Мэргэжлийн боксын домогт тамирчин, Филиппиний супер од Мэнни Пакьяо 2022 оны улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Өчигдөр/2021.09.20/ тус улсын "PDP-Laban" намынхан их хурлаа хийж, Пакьяог ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор дэмжжээ.
Өдгөө 42 настай Мэнни Пакьяо “Би бол тулаанч. Рингний гадна ч, дотор ч тулаанч хэвээрээ байна. Бидэнд ард түмэндээ шударга, энэрэнгүй, ил тод байдлаар үйлчилдэг Засгийн газар хэрэгтэй. Би Бүгд Найрамдах Филиппин улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх саналыг хүлээн авч байна” гэж шууд дамжуулалтын үеэр ярьжээ.
Их спортоосоо зодог тайлах талаар бодож буй тэрбээр хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр Куба боксчин Йорденис Угастай тулалдаж, ялагдал хүлээсэн билээ. Мэнни тамирчны замналынхаа турш 72 тулаан хийснээс 62 ялж, 8 ялагдаж, хоёр тэнцэж байв. Түүний нийт хөрөнгө 220 сая ам.доллар гэнэ. Энэхүү үзүүлэлтээрээ тэрбээр хамгийн ашиг орлого олсон боксчдын жагсаалтын гуравдугаарт буюу Флойд Мэйветер, Жор Формэн нарын араас жагсдаг аж.
Холбоотой мэдээ