Цахим сүлжээнд нийтлэгдсэн Чойжин ламын сүм музейд “Үдшийн музей” үйл ажиллагаа болж, үзэсгэлэн гарч байгаа талаар мэдээллийг олон хүн хуваалцжээ. Үзэж сонирхох хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа учир ямар түүхтэй газар хэчнээн үзмэр дэлгэсэн, тусгайлан гаргасан цамын бүтээлүүд нь ямар онцлог, ур хийцийг шингээсэн гээд сонирхлыг минь ихэд татсан учир тус музейг зорилоо. 18.00-22.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байсан учраас музей нээх цагийг дөхүүлээд очиход хүмүүс аль хэдийн ирчихсэн гадна хаалга хүртэл нь очерлож зогссон байв.
Ойролцоогоор 60 гаруй хүн жагсан зогсчээ. "Халдвар хамгаалалтын дэглэмээ сахиж зайгаа бариарай" гэсэн зохион байгуулагчийн хэлснийг сонссон хүмүүс хоорондоо 50 см хүртэл зайтай зогсоно. АТМ дээр очерлодог зангаар хүмүүсийг төсөөлж байсан ч энд тэс өөр соёлтой хүмүүс угтсан юм.
Бүгд хүлээцтэй байх бөгөөд музейн ажилчид угтах хоёр хэсэгт үзэгчдийн халууныг хэмжиж цааш ороход нь тасалбар өгч, аль хэсэг рүү явахыг хөтөч чиглүүлнэ. Хотын төвд амрах талбай, цэвэр агаар, тайван орчныг хослуулсан байршил нь хүмүүсийн гэр бүлээрээ зорин ирэх боломжийг олгожээ. Тус музейг үзэх үзэгчдийн хамгийн бага нь таван сартай, харин ахмад нь 95 настай буурай байв. Амралтын өдөр биш ч ажлын бус цаг учир хүний хөдөлгөөн үл тасарна. Хүмүүсийн хэлж байгаагаар өмнө нь хэд хэдэн музей үзэж байсан ч “Үдшийн музей”-г зохион байгуулж буй хамт олон Covid-19-ийн үед маш цэгцтэй, зохион байгуулалт сайтай байна. Цар тахлын нөхцөл байдалд удаан байсны эцэст олуулаа музей үзэж байгаадаа баяртай байна гэдгээ хэлж байлаа.
ХОЁРХОН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА УЧРААС НАЙЗУУДТАЙГАА ЯАРЧ ИРСЭН
ИРГЭН Н.УРАНГОО:
-Фэйсбүүкт тавигдсан мэдээллээс ийм үйл ажиллагаа болох гэж байгааг мэдсэн. Хоёрхон өдөр зохион байгуулна гэсэн учраас найзуудтайгаа ярилцаад хамт үзэхээр болсон. Уг нь 18:00 цагаас нээнэ гэсэн болохоор яаралгүй эрт ирсэн ч хүмүүс зөндөө дугаарлаж байна. Тиймээс цаашид ч энэ төрлийн хөтөлбөр, цагийн хуваарьтай үй ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй санагдлаа. Миний хувьд энэ музейн гадуур өдөр бүр явдаг ч өмнө нь нэг ч удаа үзэж байгаагүй. Тэгэхлээр өнөөдөр заавал үзнэ гэж өөртөө хэлсэн. Гадаад явахаасаа өмнө монголын түүхийн нэгэн хэсгээс сонирхож, таньж мэднэ гэдэг нэг талаараа гоё. Нөгөө талаар найзуудтайгаа цагийг дурсамжтай өнгөрүүлж байгаа нь сайхан санагдаж байна.
МУЗЕЙ ҮЗЭХЭЭР ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИДЭР, БУУРАЙ ГЭЭД БҮХ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ИРСЭН НЬ САЙХАН САНАГДАЖ БАЙНА
ИРГЭН Ж.БИЛГЭЭ:
-Миний хувьд өмнө нь Чойжин ламын музейг үзэж байсан. Гэхдээ өнөөдрийн онцлог нь шөнийн цагаар гэсэн учраас сонирхлыг минь их татлаа. Хүмүүст ч оройн цагаар музей үзэх, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нь таатай санагдаж байгаа байх. Хүүхэд, залуус, идэр, буурай гээд бүх үеийн төлөөлөл ирсэн харагдаж байна. Ер нь аль ч улс орон соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулах үйл ажиллагаа, хөтөлбөрийг явуулж байх хэрэгтэй. Хэрэв ажлын бус цагаар иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуулбал залуучууд гэлтгүй ахмад настай буурлуудтайгаа ирнэ. Өнөөдөр гэхэд л би ээжтэйгээ музей үзэхээр ирээд очерлоод зогсч байна. Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд олон хоног зохион байгуулах зүйтэй.
МУЗЕЙ ҮЗНЭ ГЭДЭГ ТҮҮХ, СОЁЛЫГ ТАНИН МЭДЭХЭЭС ГАДНА НИЙГЭМШИХ ДАВУУ ТАЛТАЙ УЧРААС ГЭР БҮЛЭЭРЭЭ ЗОРЬЖ ИРСЭН
ИРГЭН Э.МАРАЛМАА:
-Өдөр ажил дээрээ сууж байгаад цайны цагаараа оройн музейн хөтөлбөрийг харсан. Тэгээд л гэр бүлээрээ ирэхээр цаг товлосон. Хань болон хүүхдүүд маань миний саналыг их дуртай хүлээж авсан. Удаан хугацаанд хөл хорио тогтоосон болохоор гэр бүлээрээ олон нийтийн газруудаар төдийлөн яваагүй. Мөн энэ долоо хоногт хүүхдүүдийн хичээл цахимаар орж байгаа учраас амралтын цагаа гадуур зугаалж, хамтдаа цагийг өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Музей үзнэ гэдэг зөвхөн түүх соёлын хувьд ч биш хүүхдүүдийг нийгэмшүүлэх, танин мэдүүлэх гээд олон давуу талтай. Covid-19-ийн үед дэлхий нийтээр дасан зохицож, ажил амьдралаа зохицуулж байгаа учраас дараа дараагийн удаа үүнээс өргөн хүрээнд зохион байгуулахыг хүсч байна. Өнөөдрийн хувьд зохион байгуулалт сайн байна.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙН БАЙГАА Ч МУЗЕЙН ТАНХИМУУДАД ТАЙЛБАРЛАГЧИЙН ЯРИА СОНСОГДОХГҮЙ БАЙЛАА
А.НАРМАНДАХЫН ГЭР БҮЛ:
-Манай гэр бүлийн тухайд музей, галерей зэрэг үзэж, чөлөөт цагаараа хамтдаа байхыг хичээдэг. Хотод гэр бүлээрээ очих, тав тухтай байх амралтын бүс, орчин хомс. Тиймээс аль болох өөрсдөө судалж, хүүхдүүддээ юуг үзүүлж, харуулах хэрэгтэй вэ? гэж судалж байж очдог. Бидний хувьд өнөөдрийн үйл ажиллагааг олныг хамарч байгаа учраас тусгай хөтөлбөртэй байх гэж төсөөлж байсан. Гэхдээ тийм зүйл байсангүй. Мөн зохион байгуулалт сайн байгаа ч хүн их учраас музейн танхимд хүүхдүүд тайлбарлаж байгааг харахгүй, сонсохгүй зэрэг асуудал гарч байгаа санагдлаа. Түүнээс хүмүүс маань соёлтой, түүх дурсгалын ховор нандин бүтээлийг сонирхохоор олноор хүрэлцэн ирсэн нь сайхан санагдаж байна. Дараагийн жилүүдэд цар тахал хумигдвал үүнээс өргөн хүрээнд энэ үйл ажиллагааг зохион байгуулж, төлөвлөх боломжтой юм байна гэж бодлоо.
Гэр бүлээрээ зочлох, үйлчлүүлэх соёл урлагийн мэдрэмж авах боломжтой газар, үйл ажиллагаа Covid-19-өөс шалтгаалж зохион байгуулагдаагүй хоёр жил болжээ. Тиймээс хоёр өдөр зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 2000 гаруй хүн ирсэн байна.
“ҮДШИЙН МУЗЕЙ” ХЭМЭЭН ТОДОТГОЖ ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ӨВИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Музейн хамт олны хэлж байгаагаар Чойжин ламын сүм музей соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Шөнийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн онцлог нь музейн нийт сүм буюу танхимуудад хадгалагдаж буй үзүүллэгийг үзэхээс гадна, тусгайлан дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг ажлын бус цагаар үзэх боломжийг олгосон гэсэн юм.
Чойжин ламын сүм музей нь ямпай, махаранз сүм, хүндэтгэлийн хаалга, гол сүм, зуу сүм, ядам сүм, өндөрийн сүм зэргээс бүрдэх бөгөөд түүх сочлын хосгүй үл хөдлөх өвд тооцогддог.
ХҮРЭЭНИЙ ХАМБА НОМУН ХАН БАЛДАНЧОЙМБИЛЫН ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛ ГОЛ СҮМД ХАДГАЛАГДДАГ
Тус музейн эрхэм зорилго нь музейд хадгалж буй монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүдийг судлан сурталжилж, сэргээн баяжуулж, хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх. Тиймээс Чойжин ламын музейд үзэх харах түүхийн дурсгалууд олон бий. Тухайлбал, Хүрээний хамба Номун хан Балданчоймбилын занданшуулсан шарил гол сүмд хадгалагддаг байна. Өөр бусад олон үнэт өв бий аж. Өнөөдрийн онцолсон “Хүрээ цам” үзэсгэлэнд гэхэд л цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл хадгалагдаж байгаагаас хүрээ хийцийн сор болсон бүтээлүүдийг нь үзэгч олонд танилцуулж байгаа юм. Танхим бүрд тайлбарлагчтай бөгөөд үзэгчдийн бүх асуултад хариулж байлаа. Мөн зөвхөн дотоодын иргэдээс гадна гаднын жуулчид үдшийн музейг үзэхээр зорин ирсэн харагдлаа.
Холбоотой мэдээ