Сурвалжлага: Иргэд 3500 төгрөгөөр АИ-98 авч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд 3500 төгрөгөөр АИ-98 авч байна

Сурвалжлага: Иргэд 3500 төгрөгөөр АИ-98 авч байна

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж үнэ өсөх сургаар савлагаатай байгаа автобензиний асуудал өдөр ирэх бүрд иргэдийг сандралд автуулж байна. Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдэл гаргаж есдүгээр сарын 14-нд Монгол Улсын шатахууны нөөц дунджаар 28 хоног байгаа. Иргэдийн дунд цуурхал гарч, хөөрөгдөл үүсч байна гэх тайлбарыг өгсөн. Гэвч өнөөдөр /2021.9.20/ нийслэлийн шатахуун түгээх станцуудад АИ-92 болон АИ-95 бензин орлого ирэхгүй байгаа гэх шалтгаанаар тасалджээ.

Тухайлбал, төвийн болон гэр хорооллын захын 6-8 клонкоор ороход ганц нь л 20 мянган төгрөг дотор нэг удаа авах квот тогтоожээ. Түгээгчид мэдээлэл өгвөл байгууллагын зүгээс хариуцлага тооцно гэсэн учир бид очсон байршлуудыг нууцалж, нөхцөл байдал ямар байгаа талаар яриаг авсан юм.

"СОД МОНГОЛ": ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮСТ ГУЙВАЛ 10-20 МЯНГАН ТӨГРӨГТ АИ-92 ӨГЧ БАЙНА

"Сод Монгол"-ын шатахуун түгээгүүрт хоёр өдрийн өмнөөс эхлээд АИ-92 орлого багасч, ирэхгүй болжээ. "Манай аль ч салбарт одоогоор АИ-92 байхгүй. Гэрээт байгууллага, түргэний машин зэрэг албан шаардлагатай машинд 30 мянга хүртэлх төгрөгт АИ-92 өгч байна. Хүмүүс өчнөөн газраар явлаа, олдохгүй байна гэхээр арга буюу 10, 20 мянган төгрөгт өгөхөөс өөр сонголт алга. Үнэ нэмнэ гэсэн мэдээлэл бидэнд өгөөгүй. Цаанаас татан авалт багасч, иргэдийн эрэлт нэмэгдсэн учир тасарч байна гэдэг тайлбар л өгч байна. Би түгээгч болохоос байгууллагад ямар асуудал үүссэн зэргийг хэлж мэдэхгүй" гэлээ.

Бидний очсон шатахуун түгээх газрууд бүгд "АИ-92 байхгүй", "зарахгүй", "дууссан" гэх бичиг нааж, түгээгчид нь "бензин байхгүй шүү" гэж чанга дуугаар хэлж байв.

"ШУНХЛАЙ": ҮНЭ НЭМЭХГҮЙ, ТАТАН АВАЛТ БУУРСАН, БАЙГААГАА Л ЗАР ГЭСЭН

Харин Шунхлайгаар ороход "АИ-92, АИ-95, Дизель түлшний аль нь ч байхгүй. Тасалдсан зүйл байхгүй. Орлого л оройтож ирж байна. Өчигдөр оройноос эхлээд манай салбарт бензин, дизель аль нь ч алга. Гэхдээ үнэ нэмэх гээд ингэж таслаад байна уу гэхээр үгүй. Татан авалт буурсан л гэж дээрээс хэлсэн. Иргэдэд үнэ нэмэхгүй, татан авалт буурсан гээд нөхцөл байдлынхаа үнэнг хэл. Тэгээд байгаа бензинээ л зар гэсэн. Ямар нэгэн удирдамж, үүрэг, чиглэл өгөөгүй. Одоогоор захиалгаа өгчхөөд орлого хэзээ ирэх бол гээд л хүлээгээд байж байна" гэв.

Шунхлайн төвийн салбарын аль ч цэгт АИ-92 зарахгүй байгаа аж. Гэрээт байгууллагын машиндаа ч өгөх нөөцгүй болсон гэсэн юм.

"ПЕТРОВИС": ЗӨВХӨН КАРТТАЙ, ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН МАШИНД БЕНЗИН ӨГӨХ УДИРДАМЖ ГАРГАСАН

Томоохон шатахуун түгээх компаниудын аль ч салбарт АИ-92 дууссан учир "Петровис" компани өчигдөр байгууллагын дотоод удирдамжийг боловсруулжээ. Тодруулбал, тус компани хөнгөлөлтийн карттай байнгын хэрэглэгч нартаа болон гэрээт байгууллагын албаны автомашинд л зөвхөн АИ-92 бензинийг өгөх зохицуулалт хийжээ. Энэ талаар салбарын эрхлэгч нараас асуухад "Манай бүх салбарт өнөөдөр өглөө АИ-92 дууссан. Орлого захиалгын хэсгээс харвал цэгүүд 16-32 мянган тонн шатахуун захиалсан байна. Ердийн буюу ачаалалгүй үед манай салбар 13-16 тонн бензин л агуулахаас захиалдаг. Гэхдээ үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа учраас удирдамж гаргаж, зохицуулалт хийхээс өөр арга байсангүй. Бид дээрээс өгсөн үүрэг, даалгаврын дагуу л ажиллана"  гэсэн тайлбарыг өглөө.

Бид хотын төвийн болон захын шатахуун түгээх арваад газраар ороход зөвхөн "М-Ойл"-ын салбар клонк АИ-92 зарж байлаа. Хүмүүсийн эрх ашгийг хүндэтгэж, нэг машинд 20 мянган төгрөгөөс дээш дүнд өгөхгүй байгаа гэсэн юм.

АИ-92, АИ-95 бензин хайсан иргэд олон газраар очсон ч горьдлого тасарч, эрэл мухардсан учир 3500 төгрөгийн үнэтэй АИ-98 автобензинийг авахаас өөр сонголтгүй болжээ. Хэлсэн мэдэгдэл, гаргасан албан хариу нь амьдрал зөрж байгаа талаар  АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад:

ИРЭХ САРЫН 1-Н ХҮРТЭЛ ТАТАН АВАЛТТАЙ ХОЛБООТОЙ ТАСАЛДАЛ ҮҮСНЭ

-Өнөөдөр өглөө аж ахуй нэгжүүдтэй бодит нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Үнэ нэмэх асудал гараагүй. Иргэдийн эрэлт нэмэгдэж байгаа учраас хил гаалийн асуудалтай холбоотойгоор хангалттай хэмжээнд түгээлт өгөхгүй байна. Улсын хэмжээнд шатахууны нөөц ямар байгааг дунджаар гаргасан. Одоо орон нутаг болон компани тус бүрээр нөөцийн бодит нөхцөл байдлыг тодорхойлно. ОХУ-ын Роснефтийн үйлдвэрийн ажил хэзээнээс хэвийн явагдах, импорт хэвийн үргэлжлэх эсэхийг тодруулахаар Орос руу төлөөлөгчид явсан. Мөн БНХАУ-аас шатахуун импортолж авах ажлыг яаравчилж байна. Ирэх сарын 1-н хүртэл татан авалттай холбоотой тасалдал үүснэ. Бид шат дараатайгаар асуудлыг зохицуулахаар ажиллаж байна. АИ-95 бензинийг 100 төгрөгөөр нэмэх шаардлагагүй байсан учир албан мэдэгдлийг аж ахуй нэгжүүдэд хүргүүлээд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж