Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт өрнүүлж байгаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар өчигдөр /2021.09.17/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэж байгаа гурван боомтоор л тээвэр явж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт ажиллаж байгаа бол бусад боомтуудын үйл ажиллагаа түр зогссон. Учир нь тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас халдвар илэрч байна. Тиймээс цар тахлын үед төрийн зүгээс бий болгосон боломжуудаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах хэрэгтэй байна. Хятадын Шар тэнгисийн буланд долоон боомтыг ашиглах Засгийн газар хоорондын хэлэлцээр бий. Энэ боомтуудаа ашиглая. Гэтэл ганцхан боомт дээр чихэлдээд байна. Өвөр Монголтой 13 боомтоор хиллэж байгаа. Мөн л ганцхан Замын-Үүд дээр бөөгнөрөх жишээний. Энэ төвлөрлийг сааруулахаар бусад боомтуудаар татах ажлыг хийж байна.
Европ болон ОХУ-тай холбогдож байгаа Алтанбулаг хилийн боомт бас хаагдсан. Хэрвээ Алтанбулагийн чөлөөт бүс байгуулагдсан байсан бол энэ тээвэрлэлт гацах ямар ч шаардлагагүй. Монгол Улс 16 улстай авто тээвэр хийх боломжтой. Энэ боломжуудыг монголчууд тэр бүхэн ашиглаж чадахгүй, гаднын тээвэрлэгчид яваад байна. Тиймээс энэ бүхнийг иргэн, аж ахуйн нэгжүүддээ таниулах, сурталчлах ажил хийж байна" гэжээ.
Холбоотой мэдээ