НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал эхлэхэд бэлэн болж, биечлэн оролцох төр, засгийн тэргүүнүүд Нью-Йорк хотыг зорьсон. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас цар тахлын үед бүтэн долоо хоног үргэлжлэх Ерөнхий ассамблейн хурал халдварын "супер тараагч" болохоос болгоомжилж буйгаа мэдэгджээ. НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Линда Томас-Грийнфиелд хэлэхдээ "Дээд хэмжээний хурал халдварын "супер тараагч" болох вий гэхээс бид эмээж байна. Үүнээс сэргийлэн бид бүх л боломжтой арга хэмжээг авах шаардлагатай" хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн жилээс ялгаатай нь НҮБ-ын хурал цахим болон биечлэн гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Гэвч дэлхийн удирдагчдын олонх нь биечлэн оролцох хүсэлтэй байгаа аж. Тухайлбал, 100 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд НҮБ-ын хуралд биечлэн илтгэл тавихаар хүсэлт гаргажээ. Тэгвэл Нью-Йорк хотын захирагчийн албанаас хуралд оролцогчдод Covid-19 халдварын эсрэг вакцин тариулсан байх шаардлагыг тавьж буйгаа мэдэгдсэн. Гэтэл зарим орны төрийн тэргүүнүүд тухайлбал, Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаро вакцин тариулаагүй ч өнгөрсөн онд халдвар аваад эдгэрсэн учир биед нь эсрэг биет үүссэн гэж марган НҮБ-ын хуралд биечлэн оролцохоо мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ