ерөнхийлөгчийн гомдлыг эргүүлэн татсанаар шүүхийн шинэлчлэлт гацаанаас гарч байгаа.  Тэрчлэн улс төрийн хилс хэргээр ял шийтгэл хүлээсэн М.Энхсайханд уучлал үзүүлсэн нь улс төрийн хувьд нэмэх оноо авчирсан. Одоо масст таалагдах шаардлага түүнд байхгүй.  Монголын номер нэг улстөрч болсны хувьд дабль стандарттай даргын нийгмийг биш  ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулаад өг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
15
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж