"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна"

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна"

Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.09.17/ мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Цар тахлын гурав дахь давалгаа гурван онцлогтой байна. Нэгдүгээрт, орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй уялдаж байна. Хоёрдугаарт, вакцинжуулалтын хос тун хийлгэсэн ч иргэд халдвар авч байна. Гуравдугаарт дельта хувилбарын тархалт ихэссэн.  Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийгэмд тархаж эхлэхэд гурван хүн тутмын нэгээс дельта вирус илэрч байсан.

Есдүгээр сарын сүүлийн шинжилгээнээс харахад гурван хүний хоёр нь болж нэмэгдсэн байна. Өдөрт бүртгэгдэх батлагдсан тохиолдлын 60-70 хувийг дельта вирус эзэлж байна.

Эмнэлэгт PCR шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээ авах иргэдийн урсгал нэмэгдэж байна. Эмнэлгийн орны ачаалал ихэссэн. Улс орон даяар өдөрт 20-21 мянган ор дэлгэж байна. ХӨСҮТ 285 ор дэлгэн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 30 ор нэмсэн. Ингэснээр нийт 315 орон дээр 400 хүнийг шахаж авсан. Цаашид 50 орыг нэмэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэд вакцины төрлөөс үл хамааран халдвар авч байна. Вакцин хийлгэсэн ч  гэсэн халдвараас 100 хувь хамгаалахгүй.

Халдвар, хамгааллын дэглэм маш чухал.  ХӨСҮТ-д PCR шинжилгээнд  хамрагдаж байгаа иргэдээс судалгаа авахад  45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг,  19 хувь нь оюутан, 17 хувь нь төрийн байгууллагын хүмүүс  байна.  PCR шинжилгээ өгөх гэж байгаа шалтгааныг нь тодруулахад байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаанаар шинжилгээ өгч байна. Яагаад заавал ХӨСҮТ-д шинжилгээ өгч байгаа вэ гэсэн асуултад "Бусад шинжилгээ авч байгаа эмнэлгийн талаарх мэдээлэл байхгүй. Шинжилгээг мөн  үнэгүй авч байгаа учраас"  гэх хариулт давамгайлсан.

COVID-19 ХАЛДВАР НУТАГШМАЛ БОЛЖ ҮЛДЭНЭ

ХӨСҮТ-ийн Ахмад эмч, доктор А.АМБАСЭЛМАА: 

-Цар тахлын аюул дэлхийг нөмөрсөн. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтад 40 гаруй улс оролцсон. Цахим уулзалтаар улс орон бүр өөрийн цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, ололттой талууд, туршлагаа ярилцсан. Монгол Улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэх талаар ярилцлаа. Цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад Covid-19 ирээдүйд устах магадлал байхгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, өмнөх вирусээс илүү хоруу чанартай байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөж байна.

Covid-19 халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байна. Covid-19 халдвартай дасан дасан зохицож амьдрах нөхцөл шаардлага үүсч магадгүй. Тус халдвар нь улирлын томуу болж үлдэх эрсдэл бий.

Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Ирээдүйд  цоо шинэ вирусийн хувилбар гарч ирэх эрсдэл бий. Бид бэлэн байдлаа хангавал дараа дараагийн цар тахлыг хохирол багатай давна. Монгол Улс дэлхийн бусад оронтой адилхан явж байна. Тандалтын судалгааг ямар ч үед хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Хэн хэзээ эрсдэлд өртөх, хэнийг хүндрэлээс сэргийлэх вэ гэдэг менежментийг чухал анхаарах нь зөв. Цар тахалтай тэмцэхэд төрийн байгууллагын манлайлал, иргэн бүрийн оролцоо чухал байна.

Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй. Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халдварт өртвөл маш хурдан эмнэлгийн тусламжийг авах нь зөв. Нэгдэж байж цар тахлын ард гарна.

ДЕЛЬТА БОЛОН МЮ ХУВИЛБАР ХОСОЛСОН ТОХИОЛДОЛД ХАЛДВАРЫН ӨНДӨР ДАВЛАГАА ҮҮСНЭ

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Монгол Улс дельта вирусийн давалгаанд өртсөн ч нас баралтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас бага нас баралттай байгаа. Үүнээс харахад вакцинжуулалтын үр дүн хүндрэл, нас баралтаас сэргийлж байна гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар 180 гаруй улсад дельта вирус тархаад байна. Мөн дэлхийн улс орнуудад Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдсэн. 

Дельта болон Мю хувилбар хосолсон тохиолдолд дэлхий даяар халдварын маш өндөр давалгаа үүснэ.  Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж