Сурвалжлага: "IT"-ийн акулууд шинэ үйлчилгээгээ толилуулав

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "IT"-ийн акулууд шинэ үйлчилгээгээ толилуулав

Сурвалжлага: "IT"-ийн акулууд шинэ үйлчилгээгээ толилуулав

Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO” энэ жил “Digital Nation” гэх шинэ нэрийн дор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван хоног боллоо.

Нээлтээсээ эхлэн олны анхаарлыг татаж, дрон гэрлийн шоуг хослуулан, монгол залуус дэлхийн хөгжлөөс хоцроогүй харин түүчээлэх боломжтой гэдгийг харуулав. Том компаниудын бүтээлч тайз засалт, старт-апуудын шинэлэг санаанууд зорин очсон иргэдийг уйдаасангүй.

Асар бүр олны хөлд дарагдаж, технологийн хөгжлийг биеэрээ мэдрэх хүсэлтэй, "цахим үндэстэн" болох зорилготой олон иргэн тэнд очжээ. Харагдах байдал гэхээсээ илүүтэйгээр агуулгаараа манай технологийн салбарт шинэчлэл авчирч буй энэхүү арга хэмжээнд оролцохоор "Dell Technologies", "VISA", "Oracle", "HP" тэргүүтэй дэлхийн "IT"-ийн акулуудын төлөөлөл болон Монголын салбартаа тэргүүлэгч нар цуглаж, санал бодлоо солилцсон юм.

Нээлт, хаалтын үеэр "BRB" компанийн залуус Монголдоо анх удаагаа дроны шоу толилуулж, тэнгэр дээр Чингис хаан, Бөртэ чино, Гуа марал, Соёмбо үсгийг дүрсэлж үзэгч олныг омогшуулаад амжсан.

Мөн виртуал хөтлөгч Дулмаа арга хэмжээг хөтлөж, "Digital Nation"-ийг технологийн үзэсгэлэн болохыг утгаар нь мэдрүүлэв.

Энэ жилийн "Digital Nation"-д боловсрол, эрүүл мэнд, барилгын компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сонсголгүй иргэдийн холбоо, хараагүйчүүдийн холбоо оролцож байгаагааараа онцлог гэнэ. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн IT-ийн компаниуд оролцдог байсан бол энэ жил боловсрол, эрүүл мэнд, барилгын компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улс цахим үндэстэн болох зорилтыг тавьж, "emongolia" цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байв. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авдаг байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 үйлчилгээг авах боломжтой болжээ. Төрийн үйлчилгээ цахимжсанаар 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, цахим хэрэглээ зургаа дахин нэмэгджээ.

Иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чаджээ.

Өнөөдөр "emongolia 2.0″ хувилбарыг танилцуулж байна. Энэхүү шинэ хувилбар нь хиймэл оюун ухаан ашиглан танд өөрөө үйлчилгээгээ санал болгоно. Цахим өгөгдөлд тулгуурлаж, иргэд жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагддаг цаасан бус цахим бүртгэлийн эрүүл мэндийн цоо шинэ тогтолцоонд шилжих боломж бүрдлээ. Мөн та иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ биедээ авч явах шаардлагагүй болж, зөвхөн гар утсаа л авч явахад болно. 5G технологийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарт зайнаас мэс засал хийх, уул уурхайн салбарт жолоочгүй техник нэвтрүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, их өгөгдөл дээр тулгуурлан оновчтой шийдлийг гаргах, мэдээллийн аюулгүй байдлыг блокчэйн технологиор хангах гэхчлэн томоохон дэвшлүүдийг хамтдаа авчрах юм" хэмээн ярьсан юм.

“Digital nation”-д 140 гаруй технологийн компаниуд оролцож, өөрсдийн шинэ бараа бүтээгдэхүүн, өвөрмөц шийдлүүдээ олон нийтэд танилцууллаа. Ялангуяа цар тахлын үед зориг гарган старт-ап компани байгуулсан залуучуудад хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлд өөрсдийгөө таниулах, сурталчлах сайхан боломж олдов. Өнгөрсөн жилийн "ICT EXPO"-оор цахим төлбөрийн олон үйлчилгээ танилцуулагдаж байсан бол энэ жил эрүүл мэнд, амьдралын хэв маягт өөрчлөлт авчрах зорилготой үйлчилгээнүүд давамгайлжээ.

МОНГОЛ РУУ АЯЛАХ БҮХИЙ Л МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС-PARADISE MONGOLIA

"Paradise Mongolia" компанийн үүсгэн байгуулагч Д.Энхтөр:

-Би өөрөө зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлд сонирхолтой. АНУ-д очоод гадныхнаас Монголын талаар их шүүмжлэл сонссон л доо. Жишээлбэл, гадны хүмүүс эх хэл дээрээ манай талаарх мэдээллийг олоход олдоц муу, зураг хөрөг дутмаг байсан. Тэгээд л ангийнхандаа эх орноо сурталчилж, танилцуулахад зуны амралтаараа очихыг хүсч буйгаа илэрхийлсэн. Энэхүү арга хэмжээн дээр манай веб сайт танилцуулагдаж байна. Бидний зорилго бол Монголын аялал жуулчлалын компаниудыг гадны аялагчидтай холбох. Манай платформ Монгол руу аялахад шаардлагатай бүх мэдээ мэдээлэл, нислэгийн тийз, зочид буудлын захиалга, үзвэр үйлчилгээний тасалбарыг багтаасан. Нэг том давуу тал нь хувиараа хөтөч хийх сонирхолтой хүмүүсийг бүртгэн аялагчидтайгаа холбох. All-in-one буюу Монгол руу аялах бүхий л шаардлагатай үйлчилгээг багтаасан цогц платформ.

SINGLE”-ҮҮДИЙГ УЧРУУЛАХ SINGLES.MN БОЛОН QR АШИГЛАН ҮНЭЛГЭЭ ӨГӨХ MYQR.MN  

"TeqStream" компанийн технологи хариуцсан захирал А.Оч:

-Манай компани энэ оны зургадугаар сард үүсгэн байгуулагдсан. Одоогоор дөрвөн төсөл дээр ажиллаад байна. Эхнийх нь есдүгээр сарын сүүлээр нээлтээ хийх "singles.mn" гэх болзооны аппликейшн. Хоёрт нь, "timely.mn" гэж хуруу унших, царай таниулах шаардлагагүй цаг бүртгэдэг систем. Гуравт нь, "myqr.mn" гэх QR код ашиглан байгууллагуудад үнэлгээ өгдөг аппликейшн бий. Дөрөвт нь, "tori.mn" гээд стриймин үйлчилгээ үзүүлдэг сайт байна. Манай компани хоёр хүнтэй байсан бол одоо зургаан хүнтэй болсон. Цаашдын зорилго нь олон улсад гарах, IT-ийн салбарт “бүүм” хийх. Багаараа зах зээлд ямар аппликейшн гаргавал зүгээр вэ гэж ярилцаж байгаад төслүүдээ хөгжүүлсэн. Манай "myqr" систем Засгийн газрын инновацийг дэмжих хөтөлбөрийн шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарсан.

МИНИМАЛ АРГААР АНГЛИ ХЭЛ ЗААХ "SAM" АППЛИКЕЙШН

“Brighton" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Ариунтуяа:

Манай "Brighton" сургалтын төв дөрвөн жил гаруй хугацаанд англи хэлний ярианы чадварт зориулан өөрсдөө хөтөлбөрөө боловсруулсан. Монголчууд маань гадаад руу явахгүй бол англиар ярьж чаддаггүй. Гэтэл дунд сургуульдаа, сургалтын төвүүдэд англи хэл үзчихсэн байдаг. Сураад байгаа боловч ярьж чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхээр өнөөдөр “SAM” аппликейшнээ албан ёсоор танилцуулж байна. Аппликейшний маань онцлог нь 45 хоногийн хугацаанд манай сургалтын төвийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу цэгцтэй, төвлөрсөн агуулгын дагуу хичээл заана. Олон хэрэггүй зүйлс, хэрэгцээгүй дүрэм, ашиглагдахгүй үг заахгүй. Зөвхөн минимал буюу хамгийн түгээмэл агуулга дээр төвлөрөн ярианы чадвар олгоно. Аппликейшн дээрээ 45-90 хоног суралцах боломжтой. Аливаа хэлийг заавал гадны бус өөрсдийн хөтөлбөрөөр сурах давуу талтай. Манай сургалтын төвийн танхимын сургалтаар 1200 гаруй хүн, онлайн сургалтаар 1000 гаруй хүн сураад үр дүнгээ үзчихсэн. Бид уламжлалт бизнесээс технологийн бизнес рүү орж байна. Бойжигч компани болоод явж байна. Зургаан сарын хугацаанд аппликейшнээ хөгжүүлээд өнөөдөр хэрэглэгчийн гарт хүрч байна.

ЖАРГАЛТАЙ ҮРСИЙН ДИЖИТАЛ ЗӨВЛӨХ – HELLO BABY

Hello Baby аппликейшний үүсгэн байгуулагч Б.Ариунсанаа:

-Бид "Femtech Solution" буюу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор шийдэх Монголын анхдагч компани. Манай эхний бүтээгдэхүүн “Hello Baby” жирэмсэн ээжийн аппликейшн нь олон нийтэд танилцуулагдаад хэдийнэ 85 мянган хэрэглэгчидтэй болсон. Үүний дараагийн хувилбар болох “Hello Baby” хүүхэд хөгжлийн аппликейшн маань аравдугаар сарын 16-нд нээлтээ хийнэ. Энэ аппликейшн нь хүүхэд гарсны дараа яах вэ гэдэг асуултанд хариулж, 0-2 насны хүүхийн алтан мянган хоногийн талаар ээж аавуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх, туслах зорилготой. Би өөрөө гурван хүүхдийн, хамтрагч маань хоёр хүүхдийн ээж. Монголд хүүхдээ төрүүлж, өсгөж буй ээжүүдэд мэдэхгүй олон асуудал гардаг. Энэ бүгдэд нь хариулж өгөх аппликейшнийг бид өөрсдөө санаачилж, гаргасан.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ӨӨРЧЛӨХ-HAPPY MESSY

Бизнес хөгжлийн менежер Э.Мэндсайхан:

-Бид нэг сая монголчуудад эрүүл өөрчлөлтийг авчрах зорилготой. Өнөөдөр бид “happy messy” аппликейшнийхаа бета энгийн загвараа гаргаад байна. Нийтдээ 20 мянган таталттай, өдөр тутмын хандалт нь 11 мянган хэрэглэгч байна. Бид нэг сая монголчуудыг технологи ашиглан хөшүүрэгдэж, эрүүл дадалтай болгоно. Аппликейшныхаа санааг 2021 оны нэгдүгээр сард гарган долдугаар сард эхний хувилбараа зах зээлд гаргасан. Удахгүй хоёр дахь загвараа гаргана. Гадны зах зээлд гарахаар ажиллаж байна.

ХҮҮХДЭЭ ХАРАНГАА ВАЛЮТААР ЦАЛИНЖ ЭЭЖҮҮДЭЭ – MOMADE

-"Momade" бол виртуаль туслахын агентлаг. Тодруулбал, онлайнаар ажил авч хийдэг хүмүүс. Бид бизнесийн таван салбарт үйлчилгээ үзүүлдэг 142 хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр хүмүүс маань гэртээ бага насны хүүхдүүдээ хардаг ээжүүд ихэвчлэн байдаг. Мэдлэг чадвар нь байгаа ч ээжүүд маань хүүхдээ харах гэж гэрээсээ гарч чадахгүй, оффисийн ажил хийж чаддаггүй. Ийм хүмүүсийг нэгтгээд "Momade" виртуаль туслахыг үүсгэн байгуулсан. Бид дэлхийн зургаан улсаас, Монголын 16 аймгаас онлайнаар оффис хийн туслалцаа үзүүлдэг. 2021 оны нэгдүгээр сараас хойш 220 гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлж, ойролцоогоор 80 гаруй сая төгрөгний ажил хийж, гишүүддээ хуваарилжээ. Байгууллагууд богино хугацааны хүний нөөцийн хомсдолд орох үед виртуаль туслах хөлслөн ажлаа хийлгэх боломжтой. Нэг хүний цалингаар нэг баг аваарай гэсэн концепцийг бид санал болгодог. Ямар ч ажлын ард манайх 3-5 хүн ажиллуулдаг. Одоогийн байдлаар 138 ээж, дөрвөн аав ажилладаг. Олон улсын зах зээлд үйлчилгээгээ гаргаж, монгол ээжүүд валютаар орлого олж болохыг харуулах зорилготой.

Технологийн өдөрлөгийг цахим спорт, косплей, скейтборд, BMX, бүжиг гээд энтертайнмент арга хэмжээнүүд чимж байв. Залуус өөрсдийн хүсэл сонирхол хоббигоор чуулж, гурван өдрийг дурсамж дүүрэн, адал явдалтай өнгөрүүллээ. MESA буюу Монгоын цахим спортын холбоо энэ жил арга хэмжээгээ өргөжүүлэн цахим спортын олон төрлийн тэмцээнийг хөтөлбөртөө нэмсэнээс гадна эмэгтэй “dota2”-ийн тоглолтыг зохион байгуулсан аж.

MESA-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал:

-Бид том талбайд, том асарт тэмцээнүүдээ зохион байгуулж, тасалбар борлуулж байна. “Digital Nation”-ийг зорин ирж буй хүн олон байна. Хүмүүс бүгд нь орох боломжгүй учир цахим спортын фанатуудад зориулж гадаа үнэгүй тайз зассан. Энэ жилийн онцлог нь анх удаагаа эмэгтэй “dota2”-ийн гранд финалыг тайз засан явуулж байна. Мөн "celebrity match" маань "dota2", "e-formula 1" гэсэн хоёр төрлөөр болж байна. Манай холбоо аравдугаар сараас CS:GO-ийн лигээ эхлүүлнэ. Мөн "PUBG:Mobile", "Valorant" дээр тэмцээн төлөвлөж байна. 2022 оны Ханчжоугийн Азийн наадамд баг тамирчдаа илгээх тал дээр ажиллана. Ирэх гуравдугаар сард Бангкогт танхимын наадам болно. Ер нь завгүй байх болов уу даа.

“Digital Nation”-ий үндсэн зохион байгуулагч Б.Пүрэвсүрэн ч энэхүү арга хэмжээ энтертайнмент гэхээсээ илүү улсын эдийн засгийг тодорхой хэмжээгээр хөдөлгөж буй гэдгийг онцолсон юм. Түүний хэлснээр "ICT EXPO маань үзэл санаа, концепцио өөрчилж, задгай талбайд ирлээ. Цар тахлын үед байгууллагууд маань шийдвэр гаргах эгзэгтэй цаг мөчтэй тулгарсан. Энэ үед технологитой хамт байж, бүх салбарт технологи чухал үүрэг гүйцэтгэх юм байна гэдгийг нийтэд ойлгуулахын тулд өргөн хүрээнд хийж байна. Нөгөө талаараа байгууллагууд маань санхүү мөнгө, төсвийн хувьд манлайлал үзүүлж байгаа. 140 гаруй байгууллагууд эдийн засгаа дэмжих гэж, бизнесээ цэцэглүүлэхийн тулд энэхүү арга хэмжээнд оролцож байгаа учир бүх хүмүүс дэмжиж, ойлгож ажиллана гэдэгт итгэж байна. Хүмүүс шоу, энтертайнмент арга хэмжээ гэж хараад байна. Үнэндээ "Digital Nation”-ий нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр их. Хоёр жил зогсонги байсан эдийн засгийг бид тодорхой хэмжээнд хөдөлгөж чадаж байна. Хувь хүн байгууллагаас эхлээд томоохон корпорациуд дэмжиж байна" гэв.

“Digital Nation”-г үзэж сонирхсон иргэдийн сэтгэгдэл:

-"Mongol Valley”-ийн NFT их шинэлэг, 5G дажгүй хурдан санагдлаа. Дроны шоу бол гоё болсон байна лээ. Мөн “Night Beer”-ийн трейлэрийг үзэх сонирхолтой байсан.

-Энэ жил том талбайд болж байгаа нь гоё байна. Үзэх юм ихтэй шүү. Залуучууд хэнээс ч ичиж санаа зовохгүй өөрөөрөө байгаа нь авууштай.

-Өнгөрсөн жилийнхээс дроны шоу нь гоё байлаа. Монголд ийм арга хэмжээ болж байгаа нь сайхан. Жилдээ ганц удаа, гуравхан өдөр болдог учир өдөр бүр ирж байна. Монголд анх удаа гэхэд дроны шоу янзын байлаа. Өөрөө технологийн хүн болохоор судлах маягтай л явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж