Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр/2021.09.17/ болжээ. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн аж. Үүнд:
- МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
- МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
- МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга О.Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. МҮБХ-ны дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд дэд тэргүүн нь тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.
- Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
- Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ