Тойм: Спортын салбар донсолсон долоо хоног

Хуучирсан мэдээ: 2021.09.19-нд нийтлэгдсэн

Тойм: Спортын салбар донсолсон долоо хоног

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ЖУРМЫГ ӨӨРЧИЛНӨ

Цар тахлын үед олон удаагийн хөл хорионоос шалтгаалан бизнесүүд хаалгаа барьж, иргэдийн орлого буурсантай холбогдуулан Засгийн газраас  хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг үзүүлж буй. Тэгвэл  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд дээрх хөнгөлөлтийг үзүүлэхгүй болсныг Засгийн газрын есдүгээр сарын 15-ны хуралдаанаар шийдвэрлэв. Мөн хүүхдийн мөнгийг ирэх оны эхний зургаан сард энэ хэвээр нь үргэлжлүүлэх болсон ба ингэхдээ мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлэх бодлого баримтлах аж. Тодруулбал, хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжих гэнэ.


Э.ЦЭНДБААТАР, О.ТУЛГА НАРЫН ДУНД СОРИЛ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Энэ долоо хоногт спортын салбар анхаарлын төвд байлаа. Учир нь, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг зодсон, холбооноос хөөсөн гэх асуудал нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Тэрбээр холбооноос хөөгдсөнөөр Бельградад болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх боломжгүй болсон юм. Түүний жинд тус тэмцээнд боксчин О.Тулга явахаар болсон. Харин Э.Цэндбаатар сүүлийн удаа өөрт нь боломж олгож, ДАШТ-д оролцохыг зөвшөөрөөч хэмээн хүсэлт гаргаж, О.Тулгатай халз өрсөлдөх санал тавьсан юм. Түүний санал, хүсэлтийг олон нийт ч ихээр дэмжиж, 2018 хүн гарын үсэг цуглуулжээ. Улмаар хоёр тамирчны дунд сорил тэмцээн явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэснээ Боксын холбооны удирдах зөвлөл Пүрэв гаригт танилцуулсан. Тэмцээн аравдугаар сарын 3-нд Эрдэнэтэд болохоор тов зарласан.


Э.ОЮУНБОЛДЫН АВАРГА ЦОЛЫГ ХУРААЖ, Н.БАТСУУРЬТ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЭЭВ

 

Үүний зэрэгцээ үндэсний бөхийн спортод олны сайшаалыг хүртсэн үйл явдал энэ долоо хоногт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураасан юм. Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган улсын аварга Э.Оюунболдын цолыг хураахаар шийдвэрлэжээ. 2019 оны Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгосон юм.

Э.Оюунболдын сэргээш хэрэглэсэн асуудал удаан хугацаанд маргаан дагуулж, шүүхээр хэлэлцэгдсэний эцэст ийнхүү шийдвэрлэгдэв. Энэ нь үндэсний бөхийн спортод өндөр цолтой бөхийн цолыг хураасан цөөн тохиолдлын нэг болсноороо онцлог.

Цолыг хүчингүй болгосноос гадна түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөн олгох Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал бөхчүүд дараах байдлаар цол, чимэг нэмнэ.

  • Улсын начин Н.Мустафа чимэг,
  • Улсын начин Б.Цэдэнсодном харцага,
  • Улсын харцага Д.Анар заан,
  • Улсын арслан Ц.Содномдорж чимэг,
  • Улсын аварга Н.Батсуурь Даян аварга цолны эзэн тус тус болно.

Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Н.Батсуурь Ерөнхийлөгчийн зарлигийн талаар "Маш их баяртай байна. Олон жил барилдсаны үр дүн гарч байх шиг байна. Сэтгэгдэл өндөр, сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


ХАЛДВАРЫН ТОО НЭМЭГДЭЖ, ЭМЯ-НААС ХАТУУ ХӨЛ ХОРИХ САНАЛ ГАРГАВ

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул 22:00 цагаас  хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас гаргажээ.  Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь бууруулна  гэж тооцоолсон байна.   Тодруулбал, үйлчилгээний байгууллагууд  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй, цагийн хуваарийг мөрдөхгүй байгаа учраас халдварын тархалт нэмэгдэж байгааг онцолсон юм.

3.3-хан сая хүн амтай Монгол Улсад зөвхөн сүүлийн долоо хоногт Covid-19 халдвараар 72 иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал,

  • Ням гаригт 2777 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлаа.
  • Бямба гаригт  2893 хүнээс Covid-19  халдвар илэрч, 13 хүн нас барав.
  • Баасан гаригт 2796 хүнээс Covid-19 халдвар илэрч, есөн хүн нас барав.
  • Пүрэв гаригт 3234 шинэ тохиолдол илэрч, найман хүн нас барав.
  • Лхагва гаригт 2737 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ.
  • Мягмар гаригт 2939 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ.
  • Даваа гаригт 2351 тохиолдол шинээр илэрч, 10 хүн нас барав.

Үүнээс гадна орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй байгаа тул зарим аймагт хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав. Тодруулбал, Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өмнөговь аймагт есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоов.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум" чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоожээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум" чиглэлийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж