Засгийн газрын нийт өр оны эхний хагас жилд 4.5 хувиар өсч, 27.1 их наяд төгрөг болсон байна. Нийт өрийн хэмжээ өсөхөд гадаад өр өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин дотоод өр болон Засгийн газрын өрийн баталгаа мөн Барих-Шилжүүлэх концесс аль аль нь буурсан байна. Засгийн газрын нийт өрийн дийлэнх хэсэг буюу 89.8 хувийг нь гадаад өр эзэлж байгаа аж. Оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын гадаад өр 24.3 их наяд төгрөг хүрсэн байна.
Улсын хэмжээнд гадаад өр 33 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өсөөд байгаа юм. Үүнээс 36.4 хувь буюу 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байна.
Тайлант хугацаанд Засгийн газар үндсэн төлбөрт 893.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 342.8 тэрбум төгрөг төлжээ.
Ерөнхийдөө ирэх оны эцэс хүртэл төлөгдөх томоохон гадаад валютын өр төлбөр байхгүй байгаа ч Засгийн газар 2022 оны арванхоёрчёдугаар сард төлөгдөх “Чингис”, 2023 онд төлөгдөх “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлж, нэг тэрбум ам.долларын “Century” бондыг гаргаад байна. Энэхүү бондыг гаргаснаар ирэх жилүүдэд төлөгдөх байсан өндөр хүүтэй бондуудыг бага хүүтэй бондоор сольж, эргэн төлөх хугацааг хойшлуулсан гэж Сангийн яам мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ