Иргэдээсээ илүү гарч чадахгүй Эрдэмтдийн зөвлөлөө тараая!

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Иргэдээсээ илүү гарч чадахгүй Эрдэмтдийн зөвлөлөө тараая!

Иргэдээсээ илүү гарч чадахгүй Эрдэмтдийн зөвлөлөө тараая!

 Улсын онцгой комиссын дэргэд цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох зорилгоор одоогоос жил орчмын өмнө Эрдэмтдийн зөвлөл байгуулж байв. Өнгөрсөн хугацаанд Эрдэмтдийн зөвлөл Улсын онцгой комисс, Засгийн газар, эрүүл мэнд салбарынханд зөвлөгөө өгч, халдварын тархалт, вакцинжуулалт зэрэгт тодорхой судалгаан дээр үндэслэн шийдвэр гаргахад тусалж ирсэн.

Гэвч, цар тахлын үед хөл хорио тогтоох, вакцинжуулалтын явц, халдварын тархалтын талаар эрдэмтдийн зөвлөл судалгаа шинжилгээ хийж, төрийн бодлого шийдвэрт тусгаж ирсэн гэж албаныхан ярьдаг ч өнөөг хүртэл тодорхой үр дүнтэй арга хэмжээ, нүдэнд харагдах судалгаа харагдсангүй.

Мэдээж, эрдэмтдийн зөвлөлийн гаргасан судалгаа, тооцоолол цар тахлын үед хэрэгтэй байгаа ч covid-19-ийн цар тахал Монгол Улсад гараад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Дэлхийн бүхий л улс орнууд судалгаа, мэдээлэл дээр үндэслэж халдварын үеийн арга хэмжээгээ авч хэрэгжүүлж, түүнд үндэслэн дараа дараагийн арга хэмжээгээ авч байгаа ч манай Эрдэмтдийн зөвлөл covid-19-ийн халдварын тохиолдлыг тоолохоос цааш хэтэрсэнгүй.  Ердөө хоёр сарын өмнөхөн намар гэхэд амны хаалтаа тайлна гэж суусан Эрдэмтдийн зөвлөл өдгөө халдвар хамгийн оргил үедээ хүрч байгааг, нас баралт нэмэгдэж болзошгүй гэх ганц амны уншлагатай л болж.   Тэдний үгийг төр засаг нь тоодог ч үгүй болсон байна.

Халдвар авсан хүн эмнэлгийн битгий хэл эмчийн барааг харж чадахгүй, тусламж авахад хүндрэлтэй болсон төдийгүй цэл залуухан хүн ч covid-19-өөр хорвоог орхиж байна. Хоёр удаа халдвар авсан ч эмнэлэгт ор олдохгүй зүдэрч яваа жирэмсэн эмэгтэй ч байна.

Гэтэл Эрдэмтдийн зөвлөл нь  иргэдийн мэдэж байгаа бүхнийг хэлээд гурван хүн тутмын хоёр нь covid-19, тэр дундаа дельта хувилбараар өвчилж, эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй, эмнэлгийн ор нь бизнес болчихсон гэж ичих ч үгүй улалзаж сууна. Эцэстээ залуучууд нь битгий эмнэлэгт хэвтэх гэж ар өврийн хаалгаар яриулаад байна хэмээн иргэдээ зандарч байх жишээтэй.

Улсын онцгой комисс нь Боловсрол, шинжлэх ухааны яам нь Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлээд халдварын тархалт нэмэгдэх, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэх нь ч тодорхой байсан. Чухам ийм цаг үед эрдэмтдийн зөвлөл нь яагаад урьдчилсан тооцоолол, оновчтой менежмент гаргаж ирсэнгүй вэ. Гэтэл энэ зөвлөл маань дельтагийн, дараагийн том давалгаа үүсч байна, нас баралт олон улсынхтай харьцуулахад бага байна гээд хээв нэг хэлээд сууж байх.

Эрдэмтдийн зөвлөлд яг хэн байдаг вэ. Үнэхээр мэргэжлийн, нарийн тооцоолол судалгааг үндэслэлтэй гаргаж ирж чаддаг эсвэл мэргэжлийн хүмүүс нь багтаж чадав уу гэж эргэлзэхэд хүргэж байна. Есөн сард халдварын тархалт нэмэгдэхийг жирийн иргэн ч гадарлаж байхад тэднээсээ илүү гарч чадахгүй Эрдэмтдийн зөвлөл хэнд хэрэгтэй гэж. Гуравхан сая иргэнтэй 1000 гаруй хүн covid-19-өөр нас барсан, 3306 хүүхэд, 1257 жирэмсэн эх халдвар авчихсан, эрсдэлтэй нөхцөлд байхад тэд олон улстай харьцуулахад “нас баралт харьцангуй бага байна” хэмээн хэлээд сууж байхаасаа ичих хэрэгтэй.

56 мянга орчим иргэн гэрийн ажиглалтад байна гэдэг нь халдвар авсан, ойрын хавьтал, халдвар авах магадлалтай хүмүүсийн тоо гэсэн үг. Гэтэл өдөрт зөвхөн ПСР өгсөн хүнийхээ тоогоор хязгаарлаж, сүр дуулиантай мэдээлэл хийхээс илүү юу хийж чадах вээ, эрдэмтдээ. Covid-19-ийн халдвар гараад бүтэн хоёр жилийн хугацаа, зөвлөл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байна.

Хэдэн дарга нарынхаа хэлэх үг, хийх улс төрд нь туслахаас илүү өнөөдөр цар тахалтай бодитойгоор тэмцэх, зөв менежмент, бодит судалгаа тоо хэрэгтэй байна, иргэдэд.

Олон улсын байгууллага нь Монгол Улсын нийт халдварын тоог 275 146, нас баралт 1108 гэж бүртгэсэн байхад ЭМЯ нь өнөөдөр нас баралт 1035 хэмээн хэлээд сууж байгааг юу гэж тайлбарлах вэ, эрдэмтэд ээ.

Эрдэмтдийн зөвлөлийнхөн хариуцлагатай ажиллаж, зөв тооцоо судалгаа гаргасан бол тэдний үг өнгөрсөн, ирээдүйд ч үнэ цэнтэй байх байлаа. Угтаа бол Эрдэмтдийн зөвлөлийн санал, санаачлага, судалгаа, хэлсэн үг нь ирээдүйн эрсдлийг харсан, оновчтой шийдэлтэй, шуурхай арга хэмжээнүүд байх ёстой. Гэвч иргэдийнхээ өвчлөл, нас баралтын тоог зөв мэдээлж чадахгүй, иргэдээ айлгадаг биш ирээдүйд бид хэрхэх, covid-19-ийн тархалт хэзээ буурах, халдвар огцом нэмэгдэж, дельта зэрэг олон хувилбарт бид хэрхэн бэлэн байх вэ гэдэг бодит судалгаа, үндэслэл, бодит үг хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж