Гурван сая хүн амтай Монгол Улс цар тахлаар өвчилсөн, нас барсан хүнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт орж байна. Эрсдэлгүй бүс гэж байхгүй, өвдөөгүй, хавьталгүй хүн гэж ч алга. Өдөртөө хэдэн мянгаараа халдвар авч, 1000 гаруй иргэнээ цар тахлаар алджээ. Цаашдаа хэчнээн хүн өвчилж, хэчнээн хүний амиа алдахыг хэлэхэд бэрх. Учир нь, халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ. Эмнэлгийн орны хомсдолд орсон энэ үед цар тахлаар далимдуулан ашиг хонжоо хайгчид, ар өврийн танилууд ч олшров.
ТАНИЛГҮЙ НЬ ХОХИРЧ ТАНИЛТАЙ НЬ ХОЖИЖ БАЙНА
Н.Болор Covid-19-өөр хоёр дахиа өвджээ. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч есдүгээр сарын 3-нд халуурч эхэлснээр дахин өвдөж, өмнөхөөс илүү хүндэрчээ. Халдварын нууц үед түргэвчилсэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тул тайвширсан ч дахин шинжилгээгээр эерэг гарсан байна.
Эерэг хариу батлагдсанаас хойш эмнэлгийн тусламж, эмнэлгийн ор хүлээхээс өөр аргагүйд хүрсэн гэв. Өдрөөс өдөрт ханиалгаж, халуурч, бөөлжиж, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг нь хүндэрч буй түүнд өрхийн эмнэлгийн зүгээс хэлдэг ганц үг нь "ор алга" гэх үг.
“Халдварын нууц үед шинжилгээний хариу сөрөг гардаг юм билээ. Зургаан хоног гэртээ халуурч түргэвчилсэн шинжилгээ өгтөл эерэг хариу гарсан. Миний хувьд Covid-19 халдвараар өмнө нь өвдөж эдгэсэн ч дахин өвдчихлөө. Гэтэл эмч нар тоодоггүй. Би халуурч, ухаан алдахаас наагуур байхад эмч нар "ор байхгүй" гээд хүлээж авахгүй байна. Арга ядахдаа өөрийгөө тарьж сууна. Тандалтын багийнхан ганц удаа ирэхдээ чагнасан болчхоод эмнэлэгт хэвтсэнээс гэртээ эмчлүүлсэн нь илүү гэж хэлснээс өөр зөвлөмж өгөөгүй. Гэтэл би халуурч, бөөлжиж, хордлого өгч биеийн байдал минь дордсоор байсан. Арга ядахдаа өрхийн эмнэлэг орж дусал хийлгүүлэе гэж очтол Covid-19 халдвартай хүн хүлээж авахгүй гээд халгаагаагүй. Өөрөө дуудлагын сувилагч хайсаар байж олж, тариа дусал хийлгэж хордлогоо намдаасан. Ер нь хоёр дахиа өвдвөл илүү хүндэрдэг юм байна. Хэрэв танилтай байсан бол эмнэлэгт хэвтээд эдгээд гарчихсан байх байсандаа гэж боддог” гэлээ. Түүнтэй адил маш хүнд хүмүүс гэртээ эмчлүүлж байхад хөнгөн өвчтөнүүд нь танил тал, арын хаалгаар аль хэзээний эмнэлэг бараадчихсан байх жишээний.
Эмч нар “Таныг хүлээж авах ор байхгүй, ор сулартал хүлээ” гэсэн жижүүрийн ганц үгтэй болоод удаж байгаа. Үүний цаана эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай иргэдийн амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Г.Туяа нь долоон сартай жирэмсэн, хотын алслагдсан дүүрэгт амьдардаг. Бүсгүй Covid-19 халдвараар ахин өвчилж, өрх дээрээ очсон боловч “ор сулартал хүлээ” гэжээ. Тэрбээр “Эмийн сангаас түргэвчилсэн тест авч үзтэл сул эерэг хариу /202109.16/ гарсан. Өрхийн эмнэлэгт үзүүлтэл ор сулрах хүртэл хүлээ гэж хэлсэн. Хэчнээн хоног эмнэлэг хүлээхийг хэлж мэдэхгүй. Хүүхэд минь зүгээр байвал би ч яах вэ.
Анхны жирэмслэлт болохоор хүүхдэдээ маш их санаа зовж байна. Би өмнө нь долдугаар сард дөрвөн сартай жирэмсэн байхдаа Covid-19 халдвар авч эмнэлэгт эмчлүүлсэн. Уг нь дархлаа тогтдог гэж бодсон ч дахин өвдчихлөө. Бие маань ханиалгахаас авхуулаад дураараа эм тан ууж болохгүй зовиуртай байхад эмнэлэг рүү нааш цаашаа явах хүндхэн байна.
Өвдсөн үед эмч нар тоохгүй, хүнд сурталтай юм билээ. Утсаа ч авдаггүй, холбогдлоо гэхэд дахин л өөр дугаар өгдөг. Өвдсөн үед эмнэлгээс эмнэлгийн хооронд яваад байх хэцүү байна” гэлээ. Нөгөө талд эмнэлгийн ор хүрэлцэхгүй хомс байсан ч та танилтай, мөнгөтэй бол гэр бүлээрээ хамт эмчлүүлэх боломж хүртэл бий.
ЭЭЖ МИНЬ СӨРӨГ ГАРСАН Ч ХАМТ ЗАЙЛШГҮЙ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Н.Тунгалаг өндөр настай ээж, нөхөртэйгээ хамт амьдардаг. Тэрбээр энэ сарын 9-нд шинжилгээний хариу нь эерэг гарсан бол ээжийнх нь хариу сөрөг гарчээ. Түүний хувьд Баянзүрх дүүргийн харъяалалтай атал Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ээжтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж буй. Уг нь дүрэм журмаараа бол харъяаллын дагуу дүүргийнхэээ эмнэлэгт хэвтэх ёстой. Тэрбээр “Covid-19 халдвар богино хугацаанд хүндэрдэг өвчин гэж сонссон болохоор эерэг гэсэн хариу гарахаар сандарч цочирддог юм билээ.
Сандарсандаа бүх танил руугаа залгаж, эмнэлэгт ээжтэйгээ хамт хэвтэж эмчлүүлээд зургаа хонож байна. Хэрвээ танилгүй байсан бол гэртээ үхлээ хүлээх байсан байх. Танил талтайдаа л эмнэлэгт хэвтлээ, нуугаад яах вэ. Хатуухан хэлэхэд, танилгүй бол эмнэлэгт ч хэвтэж чадахгүй үхэх юм байна.
Маш олон хүн гэртээ нас барж, эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна шүү дээ. Эмнэлэгт хэвтсэн эргэн тойрны хүмүүс дунд танил талгүй байсан бол үхэх байж гэсэн хүн олон байна” гэлээ.
ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД БИЗНЕС БОЛОВ
Зовлон болохоор лам зоолно гэгчээр цар тахлын үед хувийн эмнэлэг, хувийн лаборатори, дуудлагын сувилагч зэрэг танил тал дагасан бизнес цэцэглэж байна. Наад захын жишээ нь, шинжилгээний цэгүүд тойрсон бизнес борооны дараах мөөг шиг олширсон. Хаа сайгүй хувийн түргэвчилсэн шинжилгээ, PCR лаборатори бий.
Түргэвчилсэн шинжилгээ 20-35 мянган төгрөг бол PCR 60-90 мянган төгрөгийн үнэтэй. Жишээ нь, би найзтайгаа ойрын хавьтал болж долоо хоногт 2-3 удаа түргэвчилсэн шинжилгээ өглөө гэхэд хамгийн хямдаар нь тооцвол 60 мянган төгрөгийг шинжилгээнд зарцуулж байна. Тэгвэл хоёр долоо хоногт зөвхөн түргэвчилсэн шинжилгээнд багадаа л 120 мянган төгрөгийг зарцуулна.
Нэмэлтээр PCR шинжилгээ өглөө гэхэд гурван удаагийн түргэвчилсэн шинжилгээтэй хамт тооцвол долоо хоногт 120-160 мянган төгрөг зарцуулна. Бусад хүмүүс ч бас хэчнээн төгрөгийн зарлага гаргаж байгааг UBH төвийн шинжилгээний цэгээс сурвалжлав. Тус шинжилгээний цэг нь өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг ба түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөг, PCR шинжилгээг 60 мянган төгрөгөөр тус бүр авч байлаа. Өчигдрийн байдлаар тус төвд 16:00 цаг хүртэл 80 гаруй хүн үйлчлүүлжээ. Иргэдийн хувьд долоо хоногт 2-3 удаа түргэвчилсэн шинжилгээ болон баталгаажуулах зорилгоор нэг удаа PCR шинижлгээ өгч байна. Үүнийг тооцвол хамгийн багадаа л 120 мянган төгрөг. Гэтэл нэг өдрийн дотор шинжилгээнд 100 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа хүмүүс ч бий. Тус эмнэлэгт хандаж буй хүмүүс гэхэд л өдөрт 9,6 сая төгрөгийг шинжилгээнд зарцуулж байна гэсэн. Тэгвэл өөр бусад газрыг оролцуулбал зөвхөн шинжилгээнд гэхэд монголчууд нэг өдөрт хэдэн зуун саяар тооцогдох мөнгөө хийсгэж байна.
ЭДИЙН ЗАСАГ СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД МАШ ИХ ДАРАМТТАЙ БАЙНА
Шинжилгээний цэг дээр дугаарлаж буй иргэн Б.СУВДАА:
-Хоолой сэрвэгнэхээр л айх юм. Манайх нялх хүүхэдтэй болохоор өвдснөө мэдэхгүй халдаачих вий л гэж санаа зовж байна. Тийм болохоор PCR шинжилгээ өгөхөөр дугаарлаж байна. Ер нь байнгын айдас түгшүүртэй байхад дарамттай. Ойр ойрхон шинжилгээ өгч, гэртээ байхад хүртэл санаа зовж тухгүй болдог. Ханиалгах бүрт Covid-19 туссан юм биш биз гэж түгшинэ, эргэлзэнэ. Сэтгэлзүйн хувьд дарамттай байна. Эдийн засгийн хувьд ч тэр түргэвчилсэн шинжилгээг дөрвөн удаа өглөө. PCR шинжилгээтэй хамт тооцвол 140 мянган төгрөгийг л зөвхөн эерэг, сөрөг хариу гарсан эсэхийг мэдэхийн тулд зарцуулж байна. Түүнтэй адил олон хүн ийм л шалтгаанаар эдийн засаг, сэтгэлзүйгээрээ асар их хохирч байна. Нөгөө тал хотын алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдэд түргэвчилсэн шинжилгээ өгөх, тест авах ч чадал хомс байна. Авлаа гэхэд эдийн засагт нь том дарамт болж байна.
ЗӨВХӨН ШИНЖИЛГЭЭНД 200 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
БЗД-ийн XXI хорооны өрхийн эмнэлгээс бие давхар эхнэртэйгээ гарч яваа иргэн Ц.МӨНХБАЯР:
-Улсын эмнэлэгт шинжилгээ өгнө гэдэг оочирлоод ч бүтэхгүй юм билээ. Хувийн эмнэлэгт дөрвөн удаагийн түргэвчилсэн, нэг удаа PCR шинжилгээ өгөхөд л 200 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Өрхийн эмнэлэгт нь шинжилгээ авахгүй, өөрөө тестээ авчир гэх шаардлагыг тавьдаг. Өдөр бүр шахам шинжилгээ, эм тарианы зардалд 20-100 мянган төгрөг урсч байна. Улсын эмнэлэгт хоорондоо уялдаа холбоогүй, хүнд сурталтайд нь маш их бухимдалтай байна. Эдийн засгаар ч сэтгэл санаагаар ч маш их хохирч байна шүү дээ. Би өвдлөө гэхэд ажиллах боломжгүй, орлого тасалдана, эм тарианы зардлаа хувиасаа гаргана, сэтгэлзүй хямарна зэрэг маш олон асуудал урган гарч байгаа юм. Хамгийн анх Covid-19 халдвар авч өвдөөд эдгэсэн хүмүүст одоо л атаархаж байна. Эмнэлэг сайхан байх үед ямар ч хүнд сурталгүй эмчлүүлдэг. Гэтэл одоо утсаа авдаг эмч алга. Аль ч газар ялгаагүй бүгд адил. Утсаа авдаггүй болохоор нь өрхийн эмнэлэг оръё гэхэд яах гэж байгаа юм бэ гэж бухимдаад оруулахгүй. Багц нь алга.
МӨНГӨТЭЙ ХҮН ХОВОР, ШИНЖИЛГЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Иргэн Б.ЦОЛМОН:
Гэр хорооллын иргэдэд ямар мөнгө байх вэ дээ. Мөнгөтэй хүн ховор байхад юун шинжилгээ өгөх. Улсын эмнэлэгт оочирлоод ч нэмэргүй. Шинжилгээ өгч чадахгүй байна. Вакциндаа л хамрагдсан. Ер нь өвдөөгүй байсан ч дарамттай байна. Хэн ч өвчин авъя гэж бодохгүй.
Иргэн Д.ЛХАГВАЖАВ:
-Хүмүүс оочирлож оочирлож арай гэж шинжилгээ өглөө, өвчин тусах эрсдэлтэй байна гэж ярихыг нь сонсч байсан. Саяхан өөрийн биеэр мэдэрлээ. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөхийн тулд гурван хоног дугаарлалаа. Өөр улсын эмнэлэг харьяалал заах юм билээ. Ямар ч зохион байгуулалт алга.
Дарь эх буюу Баянзүрх дүүргийн XXI хороо нь 16 мянга гаруй хүн оршин суудаг. Үүний зургаан мянга орчим нь харьяалалгүй иргэд болохыг тус хорооны өрхийн эмнэлгээс мэдээлэв. Гэсэн ч харъяалал харгалзахгүй иргэдийг үзэж байгаа ч шинжилгээний сорьц хүрэхгүй, 50 хүнээс 5 хүний л сорьц авч байгааг өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн юм. Эмч нарын хувьд ор хүрэлцэхгүй байгаа тул сул ор гарахыг хүлээж, нэн шаардлагатай хүнд өвчтөн, жирэмсэн эмэгтэйчүүдээ эмнэлэгт хэвтүүлж байгааг хэлж байсан билээ. Харин иргэд танил тал, мөнгөний боломж тааруугаас хойш өвдөж хүндэрсэн бол ор олдохгүй, танил талгүй бол гэртээ үхлээ хүлээхээс өөр аргагүй гэдэгт аль хэдийн эвлэрчээ. Тахал тархаж, халдвар авсан иргэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болжээ. Халдвар авсан иргэдийн хэд нь эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс үхэж байгааг мэдэх арга алга.
Холбоотой мэдээ