Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ есдүгээр сарын 16-нд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэнг бэлгийн цөөнх иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан бичгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт илгээжээ.
Тус шаардлагад дурдсанаар "“ЛГБТ Төв” Төрийн бус байгууллагаас /ТББ/ “Тэгш эрх, бахархлын өдрүүд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын 18 чиглэлийн 18 автобусанд зохих журмын дагуу төлбөр төлж, сурталчилгааны материал байршуулжээ. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусанд тавигдсан сурталчилгааны материалыг буулгуулж, энэ талаараа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа” гэж өөрийн цахим хуудаснаа бичиж, гэрэл зургийн хамт нийтэлжээ.
Энэ үйлдэл нь ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх мэдээллийг Комисст гаргаж, зөрчигдсөн хүний эрх, эрх чөлөөг сэргээж өгөхийг хүссэн байна. Мөн “ЛГБТ Төв” ТББ-аас энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан" гэжээ.
Холбоотой мэдээ