Цагаач Солонгосчуудын улсаа хөгжүүлсэн “Ноу Хау” | News.MN

Цагаач Солонгосчуудын улсаа хөгжүүлсэн “Ноу Хау”

Цагаач Солонгосчуудын улсаа хөгжүүлсэн “Ноу Хау”

Өмнөд Солонгосын хөгжил, хүний нөөцийн бодлого
2021 оны 7 сарын 5-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа хөгжлийн тэнхимээс Бүгд Найрамдах Солонгос Улсын “хөгжиж буй орон” гэх статусыг өөрчлөн “хөгжсөн орон” болголоо. 1953 онд Солонгосын иргэний дайн дуусахад дэлхийн хамгийн ядуу орны нэг байсан энэ улсын өнөөгийн хөгжил үнэхээр гайхамшигтай юм. Үйлдвэржилтэд суурилсан энэхүү хөгжлийн гол суурь нь солонгос иргэд байсан бөгөөд “хөгжсөн” гэх одоогийн шинэ статус бүхий энэ улс эдийн засгийн хүчин чадлаараа бөмбөрцгийн эхний аравт багтаж технологи болон инновацын хөгжлөөр толгой цохиж буй дэлхийн эдийн засгийн гол төвүүдийн нэг болоод байна. Ижил төрлийн хөгжлийн бодлого тодорхойлсон хөгжиж буй орнуудаас ялгаатай нь Өмнөд Солонгосын бүхий л салбаруудад солонгос хүмүүс өргөнөөр ажиллан дэлхийн эдийн засгийн тодорхойлох салбаруудад солонгос мэргэжилтнүүд ижил зиндаанд өрсөлдөж буй явдал юм.

Эхний цагаачид буюу үсрэнгүй үйлдвэржилтийн эх

1961 онд Пак Чон Хи генерал төрийн эрхийг авахад Солонгосын дайн дөнгөж дууссан, улс орон нь ядуурал, замбараагүйтэл, авлигад идэгдсэн, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг байлаа. Ямар ч том үйлдвэр, ашигт малтмалгүй Солонгос орныг генерал Пак дэлхийн гүрэн болгон хөгжүүлэх асар том зорилго тавин ажиллаж эхэлсэн гэдэг. Тэрээр хамгийн түрүүнд гаднын зээл тусламж авахаар хөөцөлдсөн ч, Өмнөд Солонгост итгэж зээл өгөх орон олдсонгүй, харин азаар Герман улс Солонгос улсад 100 сая ам.доллар зээлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Хариуд нь солонгос залуучуудыг Германд нүүрсний уурхай болон бусад хүнд үйлдвэрүүдэд ажиллуулахаар хоёр тал харилцан тохиролцжээ.

Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргалаа. Тэдний дотор дээд сургуулийн оюутан, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч олноороо байсан гэдэг. Эх орондоо туслахаар халуун сэтгэлийг өвөрлөсөн тэд харийн орон Баруун Германыг зорьжээ. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд сувилагчийн хүнд ажил, харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа. Герман ажилчид өдөрт найман цаг л ажиллаж байхад солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажиллана. Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлд хүртэл солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна гэж бичсэн байдаг. Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа Герман руу илгээсэн явдлаас үүдэлтэй гэдэг.

Генерал Пак Германаас авсан зээл тусламжаар хамгийн түрүүнд аж үйлдвэрийн 40 цогцолборыг Солонгос орны бүс нутгийн ирээдүйн хөгжилд төлөвлөн байгуулжээ. Юуны өмнө оймс, цамц, өмд, хувцас гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн паркийг бүтээн байгуулсанюм. Улмаар тэдгээр аж үйлдвэрийн 40 цогцолбор томоохон хотуудын хэмжээнд хөгжиж, бүс нутгийн хөгжлийн төв болсон. Эдгээр шинэ үйлдвэрүүдэд өнөөх л гаднын орныг зорин ажиллаж байсан солонгос залуучууд ажиллаж байсан байна. Тэдний тухайнүед үйлдвэрийн тоног төхөөрүүмжүүд дээр ажиллаж байсан туршлага үнэт зүйл болон хувирав. 1960-аад онд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн орон байсныг 1970-80-аад онд аж үйлдвэрийн орон болгон өөрчилсөн ажээ. Эдийн засгийн гол салбарыг цахилгаан хэрэгсэл, автомашин, хими бүтээгдэхүүн, хөлөг онгоц, нэхмэл, хүнсний үйлдвэрүүд бүрдүүлэх болсон. Энэхүү аж үйлдвэрлэлийн салбарт ч мөн адил гадны өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрт ажиллаж байсан солонгос залуучууд эх орондоо эргэн ирэхдээ үйлдвэрлэлийн тухай асар хэмжээний мэдлэгийг өвөртлөн ирж байсан юм.

БНСУ-ын эдийн засгийн хөгжилд хүнд хэцүү он жилүүдэд Германд очиж ажилласан олон мянган солонгос залуучуудын хувь нэмэр асар их байсан нь мэдээж. Харь оронд хар ажилд нухлагдаж, хүнд хүчир хөдөлмөр эрхлэн асар их туршлага хуримтлуулсан тэд нутагтаа эргэн очиж Өмнөд Солонгосын эдийн засгийг сэргээн босгоход гар бие оролцсон. Хүнд хэцүү жилүүдэд Германаас гадна АНУ болон Их Британи, Франц, Нидерланд гээд Баруун Европын орнуудад олон мянган солонгос иргэд хөдөлмөр эрхэлж байсан юм

Хоёр дахь цагаачид буюу Баруунд төрж өссөн Солонгос хүүхдүүд

Хурдтай үйлдвэржилтийн давалгаанаас хосцорсон солонгосчууд 1980-аад оноос эхэлж АНУ, Япон, Австрали улсууд руу олноор цагаачилж эхэлсэн. Гадны улсад цагаачлан гарсан эдгээр иргэд өөрсдийн үр хүүхдүүдийн төлөө борви бохис хийлгүй зүтгэж байв. Хүнд хүчир амьдрал дунд өсөж байсан эдгээд хүүхдүүд сурлага болон тууштай байдлаараа ялгарж байсан бөгөөд 1990 оноос эхлэн дэлхийн шилдэг сургуулиудад суралцах солонгос иргэдийн тоо огцом өсөж эхэлсэн байна. Тэдгээр хүүхдүүд ихэвчлэн эдийн засаг, санхүү, технологи зэрэг олон хүн өрсөлддөг мэргэжлүүдээр суралцаж байсан бөгөөд өөр, өөрсдийн амьдарч буй орнуудынхаа томоохон байгууллагад ажиллаж эхэлсэн байдаг. Өмнөд Солонгосын эдийн хурдацтай тэлхийн хэрээ барууны ертөнцтэй харилцах эдийн засгийн харилцаа ч төдий чинээгээр нэмэгдэж эхэлсэн бөгөөд барууны стандартын дагуу бизнес эрхлэх, зөвлөгөө өгөх тэдэнтэй нэгэн түвшинд өрсөлдөж чадах боловсон хүчин Солонгост өндөр эрэлттэй болов. Гадны оронд өндөр боловсрол эзэмшсэн эдгээр хүүхдүүд БНСУ-д эргэн ирж улсынхаа эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэлсэн юм. Гадаадаас ирсэн өндөр боловсролтой залуучууд улсынхаа тэргүүлэх компаниуд болох “Самсунг”, “LG”, “Хьюндэй” гээд технологийн компаниудад ажиллахаас гадна технологийн салбарын олон амжилттай гарааны бизнесүүдийг эхлүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д АНУ-ын иргэншилтэй сая гаруй солонгос хүн ажиллаж, амьдарч буй. Америкаас гадна Японд олон зуун мянган солонгос иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэд мөн л Наран улсын өндөр технологийг эх орондоо нутагшуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм. Дэлхий даяар 82 сая солонгос хүн байдгаас 50.6 сая нь БНСУ-д, 25.3 сая нь БНАСАУ-д, БНХАУ-д 2.5 сая, АНУ-д 2.1 сая, Японд 900 мянга, Канадад 200 мянган солонгосчууд аж төрдөг.

БНСУ, Тайвань, Сингапур, Малайз зэрэг Азийн бар орнууд нэгэнт үйлдвэрлэлийн бааз суурь байхгүй учраас анхандаа барууны аж үйлдвэрийг шууд хэрэглэсэн ба улмаар 1980-аад оноос эхлэн аж үйлдвэрийн паркуудаа мэдлэгийн эдийн засагт тохируулж дэлхийн хэмжээний санхүү, нийгэм, боловсролын иж бүрэн тогтолцоог оруулж ирсэн. Үүнээс гадна дэлхийн судалгааны чиглэлтэй том компаниудыг санхүүгийн орчноор дэмжин аж үйлдвэрээ мэдлэгт тулгуурлуулан хөгжүүлж гадны оронд суралцаж ирсэн залуучууддаа ажлын байр гаргаж өгч байв. Өмнөд Солонгосын олон мянган залуус АНУ болон барууны орнуудад өндөр боловсрол эзэмшиж, эх орондоо эргэж ирэн, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж