Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-V вакцинд одоо болтол зөвшөөрөл олгоогүй, түдгэлзүүлсэн. Улмаар энэхүү вакцинд хамрагдсан иргэдийг гаднын улс орнууд хилээр нэвтрүүлэх үү гэх асуултыг иргэд тавих болсон билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны өгч буй мэдээллээр Монгол Улсад бүртгэгдсэн Синофарм, Спутник V, АстраЗенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцинтай холбоотой асуудлаар улс орнуудаас хилээ хязгаарласан гэх мэдэгдэл ирээгүй аж.
ЭМЯ: Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал
Эрүүл мэндийн яамнаас Спутник V вакциныг бүртгэх нь цаг хугацааны асуудал болохыг хэлж байгаа юм. Тус яамны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ “Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд вакцинтай холбоотой асуудлаар иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тухай гаднын улс орнуудаас албан ёсоор мэдэгдэл ирээгүй.
Миний бие ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын даргаар энэ оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн ажиллаж байна. Энэ хугацаанд улс орнуудаас вакцинаас хамаарч иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн албан хүсэлт ирүүлээгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакциныг хүлээн зөвшөөрөхөд заавар, аргачлалыг унших зэрэг цаг хугацаа ордог. Тиймээс Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал гэж ойлгож байна. Ер нь, ДЭМБ-аас вакциныг сайн, муу гэж дугаарлах шаардлагагүй, аль боломжтой вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм. Монгол Улсад бүртгэлтэй хүн амыг дархлаажуулж буй дөрвөн төрлийн вакцин бүгд үр дүнтэй, дархлаа тогтож байна.
Бид Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт вакцинд хамрагдсан иргэдийн цуснаас авч судалгаа явуулахад Синофарм, Спутник V, АстраЗенека, Файзер зэрэг аль ч вакцинд хамрагдсан хүнд дархлаа тогтож байна. Иймд аль нэг вакциныг хүлээн зөвшөөрөөгүй, аль нэг вакцин муу гэсэн мэдээллээс үүдэн санаа зовох шаардлагагүй.
Саяхан болж өнгөрсөн Токио-2020 олимпын наадамд манай улсын тамирчид, албаны хүмүүс оролцох үед тухайн улс орноос вакцинаас хамаарч нэвтрүүлэхгүй гэсэн хориг байгаагүй” гэлээ.
ЗТХЯ: Вакцинаас шалтгаалсан хилийн хориг байхгүй
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Спутник V вакцинд 60 мянган хүн хамрагджээ. Албаны хүмүүс дээрх мэдээллийг өгч байв. Гэхдээ хилээр гарах, нэвтрэх иргэдийн урсгал нэмэгдсэн үед Спутник V вакцинтай холбоотой асуудал үүссэн эсэхийг ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээлэл байгаа ч Монгол Улс уг вакциныг хүлээн зөвшөөрсөн. Иймд Спутник V вакцинтай холбоотой агаарын тээвэрт ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Иргэд чөлөөтэй зорчиж хилээр нэвтэрч байна. Гадаадын улс орнуудыг зорих иргэд тухайн улс орны хорио цээрийн дэглэмийг л мөрдөнө. Ерөнхийдөө Монгол Улсын зорчигчдыг Солонгос, Япон, Турк улс вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч 14 хоног тусгаарлаж байна. Жишээ нь, БНСУ вакцинаас үл хамааран зорчигчдоос 24, 48 цагийн PCR шинжилгээний бичигтэй байхыг шаардаж, бид энэ нөхцөлийг нь бүрдүүлсэн. Европын улс орнууд 48 цагийн түргэвчилсэн шинжилгээний бичигтэй бол хилээр нэвтрүүлж байна. Тиймээс вакцинтай холбоотой асуудлаар агаарын тээвэрт Монгол Улс хориг тавиагүй. Агаарын тээвэр тухайн улсын халдвар хамгаалын дэглэмд зохицуулж зорчиж байгаа” гэлээ.