Парламентын сонгуульд Путины нам ээлжит ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Парламентын сонгуульд Путины нам ээлжит ялалтаа авлаа

Парламентын сонгуульд Путины нам ээлжит ялалтаа авлаа

ОХУ-ын парламентын ээлжит сонгууль боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эрх баригч Нэгдсэн Орос нам парламентийн сонгуульд дахин ялалт байгуулж, олонх суудлыг авах бололтой. Гэсэн ч сөрөг хүчнийхэн зүгээр суусангүй. Сонгуулийн санал тоолоход будилаан гарсан, луйвар болсон гэх мэтээр маргаан дэгдээж байна.

Санал хураахаас өмнө ажиглагчид Нэгдсэн Орос нам дахиад ялалт байгуулна гэдгийг таамаглаж байлаа. Учир нь Кремль хамгийн хүчтэй сөрөг хүчнүүдийг сонгуульд оролцохыг хориглосон юм. Түүнээс гадна зарим эх сурвалжууд эрх баригч намыг хүчээр өөрсдийнхөө талд санал хураасан, саналын хуудсууд дунд өөрсдийнхийгөө шургуулсан зэргээр маргах болжээ.

Гэсэн ч сонгуулийн хороо дээрх маргаануудыг эрс няцаасаар байгаа аж.

Эхний шатанд нийт саналын 40 хувийг тоолсны дүнд комисс Нэгдэн Орос нам 45 гаруй хувийн санал цуглуулаад буйг зарлажээ.

ОХУ-ын Риа мэдээллийн агентлагийн явуулсан судалгаанаас харахад ч эрх баригч нам 45.5 хувиас дээш санал авна гэх таамаглал хэзээнээсээ иргэдэд байжээ.

Санал хураалт өчигдөр/2021.9.19/ үдэш хаагдсанаас хойш ийнхүү эхний ээлжийн дүн гарч, Нэгдсэн Орос нам ялалтаа тунхаглав. Төрийн мэдээллийн телевизийн нэвтрүүлэгт Нэгдсэн Орос намын өндөр албан тушаалтан Андреий Турчак Москва хотын сонгогч олон баяр хүргэж, цэвэр шударгаар ялалтад хүрсэн талаараа ярьжээ.

Гэхдээ харьцуулж үзвэл, эрх баригч нам хэдийгээр парламентад олонх суудлаа хялбархан хадгалж чадсан ч нийт дэмжигчдийнхээ 20 орчим хувийг алдсан аж. Тухайлбал, 2016 онд тус нам 54 хувийн санал авсан гэнэ.

Алексей Навальныйг шоронд хорьсон гэх мэт асуудлаас болж ийнхүү Владимир Путины дэмжигчдийн тоо хорогдсон байж магадгүй юм. Гэхдээ Путинг барууны эсрэг зогсон үндэсний бахархлаа сэргээн хамгаалсан гэж үнэлдэг хүмүүс ч олон үлдсэн бололтой.

Удаан үргэлжилсэн парламентын сонгууль эцэст нь ийн өндөрлөв. Гэхдээ сонгууль анхнаасаа шударга бус болсон гэж үзэх шүүмжлэгч маш олон байна. Жишээлбэл, сөрөг хүчний том төлөөлөгчдийг, шоронд хорьж, сонгуульд оролцохыг нь хориглох зэрэг аргаар цэвэрлэсэн бөгөөд цар тахлаар шалтаглан санал хураалтыг гурван өдөр үргэлжлүүлсэн нь сонгуулийн үйл явцыг хялбархан урвуулах шалтгаан болсон гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

Түүнчлэн олон орон нутгаас санал хураалтын явцад хууль бус үйлдлүүд ажиглагдсан талаар мэдүүлжээ. Харин сонгуулийн хорооны дарга дээрх бүх шүүмжлэлийг гадаадаас санхүүжсэн зохион байгуулалттай, нарийн төлөвлөгөөтэй кампанит ажлын нэг хэсэг болсон ухуулга гэж тайлбарлав.

Мөн нийт 14 нам оролцсон эл сонгууль энэ удаад анх удаа хэд хэдэн хотод цахим санал хураалт нэвтрүүлсэн, эрх баригчдын хязгаарлалтуудын улмаас 1993 оноос хойш анх удаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид ирж оролцоогүй зэрэг нь шүүмжлэгчдэд улам эргэлзээ төрүүлжээ.

Эх сурвалж: RT.COM BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж