Дэлхийн хамгийн цагаан будгийг Пурдугийн их сургуулийн лабораторид бүтээжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар уг будгийн гэрэл ойлгох маш өндөр чанар нь цаашид агаар хөргөгч сэнсний хэрэглээг багасгах эсвэл бүүр хэрэглээнээс хасахад ч хүргэж магадгүй гэнэ.
Шинэ цагаан будгийг Геннисийн номонд бүртгэж авсан аж. Гэхдээ дэлхийн дээд амжилтыг эвдэх нь эрдэмтдийн гол зорилго байсангүй. Тэд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор энэ будгийг бүтээсэн байна.
Пурду их сургуулийн механик инженерийн профессор Шиулин Руан “Бид долоон жилийн өмнө энэ төслийг эхлүүлж байхдаа эрчим хүчийг хэмнэх, дэлхийн дулааралтай тэмцэхийг зорьж байлаа” хэмээн ярьжээ.
Эрдэмтдийн санаагаар бол барилга байшингуудыг энэ цагаан будгаар будвал нарны гэрлийг ойлгож, удаан хугацаагаар тасралтгүй сэнс хэрэглэх шаардлагагүй болох аж. Тухайлбал, тайлангаас харахад тус будаг нарны гэрлийг 98.1 хувь буцаан ойлгодог нь будуулсан биетийнхээ дулааны хэмийг орчны дулаанаас харьцангуй сэрүүн байлгаж, хөргөхөд зарцуулдаг эрчим хүчийг хэмнэх үр дүнтэй юм.
Өөрөөр хэлбэл, барилгын 100м.кв дээврийг энэ будгаар будахад эрчим хүчийг 10 квт-аар хэмнэх боломжтой гэнэ.
Эрдэмтдийн хэлж байгаагаар өдгөө хэрэглэгдэж буй бусад цагаан будгууд нарны гэрлийг 80-90 хувь ойлгодог нь дулаан тусгаарлахад хангалтгүй байдаг аж. Харин барийн сульфат ашиглан бүтээсэн дээрх хамгийн цагаан будаг дээр дурдсанчлан нарны гэрлийг 98.1 хувь ойлгож байгаа нь барилгын доторхыг орчноос сэрүүн байлгах чадвартай юм.
Эх сурвалж: USATODAY