Ор сураггүй байсан Хятадын хамгийн баян эмэгтэйгээс дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Ор сураггүй байсан Хятадын хамгийн баян эмэгтэйгээс дуудлага иржээ

Ор сураггүй байсан Хятадын хамгийн баян эмэгтэйгээс дуудлага иржээ

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт асар их нэр хүндтэй “Хятадын хамгийн баян эмэгтэй” хочит Вейхун Дуан 2017 оны есдүгээр сарын 5-нд гэнэт ор сураггүй алга болсон билээ. Гэвч дөрвөн жил орчим ямар ч хэл чимээгүй байсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт нөхрийнхөө гар утас руу залгажээ.

Дуан буюу Уитни хэмээх англи нэртэй тэрбээр 1996 онд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн "Тайхун" компанийг алга болох хүртлээ удирдаж, асар их ашигтай ажилладаг байсан юм. Салбартаа нэр хүндтэй болсон тэрбээр томчуудын дунд холбоотнууд ихтэй, хүнтэй хэрхэн зөв харьцах талаар маш мэдрэмжтэй хүн байж. Тэр байтугай Дуан Хятадын ардын чөлөөлөх армийн томчууд дунд хүртэл танилтай байжээ.

Гэвч түүний холбоо сүлбээтэй улс төрийн эрхмүүд олон ноцтой асуудалд орооцолдож эхэлсэн юм. Жишээлбэл 2.7 тэрбум ам.доллар завшсан гэгддэг Вен Жиабао Дуаны дотны холбоотнуудын нэг байсан гэдэг.

Дуан чухам Вений тусламжтайгаар өөрийн даатгалын жижиг компанийг өндөр үнээр зарж байв. Мөн л Вений тусламжаар Дуан Хятадын хамгийн том агаарын ачаа тээврийн ложистик болсон Бээжингийн нисэх онгоцны буудлын ачааны терминалыг барьж тэрбумтан болсон аж. Терминалыг барихад Дуантай хамтарч ажилласан Бээжингийн өндөр албан тушаалтан Сун Женцай хожим нь Коммунист намаас хөөгдөж, авлигын хэргээр бүх насаараа хорих ял сонссон юм.

Түүнчлэн Сун Женцай 2022онд Ши Жиньпиний залгамжлагч болохоор төлөвлөж байхад Дуан түүний кампанит ажилд тусалж байсан гэдэг. Гэтэл 2017 оны долдугаар сард Суны 27 сая ам.долларын авлигын хэрэг илэрч, Чончин дэх Коммунист намын даргын суудлаасаа огцорсон байна. Удалгүй мөн оны есдүгээр сард түүнийг Коммунист намаас албан ёсоор хөөхтэй зэрэгцэн Дуан ор сураггүй алга болжээ.

Харин Дуаны нөхөр асан Десмонд Шум түүний хэрхэн бизнес, улс төрийн салбарт хүч үзэж, будилаан хутгаж явсан түүхээр “Red Roulette” нэртэй номныхоо нээлтийг хийсэн юм. Гэтэл номны нээлт хийхээс хэдэн өдрийн өмнө Дуан түүнтэй утсаар холбоо барьж, номоо хэвлүүлэхгүй байхыг шаарджээ.

Шумын хэлснээр Дуан түүн рүү хоёр ч удаа залгаж, гэрийн хорионд байгаагаа, түр хугацаагаар суллагдсан бөгөөд хэзээ ч буцаад хоригдож магадгүй гэдгээ хэлж, номоо хэвлүүлэхгүй байхыг хүссэн гэнэ. Үүнээс өмнө хэн ч Дуаны тухай сураг дуулаагүй байсан юм. Засгийн газрын зүгээс ар гэрийнхэнд нь Дуаныг барьсан, хорьсон тухай огт дуулгаагүй байжээ.

Харин Шум өдгөө 12 настай хүүтэйгээ цуг Коммунист намын хараан дор Нэгдсэн вант улсад аж төрж байгаа юм. Түүний хэлснээр Дуан хоёр дахь удаагаа утсаар залгаж ярихдаа номыг хэвлүүлбэл муу юм болно, улсынхаа эсрэг хүнд сайн зүйл тохиохгүй гэх мэт үг хэлж, илүү сүрдүүлсэн өнгөтэй ярьсан аж. Мөн Шум Дуаныг Коммуныст намын дарамт шахалтаар тэгж ярьсан гэж бодож байгаа гэнэ.

Эх сурвалж: NEXTSHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж