АНУ-ын Төрийн департамент Саудын Арабт 500 сая ам.доллар хүртэл цэргийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэрээг баталж, Конгресст хянуулахаар илгээсэн талаар Пентагон мэдээлэв.
Энэ бол Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 20 -нд ажлаа авснаас хойш Конгресст илгээж буй Саудын Арабтай холбоотой анхны батлан хамгаалах том гэрээ юм. Гэвч түүний энэ шийдвэр Саудын Арабыг хүний эрх зөрчиж, Йеменд өрнөж буй иргэний дайнд оролцож байгаа зэрэг асуудал олон улсын анхаарлын төвд орсон үед хэрэгжих гэж байгаа нь багагүй шүүмжлэл дагуулж байна.
Гэрээний хүрээнд АНУ Саудын Арабт “CH-47D Chinook” тэргүүтэй хэд хэдэн загварын нисдэг тэрэгний бүтэн флот илгээх боломжтой болох гэнэ. Гэвч одоогийн байдлаар илүү нарийн заалтууд нь тодорхой болоогүй байгаа аж.
Энэ талаараа АНУ-ын төрийн департмент "Энэ гэрээ Ойрхи Дорнодын улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангах чухал үүрэг гүйцэтгэж буй найрсаг Саудын Арабт аюулгүй байдлыг сахиулахад туслах зорилготой. Ингэснээр АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зорилтууд биелэхэд илүү дөхөм болох учиртай юм" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS