Тажикистаны нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан энэ сарын 16-18-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгч, мөн Туркменистаны Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгч оролцов.
Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, “Covid-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистанд үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.
Энэхүү хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж биечлэн оролцсон юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар оролцов.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурдав.
Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мэдэгджээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцсон юм. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав. Ирэх 2022 онд ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааныг Узбекистан даргалан зохион байгуулахаар тогтжээ.