Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон. Тэгвэл тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулжээ.
НИТХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.БАТЦОГТ:
-Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулж байна. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм.
ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан байдаг. "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ныхонтой уулзаж байхад тус журамд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ эзэмшигчид нь мэдэгдэх шаардлагагүй гэж заасан байдаг талаар хэлдэг. Тиймээс чанга яригчаар 2-3 удаа зарлаад ачдаг гэсэн. Бидний зүгээс чанга яригчаар зарласнаас хойш 1-2 минут хүлээх боломж байдаг эсэхийг тодруулахад журамд хугацаа заагаагүй гэх тайлбарыг өгч байгаа. Тэдний зүгээс нэг автомашиныг ачих хугацаа нь хоёр минут болдог гэж хэлж байгаа ч яг гараад хэмжилт хийхэд 30-40 секундэд ачдаг.
Тиймээс үйлчилгээний байгууллагуудын зогсоолыг иргэдэд ашиглуулах саналыг өмнө нь гаргаж байсан, одоо ч гаргаж байна. "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ноос нэг удаад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөр 60 мянган төгрөгийнхөө 10 хувийг нийслэлийн Автозамын санд төвлөрүүлэх санал гаргасан. Нийт ачилтын тоогоор тооцвол жилд 300 сая төгрөгийг нийслэлийн Автозамын санд төвлөрүүлэх тооцоотой байна. Гэхдээ энэ хэмжээний мөнгөөр нэмж авто зогсоол барих боломжгүй. Тэгэхээр хувь хэмжээг нь нэмэх шаардлагатай.
Холбоотой мэдээ