Төрийн албанд ялгаварлан гадуурхалт их байна

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Төрийн албанд ялгаварлан гадуурхалт их байна

Төрийн албанд ялгаварлан гадуурхалт их байна

Цар тахлын үед хүний эрх хөсөр хаягдаж, ажлын байрны дарамт гаарсныг Шүгэл үлээх цахим Монголын анхны платформ олон нийтийн МАBA  НҮТББ –аас мэдээлж буй. Тус төрийн бус байгууллага нь үйл ажиллагаа явуулаад ердөө ганцхан сарын дотор 426 гомдол хүлээн авчээ. Иргэдийн гомдол мэдээлэл, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Шүгэл үлээх цахим Монголын анхны платформ олон нийтийн МАBA  НҮТББ –ын тэргүүн Олон улсын хуульч  Ж.Ойнмандахтай ярилцлаа.


Шүгэл үлээх цахим Монголын анхны платформ олон нийтийн МАBA  НҮТББ-д ихэвчлэн ямар гомдол мэдээлэл ирж байна?

-Ажлын байрны дарамттай холбоотой гомдол мэдээлэл маш их ирдэг. Удирдах албан тушаалтнууд ажилтнаа загнаж хэл амаар доромжлох нь энүүхэнд. Гар хүрч, зоддог тухай мэдээлэл ч бий. Хөдөлмөрлөх эрхийн цаана хүний эрх яригдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүст нийгэмд үнэлэгдэх ажил нь алга. Засгийн газар иргэддээ өдрийн 20 мянган төгрөгийн ажил санал болгодог. Бодит байдал дээр  энэ мөнгө амьдралд хаана ч хүрэхгүй.  Нэг айлын сарын хэрэглээний зардал 600 мянган төгрөгөөс нэг сая төгрөг гэж тооцвол  600 мянган төгрөгийн цалингаар яаж амьдрах билээ. Ийм байхад төр ажлын байр бэлэн атал ажиллах хүн олдохгүй, архи уудаг зэргээр иргэдээ үнэлж болохгүй. Эрх баригчдын гаргасан судалгаа нь ул суурьтай биш, үндэслэлгүй, бодит амьдралтай зөрчилдөж байгаа болохоор ажиллах хүчний асуудал үүсч байгаа юм.

Төрийн байгууллагатай холбоотой гомдол мэдээлэл хэр их байна вэ?

-Том дүр зургаар харвал төрийн захиргаанд ажиллах соёл хувийн хэвшил рүү нүүдэллэж байна. Энэ нь дарга нарын хүүхдүүд, эхнэр, хамаатан садан нь бизнес эрхэлж төрийн соёлыг бизнест нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн дарамт шахалт, ёс зүйгүй зан авир, үйлдэл, дурын хүнээ ажилд авч бас халдаг ийм үзэгдэл бизнесийн салбарынханд нийтлэг боллоо. Улмаар бизнес бол ашгийн төлөө ёс-зүйтэй байх зарчмыг эвдэж байна.

Бизнесийн салбар буюу хувийн хэвшлийн байгууллагуудаас ирсэн гомдол мэдээлэл дунд, ажлын байрны дарамттай холбоотой асуудлаар гомдол гаргасан хүнийг компанийн зүгээс  сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлтийг Сэтгэц мэдрэлийн үндэсний төвөөс гаргуулдаг болчихлоо. Энэ нь хүний эрхийг зөрчиж буй маш ноцтой үйлдэл.

Нөгөөтэйгүүр төр хуучинсаг соёлоосоо салах ёстой. Төрийн соёлыг дээшлүүлэх нь урт хугацааны ажил. Уг нь бидний ажил биш, иргэний нийгмийн байгууллагууд оролцох ёстой. Төр өөрөө манлайлж зөв аргачлалаар шинжлэх ухааны үндэслэлтэй соёлыг сайжруулж шинэчлэх хэрэгтэй.

Даанч соёлтой нь тэмцэхгүй хүмүүстэй тэмцэж байгаа нь буруу арга гэж харж байна. Тухайн ажилтан, албан хаагчидтай хариуцлага тооцож арга хэмжээ тооцож аль эсвэл ажлаас нь халдаг. Соёлыг сайжруулахын тулд менежмент хэрэгтэй.

Хэдийгээр бидэнд хол сонсогдож болох ч бид менежмент хийж, нэвтрүүлэх нь чухал. Уг нь ёс зүйн зөвлөлийгБ.Бат-Эрдэнэ аварга ахадаг ч шинжлэх ухаанч ажиллахгүй байна. Нэг удаа ч болов ёсзүйн комплайнс яригдахгүй байна. Зан байдлын шинжлэх ухаан яригдахгүй, байгууллага бүрт ёс зүйн дүрэм яригддаггүй. Ёс зүйн хороо нь дүрэм батлачихад шийдчихнэ гэж боддог нь хуучны сэтгэлгээ. Гэтэл бидний өнөөгийн нөхцөл байдал нь ахисан түвшинд шинжлэх ухаанчаар шийдвэрлэхийг шаардаж байна.

Хүний эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдол мэдээллээс жишээ татвал?

-Уул уурхайн том компаниудтай, жишээлбэл Оюутолгойтой холбоотой удирдах албан тушаалтнууд ажилтантайгаа үл ойлголцсон тохиолдолд сэтгэц мэдрэлийн өвчтэй гэсэн тодорхойлолт гаргаж ажлаас нь халж байна. Ийм маш олон тохиолдол гарсан учраас  шар хад буюу СЭМҮТ-ийн эмч нар  дунд  уурхайнханд нэг давхрыг нь зориулж  чөлөөлье гэсэн явган яриа хүртэл гарсан. Энэ нь бодит амьдрал дээр ч хэрэгжих нь. Тиймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Авилгатай тэмцэх газарт өгнө. Тус байгууллага системээ өөрчлөхгүй бол хэн нэгэнд үйлчилдэг байгууллага болж бидэнд харагдаж байгаа юм. Уг нь  Монгол Улсын хуулиас дээгүүр ёс зүйн дүрэм үйлчилдэг. Нэн тэргүүнд ёсзүйн дүрмээ ярьдаг атал үүнийгээ баримтлахгүй байна.

 Ёс зүйн дүрэмд нь “хүнийг ялгаварлан гадуурхах, шахалт дарамт үзүүлэх хориотой” гэж заасан ч ажлын байран дээр хэрэгждэггүй. Нөгөөтэйгүүр, компаниуд танил талаа ажилд авахын тулд бусад ажилтнаа халж дарамталдаг. Ингэхдээ өөрөөр нь алдаа гаргуулахыг шахаж байгаа юм.

Ноцтой тохиолдол гарсан нь, дарга нь эвдэрсэн том оврын тоног төхөөрөмж жолоодохыг ажилтандаа тушаасныхаа дараа ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл засварын газраас тухайн тээврийн хэрэгслийг эвдэрч байгаа тул жолоодохыг хориглосон байтал дарга нь ажилтнаа тушаал зөрчвөл гэртээ харь гэж сүрдүүлсээр байгаад ажиллуулсан. Үүний дараа ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь өдөр тутмын амьдралд байдаг л үзэгдэл мэт боловч цаана нь  ажлын байран дээр хөдөлмөрийн болон хүний эрхийг зөрчиж байгаа юм. Бид үнэхээр дарамтлуулаад сурчихаж.

Мөн Хишиг арвин” , “Бүрдэл майнинг”  зэрэг уул уурхайн компаниас  гомдол мэдээлэл ирж байна. Тухайлбал, “Хишиг арвин”  ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 13 сар төлөөгүй. Нийт 800 гаруй уурхайчны байрны зээл, машины лизинг, цалингийн асуудал яригдаж буй. Тэдний хувьд нийгмийн даатгал, цалин, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм. Гэсэн ч яагаад ажлаа солихгүй байна вэ гэхээр зах зээлд өөр уул уурхайн компанид ажил олдоно гэдэг маш хэцүү асуудал болчхоод байна.

Ажилчид өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарахгүй байгаа нь хэлбэл ажлаас хална гэдэг айдас.  Хүмүүсийн дунд “битгий хэлээрэй, мэдвэл ажлаас хална” гэх үг, болгоомжлол Монголын нийгэмд гамшиг болсон. Хүний эрх зөрчигдөж байгааг мэдсээр байж мэдээгүй юм шиг гүрийгээд л байгаа юм.

Цар тахлын үед хэлмэгдсэн иргэдийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ.  Гомдол мэдээлэл өгч буй хүмүүсийн хувийн мэдээллийг хамгаалах аюулгүй байдал баталгаатай юу?

-Манай ТББ-д гомдол мэдүүлэх хоёр арга бий. Нэг нь гомдолд шууд хариулдаг бол нөгөө нь хариулахгүйгээр хүлээн авдаг. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг ямар ч төрийн байгууллага харах боломжгүй. Ихэнх гомдол мэдээлэл нь хөдөлмөрийн харилцаа, ажлын байрны дарамт, хүний эрхийн зөрчилтэй холбоотой. Ажлын байран дээр нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байна. Залуусыг дээрэлхдэг бол олон жил ажилласан хүмүүсийг тэтгэврээс нь өмнө ажлаас нь чөлөөлж шахах зэргээр эрхийг нь зөрчдөг. Мөн ажлын байрны бэлгийн дарамт маш их. Үүнийг эмэгтэйчүүдийн дийлэнх нь нуун дарагдуулдаг. Учир нь нийгэмд хүлээж авдаггүй. Ерөнхийдөө ялгаварлан гадуурхалт нь, танил тал, найз нөхөд, хамаатан садны гэсэн гурван төрөлтэй. Үүнээс хамаатан садных хамгийн ярвигтай нь.

Ах дүү нараа дарга, удирдах албан тушаалд томилдог. Гэтэл арын хаалгаар болсон хамаатан нь найз нөхөддөө сайн хандаж бусад ажилтантай муу хандах зэрэг нь ялгаварлан гадуурхалт юм. Үүнийг ОХУ-д хуульд нь заасан байдаг. Гэтэл Монголд танил тал, найз нөхдийн, хамаатан садны гэдэг харилцааг хөдөлмөрийн гэрээнд яаж оруулах вэ гэдгийг тусгаагүйгээс ажлын байран дээр төрийн, хувийн хэвшлийн аль ч ялгаагүй зөрчил гарч байна.

Ер нь хүний үндсэн эрхүүдийг шууд зөрчиж байна. Ажлын байранд нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж  байна. Бид гомдол хүлээн авсны дараа тухайн байгууллагад нь ажлын байрны соёлоо сайжруул, дотоод хяналтаа сайн хийх зэрэг шаардлага тавьдаг. Ихэнх байгууллага ажлын байрны соёлоо бүрдүүлдэггүй. Ялангуяа уул уурхай компаниуд ашгаа л боддог. Дотоод хяналтын зураг хийгддэггүй.  Ерөнхийдөө гомдол мэдээллийн төрлөөс шалтгаалан авах арга хэмжээ өөр. Жишээ нь, “Хишиг арвин” ХХК-д Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан бол Оюутолгой компанид улс төрчидтэй холбоотой гомдлыг АТГ-д гаргасан. Мөн “Бүрдэл майнинг ХХК нь Covid-19 халдвараар өвдсөн ажилтнуудаа халсан тул Онцгой комисст гомдол гаргасан ч хариу нь ирэлгүй нэг сарын хугацаа өнгөрч байна. Бид тухайн хүний  гомдол мэдээллийн төрлөөс шалтгаалан төрийн байгууллагад шаардлага тавина. Хүлээн авахгүй бол Захиргааны хэргийн шүүх, Засгийн газарт хандана. Асуудлыг шийдвэрлэхгүй бол олон улсад хандна.

Гомдол мэдээллийг Хүний эрхийн үндэсний комисст дамжуулж өгдөг үү. Ер нь Хүний эрхийн үндэсний комисс хэр ажиллаж байна гэж дүгнэж болох вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ тэнгэрээс буух хэрэгтэй. Тус комиссын ажил нь дулимаг. Олон улсын хүний эрхийн тунхаглал, олон улсын хүний эрхийн конвенцуудыг Монголд баримталж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна гэхээс илүү Монголын тодорхой нөхцөл ямар түвшинд байгааг судлах хэрэгтэй.

Тайлангуудыг нь харахад амьдралаас гажсан, хэт гоё дүрсэлсэн, социализмын үеийнх шиг санагдаж байгаа юм. Зүйрлэвэл, дарга ирэхэд ямар ч өө сэвгүй, явсных нь дараа ямар ч яах вэ гэсэн байртай байдаг шиг л. Ийм байдал хаа сайгүй болчхоод байна.

Хуульзүйн сайд Х.Нямбаатар хүртэл хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Рио Тинто Оюутолгой ордод хүний эрх зөрчигдөж байгааг үгүйсгэсэн. Тэрбээр Оюутолгой ХХК-д хүний эрх зөрчигдөөгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл түүнийг очиход тус уул уурхайн компани хамгийн асуудалгүй хүмүүсээ жагсааж, шударгаар асуудал дэлгэдэг хүмүүсээ сайд айлчлах үеэр ажиллуулдаггүй. Гэтэл Х.Нямбаатар сайд өнгөц харсан асуудалгүй зүйлийг бодит байдал гэж эндүүрч байна.

Уул уурхай, эмнэлгийн байгууллагаас гадна иргэд яаж гомдол, мэдээлэл өгөх вэ. Хүн бүрт нээлттэй юу?

-Хүн бүрт нээлттэй. Тун удахгүй утас болон емэйл хаягаар гомдол мэдээллийг хүлээн авдаг болно. Ингэснээр заавал манай платформд нэвтэрч гомдол бөглөх шаардлагагүй болно. Бид шүгэл үлээх системийг үндэсний хэмжээнд цацсан. Нэг секундэд 3000 гомдлыг хүлээн авах хүчин чадал бүхий платформтой. Одоогоор төрийн байгууллагууд шүгэл үлээх системийг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл шүгэл үлээгч гэж хэн бэ гэдэг нэр томьёон дээр л маргалдаад байна. Гэтэл шүгэл үлээгч систем нь аль хэдийн нийгэмд хэрэг болчхоод байна. Хуульзүйн ухааны доктор профессорууд хоорондоо мэтгэлцэж цэцэрхэж байх хойгуур амьдрал дээр хүний эрх ноцтой зөрчигдөөд байна.

Цахим шүгэл үлээгчдийн холбоо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Яагаад байгуулахаар болсон бэ?

-Манай төрийн бус байгууллага энэ оны зургадугаар сар байгуулагдсан. Бид шүгэл үлээх платформыг уул уурхайн компаниас эхлүүлсэн. Таван хүн нэгдэж Цахим шүгэл үлээгчдийн холбоог байгуулсан юм. Хэдийгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд  гуравхан сар болсон ч маш олон төрийн бус байгууллага хамтран ажиллахыг санал болгож байна. Бидний зүгээс  хамтын санамж бичиг байгуулж, тухайн иргэний нийгмийн байгууллагыг жилд ганцхан удаа хагас өдөр ажиллахыг уриалж байгаа юм.

Шүгэл үлээх систем танайхаас өөр төрийн байгууллагад бий юу?

-Шүгэл үлээх систем төрийн байгууллагад заавал байх ёстой. Жишээ нь, Авилгатай тэмцэх газрын 110 утас, Засгийн газрын 11-11 бий. Гэвч эдгээр нь төр дотроо байгаа учраас  танил тал, найз нөхөд, төрийн алба хаагч нь нэгийгээ шүүмжлүүлэх вий гэж хамгаалдаг.

Жишээ нь 11-11 дуудлага мэдээллийн төвийн вэбсайтад ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Гомдол мэдээллийн 92 хувийг шийдвэрлэж чадахгүй аль эсвэл шийдвэрлэж байгаа гэдэг. Ихэвчлэн шийдвэрлэж буй гомдлууд 3-6 жил хүлээгддэг. Төрийн байгууллагуудын хариуцлагагүй, өөрсдөөсөө асуудлыг зайлуулдаг асуудлыг хүн бүр мэддэг. Олны танил аль эсвэл хуульзүйн хүрээнд асуудлыг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэдэг байхад иргэний гомдлыг шийдвэрлэхэд багадаа л гурван жил болж болно.

Манай найз  нийт 300 гаруй саналыг 11-11 төвд мэдүүлэхэд нэгийг нь ч шийдвэрлээгүй. Засаг даргын Тамгын газрын үүдэнд гэр бүлээрээ суулт зарласны эцэст асуудлаа шийдүүлсэн байгаа юм. Хүмүүс төв талбайд хөл нүцгэн алхах, өөрийгөө шатаах нь туйлдсан хүмүүсийн л арга. Төрийн байгууллагын шүгэл үлээх систем ажилладаггүй учир нь төр дотроо асуудлыг шийднэ гэж байхгүй. Төр дотроо намчирхах, танил тал, найз нөхдийн сүлжээгээр асуудлаа шийдвэрлэдэг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд хянах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж