Төв талбайд Үндэсний номын баяр өчигдрөөс /2021.9.17/ эхэлсэн. Уламжлал ёсоор номын баярыг 30 дахь жилдээ нийтээрээ тэмдэглэж байгаа нь энэ билээ. Энэ жилийн тухайд цар тахлын онцгой нөхцөлд “Номын баярыг нийтээр тэмдэглэх хууль”-тай болсон анхны жил тохиож буйгаар онцлог. Номын баярт жил бүр 40 мянга гаруй уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Энэ утгаараа номын баяр өргөн дэлгэр болдог гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байв.
Халдвар хамгаалалтын дэглэмээ чанд сахиж, ном шимтэн уншигчид урт дараалалд авах гэж байгаа номоо тэврэн дугаарлан зогсоно.
Намрын номын баярт 100 гаруй асар сүндэрлэж, шинэ ном 50 хүртэлх хувь хямдарч, асар бүр хүн ихтэй байв. Бүх ном 1000 төгрөг гэсэн асарт хүн багтаж зөрөх ч зайгүй байлаа. Талбай дээр сүндэрлэсэн асрууд дотроос хамгийн ачаалалтай нь "Аз хур" номын дэлгүүр. 20-оод худалдагч ажиллаж байгаа ч тооцоо авах хэсэгт хүн олноор дугаарлажээ.
НОМЫН БАЯРЫГ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХЭЭР ХУУЛЬД ТУСГАСАН НЬ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР БАЙСАН
Үндэсний номын баяр энэ удаа “Өдөр бүр уншъя” уриатайгаар болж байгаа. Тиймдээ ч соёл урлагийн хөтөлбөрүүд нь хүүхэд, залуус гэлтгүй хүн бүрд ном унших дадал олгох зорилготой. Нийт гурав хоног орон даяар үргэлжлэх номын баярт нэгдэж байгаа хүмүүс жилээс жилд зохион байгуулалт, нийтийг хамрах хүрээ тэлж байгаад талархаж байв.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарч буй. Тиймээс номын баярыг зорин ирсэн хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.
ИРГЭН Н.АМГАЛАН:
-Сүүлийн жилүүдэд номын баяр монголчуудын тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн сайхан баяр болсон. Миний хувьд 25 жил дараалан номын баярт оролцож байна. Гандантэгчэнлин хийдийн хамт олон өөрсдийн гэрийг барьж бүтээлээ олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тиймдээ ч жил бүр энэ өдрүүдийг догдлон хүлээдэг. Залуучуудыг номын соёлд суралцаж байгаад маш баяртай байна. Ном авахын тулд дугаарлана гэдэг бол маш том шинэчлэлт. Харин ахмад, дунд үеийнхэн судалгаа, шинжлэх ухааны бүтээлүүд гаргаж түүнийгээ худалдан борлуулж байгаа нь нийгэмд маш тустай зүйл болж байна.
ИРГЭН Б.ӨЛЗИЙБАДРАХ:
-Ном бол аль ч цаг үед дэлхий, ертөнцийг харах цонх болсоор ирсэн. Тиймээс номын баяраар төв талбайд зорин ирж хүүхдүүддээ болон өөрийн сонирхож байгаа номоо худалдан авах дуртай. Тусгайлан өдрүүд гаргаж, хөтөлбөр боловсруулж, ном уншигч болон унших дуртай хүн бүхэнд нээлттэй зохион байгуулж байгаад баяртай байна. Хүүхдийн уран зохиол, дэлхийн сонгодог ном бүтээлийг сорчлон нэг цэгт төвлөрүүлдэг учир айл бүрийг зорин ирж ном авахыг уриалж байна. Миний хувьд уншихыг хүссэн номоо авахаар ингээд л дугаарлаад хүлээж байгаа нь энэ.
НИЙСЛЭЛИЙН 48 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД:
-Бид хичээлээ тараад шууд л номын баяр явах найзуудаараа нэгдэж талбай руу ирсэн. Маш олон төрлийн номтой танилцаж, өөрсдийн сонирхсон бүтээлээ авах боломжтой болдог. Гэр бүлийнхэн бүгд ном уншихыг дэмждэг учраас найзуудаараа хамтдаа дуртай номоо авахаар ирсэн. Багш нар номын санд карт нээлгэж, өдөр бүр бага багаар залхуурахгүй уншихыг зөвлөдөг. Тэгээд бид уншсан номын тэмдэглэлээ хөтөлж, хоорондоо харилцан ярилцаж бүр илүү унших дуртай болдог.
МУИС-ИЙН УЛС ТӨР СУДЛАЛЫН БАГШ А.ЗОЛБОО:
-Ном гэдэг бол аливаа үндэстний хэл, соёл, дархлаа. Би өөрөө багш хүн. Номын баярт олон эрдэмтэн, судлаачид судалгааны бүтээл, шинжлэх ухааны ном, орчуулгын бүтээлээ танилцуулдаг. Номын зохиолч нартай уулзаж, судалгааны ажлыг нь сонсч танилцаж, гарын үсэгтэй нь авна гэдэг бол завшаан. Тиймээс олон нийтэд хэрэгцээтэй номыг танилцуулж, эх хэл соёлоо таниулж, түгээн дэлгэрүүлж, байгаа нь энэ өдөрлөгийн гол онцлог гэж боддог. Сүүлийн жилүүдэд номын баяр хүрээгээ тэлж гэр бүлийн бүх гишүүнд зориулж байгаад баяртай байна. Үндэсний дархлааг дэмжих өдөр буюу номын баярыг нийтээр тэмдэглэнэ хэмээн хуульд тусгаж өгсөн нь оновчтой шийдвэр байсан гэж бодож байгаа.
Номын баяр зорин ирэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй бөгөөд шинэ номууд хямдралтай үнээр худалдаалагдаж байна. Мөн хуучин номын асруудаас ховор номыг ч олж авах боломж бүрджээ.
Холбоотой мэдээ