Швед болон АС Миланы алдарт довтлогч Златан Ибрахимовичийн “France Football” сэтгүүлд өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Таныг хүүхэд байхдаа унадаг дугуйгаа алдаж байсан гэж сонссон. Дараа нь олж чадсан уу?
-Үгүй ээ. Хулгайд алдаад буцааж авч чадаагүй. Магадгүй үүнээс л болж би өөрөө дугуй хулгайлж эхэлсэн байх. Одоо бодохоор ичмээр ч тухайн үед би хамгийн дуртай дугуйгаа алдсан.
-Хэрэв дугуйг тань хулгайлсан хүнийг олсон бол та юу хийх байсан бэ?
-Би түүнд шинэ дугуй авч өгөөд өөрийнхийгөө эргүүлж авах байсан.
-Та энэ дугуйныхаа түүхийг намтар номондоо их бичсэн байсан. Магадгүй энэ таны амьдралын эргэлтийн цэг байсан юм биш үү? Ялагдагчаас ялагч болсон мэт мэдрэмж төрсөн үү?
-Үгүй дээ. Би багадаа тэнэг л байсан байхгүй юу. Би амьд үлдэхийн төлөө л энэ бүгдийг хийж байсан. Надад дугуй л хэрэгтэй байсан. Дугуйгаа алдаад өөрөө хулгайлдаг болсон. Хамгийн хайртай дугуйгаа алдаад бусдын дугуйг хулгайлахаа больсон л доо. Гэхдээ гол нь би өөрөө дугуй худалдаж авч чадахгүй байсантай холбоотой. Энэ бол амьд үлдэх эсэх талаар асуудал. Хэдий таатай зүйл биш ч хүн бүр урагшлахын төлөө боломжтой бүхнийг хийдэг, үгүй гэж үү?
-Өнөөгийн хөлбөмбөгөөс юу хулгайлаад бяцхан Златанд өгмөөр байна ?
-Юу ч биш. Би түүнд илүү их тэвчээртэй байгаарай л гэж хэлнэ. Ингэж шаргуу хөдөлмөрлөсний чинь үр дүн гарна гэж захина. Би багадаа шаргуу хөдөлмөрлөдөг байсан ч тийм ч их тэвчээртэй байгаагүй. Бүгдийг их л хурдан хийх гэж хүсдэг байлаа. “Златан, тэвчээртэй бай. Зогсолтгүй зүтгээд л бай, өөртөө итгэ” гэж хэлэх байсан.
-Тэгээд та хэрхэн тэвчээртэй болсон юм бэ? Одоо өөрийгөө тэвчээртэй хүн гэж хэлж чадах уу?
-Залуу байхад тэвчээртэй байх хэцүү шүү дээ. Одоогийнх шигээ туршлагатай байсан бол тэвчээр гэж юу болохыг ойлгох байлаа. Гэхдээ л залуу байхад тархи толгой санаа бодлоор дүүрэн, маш их эрч хүчтэй, хорвоо дэлхийг танин мэдэхийг хүсдэг, сурах зүйл ихтэй байлаа. Ийм байхад тэвчээртэй байна гэдэг хэцүү. Чамайг дардаг, нүүрэн дээр чинь шулуухан хэлдэг тийм л хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.
-Тамирчны замналаа өндөрлүүлсний дараа одоогийн Златаны юуг дурсан санах вэ?
-Мэдэхгүй байна. Хэрэв дурсан санах зүйл байвал би ажлаа сайн хийсэн гэсэн үг. Магадгүй миний санаанууд байх. Өөртөө итгэх итгэл, өөрийн гэсэн зан чанар, өөрийнхөөрөө байхаас айдаггүй мөн үргэлж нээлттэй сэтгэлгээтэй байдаг байдал. Энэ л миний одоогийн Златанаас дурсан санах зүйлс юм уу даа.
-Та ер нь алдаа гаргаж байсан уу?
-Өдөр бүр л алдаа гаргадаг. Одоо чамтай ярьж байгаа минь хүртэл алдаа(инээв). Өдөр бүр бид алдаа гаргадаг. Харин үүний ачаар бид илүү сайн хүн болж чаддаг. Хэн ч төгс биш шүү дээ.
-Та юугаар бахархдаг вэ?
-Би юу хийснээрээ бахархдаг. Хүн бүр намайг шүүж, надад бүх зүйл боломжгүй гэж хэлдэг байсан газраас би энэ хүртэл явлаа. Хүмүүс миний талаар “Тиймээ, тэр хангалттай сайн биш” гэж ярьж магадгүй. Гэхдээ би 39 насандаа одоог хүртэл гутландаа багтаад хөлбөмбөг тоглож байна. Би үүгээрээ л бахархана.
-Та одоо байгаагаасаа илүү сайн байж болох байсан уу?
-Хүн бүр илүү сайн байж болно гэж боддог. Гол нь сэтгэлгээний л асуудал.
-Та ч гэсэн үү?
-Хүн бүр сайн байж болно шүү дээ. Толгой дотроо би дээд түвшиндээ хүрэх талаар боддог. Тэгээд л түүндээ хүрдэг. Би илүү сайн байх боломжтой байсан уу? Зарим нь тийм гэж хэлэх байх. Энэ маргаантай асуудал л даа.
-Хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигчид, хүмүүс таны талаар элдэв зүйл л ярих юм. Үүнээс залхаж байна уу?
-Энэ чинь миний ажлын нэг хэсэг. Би үүнийг сонгоогүй. Зүгээр л над шиг сайн байхад энэ бүх зүйл өөрөө ирдэг юм. Гол нь үүнийг даах хэрэгтэй.
-Таныг жижиг тоглолтуудад гангардаг гэж хэлдэг хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой. Хүн бүр бодож байгаа зүйлээ ярих эрхтэй.
-Залуу байхад энэ бүхэн таны дургүйг хүргэдэг байсан уу?
-Үгүй ээ. Гал дээр тос нэмэх шиг л болдог байсан. Илүү ихийг бүтээх миний сэдлийг бадраасан. Надад урам зориг өгсөн. Үүний ачаар л би ахиж, үргэлж өөрийнхөө амжилтанд сэтгэл хангалуун бус байхад тусалсан. Шүүмжлэл бүхнийг би өөрийгөө асаахад, эрч хүч авахад ашигладаг байсан.
-Танд харамсч явдаг зүйл бий юу?
-Үгүй дээ. Амьдралд минь тохиолдсон бүх зүйл зурсан зургийн дагуу явж байгаа.
-Аваргуудын лигт түрүүлээгүйдээ харамсдаггүй гэж үү?
-Үгүй. Хэрэв би түрүүлсэн бол илүү сайн тоглогч болох байсан гэж чи бодож байна уу?
-Тэгэх шаардлагагүй ээ. Бразилын Роналдо ч түрүүлээгүй шүү дээ.
-Яг тийм. Хэрэв би түрүүлсэн бол үнэхээр гайхалтай байх байсан. Гэхдээ би түрүүлээгүй ч муу тоглогч болоогүй. Хүмүүс “Златан чи дэлхийн аваргад түрүүлээгүй. Тэгэхээр чи сайн хөлбөмбөгчин биш” гэж хэлдэг. Болж байна. Шведийн шигшээд тоглосноос Францын шигшээд тогловол дэлхийн аваргад түрүүлэх магадлал өндөр. Үүнээс гадна удаан хүлээсний эцэст Аваргуудын лигт түрүүлэх нь илүү гайхамшигтай биш гэж үү? Надад одоо ч зорилго бий. Клубын түвшинд би Аваргуудын лигээс бусад бүхий л тэмцээнд түрүүллээ. Зарим тоглогчдоос илүү их хөдөлмөрлөсөн байж түрүүлж чадсангүй гэж гомдоллоогүй шүү. Би жаргалтай байна.
-Та бас алтан бөмбөг(Баллон Д’Ор) хүртэж чадсангүй. Та алтан бөмбөгийг санах уу? эсвэл алтан бөмбөг таныг санах уу?
-Алтан бөмбөг намайг санана гэж бодож байна.
-Та 2013 оны алтан бөмбөгийн санал асуулгад дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ таны хамгийн өндөр амжилт. Үүнийг хүртээгүй нь таны хувьд энгийн бус зүйл үү?
-Тоглогч бүр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэж хэлүүлэхийн тулд энэ шагналыг авахыг хүсдэг. Би дотроо өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэж боддог. Алтан бөмбөг хүртэх нь нэр төрийн хэрэг ч сонгогчид л хэнд өгөхөө шийддэг шүү дээ. Алтан бөмбөгт санал өгдөг хүмүүс яагаад намайг энэ шагналыг аваагүйг мэднэ(инээв).
-Месси, Роналдо хоёр бүхий л шагналуудыг түүсэн. Тэдэнд байдаг танд байдаггүй зүйл юу вэ?
-Хэрэв чи дотоод чанаруудын тухай ярьж байгаа бол надад тэднээс дутах зүйл байхгүй. Харин авсан цомуудыг нь харвал надад Аваргуудын лигийн түрүү алга. Гэхдээ чамайг эдгээр зүйлсийг хэрхэн тооцоолж байгааг мэдэхгүй юм. Би үүнд санаа зовдоггүй. Сайн зүйл хийвэл хувийн шагнал дагаад л ирнэ. Баг нь сайн биш бол хувь тамирчин нь ч сайн биш байна.
-Та өөрийгөө дэлхийн хөлбөмбөгийн түүхийн хаана нь зогсоох вэ? Нэг ширээ байлаа гэхэд хаана нь суулгах вэ?
-Юу гэсэн үг юм.
-Тантай хамт нэг ширээнд хэн суух вэ л гэсэн үг.
-Тоглогчдыг хооронд нь харьцуулах утгагүй шүү дээ. Хөлбөмбөгчин бүр өөрийн эрин үедээ, өөр өөрийн баг хамт олонтойгоо тоглож байсан. Харьцуулахад хэцүү. Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй, үүнтэйгээ нүүр тулгарах ёстой. Миний суусан ширээ асуудлаар дүүрсэн л байх болно доо.
-Таны хувийн зан араншин таныг хөлбөмбөгийн ертөнцөөс холдуулсан гэж бодож байна уу?
-Би өөрөөрөө л байна. Хүмүүс үргэлж төгс байхыг хичээдэг. Харин би үргэлж “Өөрийнхөөрөө бай, энэ л төгс” гэж хэлдэг. Би амжилтын төлөө өөрчлөгдөөгүй. Би урьд нь ямар байсан түүгээрээ л байгаа. Юу ч тохиолдсон өөрийнхөөрөө байгаа. Хөлбөмбөгөө тоглоод багаараа ялахыг хүсдэг. Бусад нь урсгалаараа болчихдог юм. Би алдартай болохыг сонгоогүй. Хөлбөмбөгийн хүрээнээс гаргасан гэж юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Ажилдаа сайн байхад энэ бол ажлын нэг хэсэг. Хүмүүс чамайг таниж эхэлвэл алдартай болно. Энэ л үр дүн.
-Би талбайн гадуур гэж хэлэх гэсэн юм.
-Миний талбай дээр хийдэг зүйлтэй холбоогүй юм байна. Их ярьдаг хүмүүст хандаж хэлэхэд хэрэв чи талбай дээр сайн тоглохгүй бол од биш шүү. Миний хувьд чи алиалагч.
-Хөлбөмбөгт олон алиалагч байгаа биз?
-Хайрцаг хайрцгаараа л байна.
-Хоёулаа сая төгс байх талаар ярьж байлаа. Үүнийгээ үргэлжлүүлбэл?
-Хүмүүс төгс байхыг хүсдэг, зарим нь өөрөөсөө гадна хувь хүн бүтээдэг. Өөрийнхөөрөө байна гэдэг төгс байна гэсэн үг гэж би хэлсэн. Та надаас алдаа гаргаж байсан уу? гэж асуусан. Мэдээж, би алдаа гаргадаг. Өөрийгөө төгс гэж боддог хүмүүс алдаа гаргадаггүй гэж боддог.
-Та ПСЖ-ээс явахдаа “Хаан шиг ирээд домог шиг явлаа” гэсэн. Таниас хойш Парист дахин домог төрсөн үү?
-Өмнө хэлсэнчлэн хүн бүр өөр өөрийн түүхтэй. Би ПСЖ-д түүхээ бүтээсэн. Одоо харин өөр нэгэн гарч ирж, түүхээ бичиг цаг нь болсон. Би өөрийнхөө түүхийг “Хаан шиг ирээд домог шиг явлаа” гэж тодорхойлсон. Хэн ч миний тодорхойлолтыг хуулбарлаж болохгүй. Тэд шинэ нэр олох хэрэгтэй.
-Амьдрал эхлэлээсээ төгсгөл хүртэл бүхэлдээ үлгэр гэж та боддог уу?
Үргэлж. Хамгийн чухал нь хэрхэн эхлээд хэрхэн дууссан нь. Хэрэв амжилтанд хүрвэл хүмүүс чамайг түүгээр чинь дурсах болно.
-Хүмүүс таныг дурсан санах чухал хэрэг үү?
-Миний хувьд үгүй. Би ажлаа сайн хийдэг. Ялахын тулд, өөрчлөлт авчрахын тулд талбайд гардаг. Хүмүүс намайг хүчээр санаарай гэж би энд ирээгүй. Хүмүүс чамайг санаж байгаа бол чи ямар нэгэн юм бүтээжээ гэсэн үг.
-Та их зантай юу эсвэл худлаа дүр эсгэгч үү?
-Би өөртөө итгэлтэй. Их зантай ч биш, дүр эсгэгч ч биш. Мунхаг хүмүүс намайг ихэмсэг гэж хэлнэ. Ухаантай хүмүүс намайг өөртөө итгэлтэй гэж хэлнэ.
-Хүмүүс таныг онцгой гэж бодох сайхан уу?
-Би онцгой биш. Энгийн.
-Таны туулсан зам, хөлбөмбөгчний замнал тань таныг онцгой болгодоггүй хэрэг үү?
-Энэ бол ялгаатай зүйл. Хүн бүр л энгийн. Бид өөрсдийн онцлог шинж чанараараа ялгаатай боловч зүрх сэтгэлээрээ адилхан.
-Сул талаа нуух гэж хичээж байсан уу?
-Хэрэв чи миний түвшинд хүрч чадвал сонголтгүй гэдгээ ойлгоно. Би энд хувийн амьдралаа дэлхийн дахинд дэлгэх гэж ирээгүй. Би мэргэжлийн хөлбөмбөгчин. Юу хуваалцахыг хүссэн түүнийгээ л ярина. Өглөө босоод инстаграм дээр сайн уу гэж пост бичихийн тулд гайгүй зургаа сонгодог алиалагч би биш. Би мэргэжлийн амьдралынхаа талаар хуваалцах хүсэлтэй. Миний хувьд хувийн амьдрал бол чухал зүйл. Би үүнийг бусдад дэлгэдэггүй. Ажлын шаардлагаар л мэргэжлийн амьдралаа бусадтай хуваалцдаг. Надад нуух зүйл байхгүй. Би хувийн амьдралаа хадгалж үлдмээр байна.
-Та бараг 40 нас хүрч байна. Цаашдаа ч энэ хэвээрээ чанга залуу байж чадах уу?
-Чи намайг дээрэмчин гэж бодоо юу? (инээв) Би дээрэмчин биш шүү дээ. Хэрэв би одоог хүртэл бараг хоёр метр өндөр, хүчтэй хэвээрээ байгаа бол энэ миний бэлтгэл сургуулилттай холбоогүй. Веницийн далайн эрэг дээр бэлтгэл хийдэг булчинлаг залуу ингэж л төрсөн. Аав, ээж хоёр минь ийм л байсан. Би насандаа тохируулж тоглолт хийхийг хичээдэг. Би 25, 30 настай шигээ хурдан биш. Багтаа л туслахыг хүсдэг. Чиний хэлсэн шиг чанга эр би биш.
-Та тэгэхээр сайн залуу гэсэн үг үү?
-Тийм ээ. Хэрэв чи намайг мэддэг бол би сайхан сэтгэлтэй. Харин намайг мэддэггүй бол чи намайг үзэн яддаг.
-Та хүн бүрт таалагдахыг хүсдэг үү?
-Үгүй дээ. Юу хийдэг түүгээр минь хүмүүс намайг таниасай гэж хүсдэг. Хайрлуулах эсвэл үзэн ядуулахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ? Хайр гэж юу болохыг надад хэлээч. Чамтай ойр дотно байдаг хүмүүс бол хайр. Жишээлбэл, дэмжигчид. Интерт байх үеийг маань эргэн саная. Намайг Интерт тоглодог байх үед хүн бүр надад хайртай байсан. Харин явсаны дараа хайргүй болсон. Тэгэхээр хайр гэж юу вэ?
-Гэр бүл.
-Яг тийм. Хэрэв сайн зүйл хийвэл хүмүүс чамайг хайрлаж эхэлнэ. Энэ хайр гэж үү? Үгүй. Энэ надад таалагддаггүй. Хүмүүс шударга байж хэрэв би сайн зүйл хийвэл хийсэн зүйлийг минь үнэлээсэй гэж би хүсдэг. Хүмүүст “Тэр сайн залуу” гэж хэлүүлэхийн тулд хандивын аянд оролцдог хүмүүс надад таалагддаггүй. Шал худлаа. Хэрэв би ямар нэгэн зүйл хийсэн бол үүнийг хүссэн болохоороо л хийсэн гэсэн үг. Хэн ч үүнийг мэдэх албагүй. Би үүнийг чин сэтгэлээсээ хийдэг. Зарим нь өөр зүйл бодож хийж байна. Сайн үйлсийн аянд оролцсон хүнийг бид “Тэр ч сайн залуу шүү. Тэр эмнэлэгт мөнгө хандивласан. Covid-19-ийн эсрэг мөнгө өгсөн” гэж ярьдаг. Би ч ийм зүйл хийдэг. Гэхдээ ил зарладаггүй. Том ялгаа шүү.
-Хөлбөмбөгт ийм хүмүүс байгаа нь муу зүйл үү?
-Энэ чинь өнөөгийн дэлхийн нэг хэсэг. Хүмүүс төгс байхыг хүсдэг. Тэд дүр эсгэхийг хүсч байна. Гэхдээ л эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнэ. Хэн нь жинхэнэ бэ гэдгийг бид олж мэднэ. Тайгер Вудсыг хар л даа. Тэр уг нь дэлхийн хамгийн төгс хүн байх ёстой биз дээ. Өөрийнхөө бай, өөрөөрөө битгий тогло. Эс тэгвээс эцэст нь төлөгдөх үнэтэй шүү. Өөрийгөө төгс эсвэл сайн хүн болгож харагдуулахын тулд юу ч битгий хий.
-Та өөрөө хүмүүст таалагдахын тулд Шведийн төрийн дууллыг сурсан юм биш үү? Эсвэл бид хэтэрхий өнгөц дүгнэчихэв үү?
-Би багадаа өөрийгөө Швед гэж боддоггүй байсан (Түүний аав нь Босни, ээж нь Хорват). Тэд намайг өөр юм шиг мэдрэмж төрүүлдэг байсан. Надад өөрөөр хандаж, өөрөөр шүүж, өөрөөр хардаг байсан. Ийм учраас л би өөрийгөө 100 хувь Швед хүн гэж боддоггүй байсан. Харин надтай ижил харьцаад эхэлсэн чинь би өөрийгөө Швед хүн гэж мэдэрдэг болсон. Өнөөдөр би өөрийгөө 100 хувь Швед хүн гэж хэлж чадна. Би шинэ Шведийн төлөөлөл. Францад ч мөн адил. Өөр өөр зүйлсээр дүүрэн холимог ертөнцөд би амьдарч байна. Бид 2021 онд байна шүү дээ. Чиний 100 хувь Франц эсвэл Швед хүн байх чинь хэнд ч хамаагүй. Би багадаа үүнийг л ойлгож чадаагүй хэрэг. Миний эхнэр 100 хувь Швед хүн. Хүүхдүүд маань эрлийз ч тэд 100 хувь Швед. Бид ийм л ертөнцөд амьдарч байна. Нээлттэй сэтгэлгээтэй нийгэм гэж энэ.
-Шведэд одоо ч арьс өнгөний үзэл байдаг гэж та боддог уу?
-Надад мэдрэгддэггүй ч мэдээж байгаа. Дэлхийн хаа сайгүй л байгаа. Мунхаг хүмүүс үргэлж байна. Би хайр, баяр баяслыг түгээсэн ч тийм хүмүүс байх л болно. Миний хувьд хөлбөмбөгөөр дамжуулан хайр түгээдэг. Ингээд л болоо.
-Та одоо ч Леброн Жэймсээс өөр бодолтой байна уу?
– Бид улстөрч биш гэдгийг би хэлсэн. Улс төр хүмүүсийг хуваадаг. Харин миний ертөнцөд хөлбөмбөг хүмүүсийг нэгтгэдэг. Том ялгаа. Би дэлхийн дөрвөн булангаас ирсэн хүмүүстэй уулзаж байсан. Бид хүмүүсийг нэгтгэдэг. Улстөрчид хуваадаг. Спорт, улс төр бол хоёр өөр ангиллын зүйлс. Хэрэв чи ухаантай бол үүнийг ойлгоно. Миний улс төрийн карьер хөөх эсэх нь асуулт биш ээ. Харин юу хийж байгаа, юу хүргэхийг зорьж байгаа нь чухал. Хөлбөмбөгчид бид хайр, баяр баяслыг үйлдвэрлэдэг. Энэ ертөнцөд өөрийн улс төрийг авчрах шаардлагагүй. Би энд хүмүүст муу зүйл түгээх гэж суугаагүй. Бид энд хүмүүсийг нэгтгэх гэж, хайр, баяр баяслыг түгээх гэж ирсэн. Хамгийн гол нь бид спорт, хөлбөмбөг гэх мэт хамгийн сайн чаддаг зүйлээ хийх учиртай.
-Таныг өвтгөдөг, эмзэг болгодог зүйл юу вэ?
-Янз янзын л зүйлс. Би одоо гэр бүлтэй. Бид хөл хорио, Covid-19-ийн үед амьдарч, үүний улмаас дэлхий бараг бүхэлдээ өөрчлөгдлөө. Италид амьдрал дээрдсэн. Саяхан би гадуур хооллож, хүмүүстэй уулзсан. Жаахан эвгүй санагдсан. Өмнө нь ганц таваг хоол идээд харьдаг байлаа. Гэртээ хүртэл амны хаалт зүүж, сэтгэхүйн хувьд ч эргээд хэвийн амьдралдаа ороход амаргүй байсан. Хурдхан л бүх зүйл урьдын шигээ хэвийн болоосой гэж найдаж байна. Ирээдүйд сайн үр дагавар гарах байх.
-Та юунаас айдаг вэ?
-Айдас гэж юу юм бэ? Ямар призмийн талаар ярьж байгаагаас л шалтгаална даа. Би сорилтоос айдаггүй. Аливаа зүйлийг туршиж үзэхээс айдаггүй. Гэхдээ өвдөхөөс айдаг. Тиймээ. Гэхдээ өвдөхгүй гэж яваад байвал галзуурна шүү дээ. Мэдээж надад айдас бий. Ядаж л айхыг хичээдэг.
-Эцэг болоод юу улам бүр айдастай болсон уу?
-Хүүхдүүдийн минь талаар ярихдаа айдас гэж ярих хэрэггүй шүү. Харин сул талуудын талаар ярьж болно. Хүүхэдтэй болохоор сул талтай болдог юм байна. Би мэдрэмж, сэтгэл хөдлөлийн талаар ярьж байна. Хүүхдүүд маань миний сул тал. Миний амьдрал зөвхөн минийх байхаа больсон. Тэдний гарт миний амьдрал явж байгаа. Тэдэнд юу тохиолдох нь надад юу тохиолдохоос илүү чухал. Энэ миний сул тал. Бид ярилцаад аль хэдийнэ 30 минут болчихлоо. Чамтай үргэлжлүүлж ярихад би дэндүү үнэтэй.
-Хэр үнэтэй юм бэ?
-Их үнэтэй. ПСЖ-ээс очиж асуугаарай.
-Дахиад 5-10 минут ярилцах боломж байхгүй гэж үү?
-Болно. Гэхдээ надад хийх ажил их байна.
-Таны зодог тайлах талаар яримаар байна. Хөлбөмбөгөөс холдоно гэхээр сонин мэдрэмж төрч магадгүй.
-Би бас тэгэж боддог. Тамирчин бүрийн хувьд зодог тайлна гэдэг хэцүү зүйл. Замналынхаа туршид тогтсон цагийн хуваарийн дагуу явлаа. Өдөр бүр эрт босож, өглөөний цайгаа уугаад бэлтгэлдээ явна. Бэлтгэлээ дуусгаад алжаалаа тайлна. Өдрийн хоолоо идээд гэртээ харьж сэргэнэ. Орой гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Яг энэ хуваарийн дагуу өдөр бүр явна. Ингээд 20-25 жил явчлаа. Зодог тайлсныхаа дараа өглөө босоод “Би одоо юу хийнэ” гэж хэлнэ дээ. Амьдралын минь шинэ бүлэг эхлэх үе тэр байх. Үүнээс л айж байна. Би юу хийх вэ? Гэхдээ зодог тайлах хараахан болоогүй байна. Цаг ирэхээр нь зохицох болно.
-Францад бид үүнийг жижиг үхэл гэж ярьдаг.
-Яг тийм. Үүнээс гадна таны хувийн зан чанар, хэрхэн хэвийн амьдралд дасах, хэрхэн тэмцэх, хариу үйлдэх үзүүлэхээс хамаарна. Амаргүй л дээ.
-Зодог тайлаад амрахыг хүсэхгүй байна уу? Юу хүссэнээ идэж, ууна ш дээ.
-Зодог тайлсныхаа дараа алга болохыг хүсч байна. Над шиг олон жил амьдарсныхаа дараа л намайг сэтгэл зүй, бие махбодийн хувьд юу туулсныг чи мэдэрнэ. Би зүгээр л алга болж, амьдралаа сайхан өнгөрүүлмээр байна.
Холбоотой мэдээ