Хууль зүй дотоод хэргийн яамны санаачлагаар өнөөдөр /2021.9.17/ “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Эрхзүйг хувийн болон нийтийн гэж хоёр хуваадаг. Хувийн эрхзүйн шинэтгэлийг Монгол Улс 2002 онд хийсэн. Тухайлбал, Иргэний хууль түүний процессын хууль болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль хоёр батлагдсан. Өнөөдрийг хүртэл тус 20 жил хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийг баталснаас хойш бид хувийн эрх зүйн шинэтгэлийн талаар төгөлдөржүүлэх асуудал яригдаагүй гэж хэлж болно. Нийгэм хөгжихийн хэрээр иргэний харилцаанд олон зүйлс өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад эрхзүйн зохицуулалт, үр дагаврыг иргэний эрхзүйн зохицуулалттай уялдуулах шаардлага гарсан.
Бид энэ удаа Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинг таатай болох өөрчлөлтүүдийг цогцоор нь хийнэ. Ингэхдээ иргэний хуулиа бүхэлд нь өөрчлөхгүйгээр зэрэгцүүлж, бизнес эрхлэг хооронд үүсч байгаа харилцааг зохицуулдаг арилжааны эрхзүйн зохицуулалтыг оруулж ирэх талаар ярьж байна. Жишээлбэл, их, бага үнийн дүн хамаарахгүй бүхий л харилцаа яг ижил худалдах, худалдан авах эрхзүйгээр зохицуулагддаг. Сүүлийн гурван жилийн дундаж статистикаар 10-аас доош сая төгрөгийн үнийн дүнтэй хэрэг шүүх дээр байгаа нийт хэргийн 40 орчим хувийг эзэлж байна.
Угтаа бага үнийн дүнтэй хэргүүдийг барууны орны жишээгээр маргалдагч талуудыг суулгаж байгаад, нотлох баримтуудыг үндэслээд хохирлыг барагдуулж алх зохиод л явах боломж хэрэгтэй.
Нэг талаар шүүхийн ачаалал ч буурна. Нөгөө талаар шүүхээр шударга ёс тогтоолгож, эрх ашгаа хамгаалах хүний эрх ч яригдана. Эдийн засаг, гаргах санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байх юм. 16 жил зургаан сар үргэлжилсэн маргаан одоог хүртэл шүүх дээр байх жишээтэй. Тиймээс 10-аас доош сая төгрөгийн хэргийг гурван шатны шүүх дамждаг тогтолцоонд шинэтгэл хийхээр хэлэлцэж байна.
Эдийн засаг, бизнесийн хөгжил, нийгмийн хэрэгцээ шаардлага, хувийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Шүүгчдийн үүрэг, оролцоо нэмэгдэж, ачаалалтай ажиллаж байна. Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх ёсыг хангахын сацуу нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, техникийн дэвшил иргэдийн хэрэгцээнд хөтлөгдөж, ажиллах хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах, цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна. Дэлхийн банкны бизнес эрхлэхүй судалгааны статистикаас харахад гэрээний хэрэгжилтийг хангах, дампуурлыг шийдвэрлэх зэрэг шалгуур үзүүлэлтээр манай улсын хууль эрх зүйн орчин хангалтгүй байна" гэлээ.
“Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” шинэчлэлийн бодлогыг дараах гурван бүлэгт хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүнд:
- Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох
- Эрх зүйн мэргэшсэн хуульч судлаачдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах
- Олон улсын хууль, хувийн эрх зүйн асуудлаар ОУ-ын байгууллагатай хамтран ажиллагааг сайжруулах.
Иргэний хуульд аж ахуй эрхлэгч болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан, цогц байдлаар шийдвэрлэсэн эрх зүйн тогтолцоо байдаггүй байна. Иймд хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйг боловсронгуй болгох нь ажиллах таатай орчин бий болгох, иргэдийн амжиргааны түвшин нэмэгдэж, улмаар Монголын “Бизнес эрхлэхүй индекс”, Эрх зүйн индекс, аз жаргалын индекс сайжирч тогтмол дээшлэх ач холбогдолтой.
Зөвлөлдөх уулзалтын дүгнэлтэд хувийн эрхзүйн шинэтгэл, тэр дундаа хууль тогтоомжийн шинэтгэлийн бодлого цаг үеийн хөгжлөө даган тасралтгүй үргэлжилж байх ёстой. Ингэхдээ эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилж, өөрийн орны онцлогийг харгалзан эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд бизнес эрхлэх эрх зүйн орчин зогсолтгүй хөгжиж, бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлж, иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэх учиртай гэсэн юм.
Холбоотой мэдээ