Удаан хугацаанд үүдээ барьж, хямралд өртсөн үйлчилгээний байгууллагууд хэл ам, хэрүүл жагсаал болж байж нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хариуцлагын гэрээ байгуулж үүдээ нээсэн ч төрийн байгууллагынхны элдвийн дарамт шахалтыг тэвчиж дийлэлгүй хаагдахад хүрч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, “Хариуцлагын гэрээ”-ний локиггүй заалт, төрийн байгууллагуудын ажилтнуудын дарамт, шахалтыг тэвчихээ больсон учраас эхнээсээ хаалгаа барьж эхлэв.
“Mint Улаанбаатар клуб" есдүгээр сарын 15-нд "Хариуцлагын гэрээний"-ний биелэгдэшгүй заалтууд, түүгээр түрээ барих төрийн байгууллагуудын ажилтнуудын дарамт шахалт, үйлчлүүлэгчдээ хуурсан чанаргүй үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буй шалтгааны улмаас түр хугацаанд ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. Нийслэлийн удирдлагууд наймдугаар сард караоке, бааруудтай “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Ингэхдээ зөвхөн хоол болон уух зүйлсээр үйлчилнэ. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, бааранд хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хоригложээ. Гэвч хүмүүс караокед дуулах, бааранд бүжиглэх гэж ордог. Дээрх гэрээний дагуу бол үндсэн үйл ажиллагаа нь алдагдаж, ресторан лаунж болж хувирчхаад байгааг тэдний төлөөлөл хэлж буй.
БАЙГУУЛЛАГА, ИРГЭН БҮР ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
Үйлчилгээний салбарт 20 жил бизнес эрхэлж буй П.Төрболд “Гэрээ нь харилцан хоёр талдаа ашигтай байх ёстой төр зөвхөн өөртөө ашигтай заалтуудыг тусгасан. Гэвч орлоготой байх, ажилчдадаа цалин олгохын тулд л “Хариуцлагын гэрээ”-г хүлээн зөвшөөрч байгуулсан. Баар, караоке гэхээр хар бараан зүйл мэтээр нийгэмд буруу ойлголт их байдаг. Энэ салбарт хүмүүс ажиллаж амьдардаг шүү дээ. Одоо цаг үе өөр болсон. Залуусын үйлчлүүлэх соёл, үйлчилгээний салбар өөр түвшинд хүрсэн. Би караоке ажиллуулдаг боловч сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй. Саяхнаас л нээсэн. Энэ хугацаанд хураасан хэдээ гаргаж, сүүлдээ машин тэргээ ч зарсан. Байж болох бүх зүйлээ зарж борлуулсаар одоо зарах ч юм алга. Сар бүр түрээсийн зардал төлдөг ч эзэдтэйгээ боломжийн ярьж тохирсон тулдаа өдий хүрлээ.
Одоо аж ахуйн нэгж байгууллагууд , иргэн бүр өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг “Хариуцлагын гэрээ” гэх зүйлээр шийднэ гэхээр худлаа болж байгаа юм.
Төр засаг Covid 19-ийн халдварыг тогтоон барьж, иргэдээ хамгаалж чадахгүй гэдгээ хангалттай харууллаа. Байгууллагуудыг хааж боолгүй орхи. Бид халамж, тусламж гуйгаагүй. Ажлаа хиймээр байна “Ингэж болохгүй”, “Тэгж болохгүй” гэж бусдын амьдралд үргэлж оролцдогоо төр зогсоох хэрэгтэй” гэдгийг онцлов.
ТӨР БИТГИЙ ОРОЛЦ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 13-нд болсон. Энэ үеэр Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Эдийн засгийг сэргээхийн тулд аж ахуйн нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт, торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуйн нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна” гэх санал гаргасан.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ СУНГУУЛАХЫН ТУЛД ХЭЭЛ, ХАХУУЛЬ ӨГӨХГҮЙ Л БОЛ ХӨДӨЛДӨГГҮЙ
Хотын төвд байрлах рестораны ажилтан “Өмнө нь 22.00 цаг хүртэл ажилладаг байхад хэцүү байсан. Харин ажиллах цагийг 00.00 цаг болгож сунгаснаар энэ төрлийн бизнес эрхлэгч нарийн ашиг нь 40-50 хувиар өссөн. Манайх 23.30 гэхэд тооцоо захиалгаа авч дуусаад хүмүүсээ гаргадаг. Харин 00.00 цаг жаахан өнгөрөхөд л цагдаа нар тусгай зөвшөөрлийг чинь хураана гэж дарамталдаг болсон. Яриандаа халсан хүмүүс гарахгүй удах, тавьсан шаардлага хүлээж авахгүй үе байдаг. Үүнээс болоод согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө хураалгасан хэд, хэдэн аж ахуйн нэгж бий. Тиймээс харилцаагаа сайжруулахын тулд төрийн байгууллагуудын ажилтны гарыг цайлгадаг нь нууц биш. Тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд хээл, хахууль өгөхгүй л бол хөдөлдөггүй. Хууль дүрмээрээ явбал хэзээ ч тусгай зөвшөөрөл сунгахгүй. Заавал таньдаг мэддэг хүнээ ашиглаж байж ажлаа бүтээхгүй бол бусдаар ямар ч боломжгүй. Үүнийг буруу тогтолцоо гэдгийг хүн бүр мэддэг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ямар эрх баригч нам үүнийг арилгаж чадаагүй. Аж ахуйн нэгж буруу гэдгийг нь мэддэг ч амьдрахын тулд хахууль өгөхөөс өөр аргагүй. Ер нь аж ахуйн нэгж дарамт, шахалт дунд ажиллаж байна” гэв.
СУДАЛГАА: БИЗНЕСИЙН ОРЧИНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВЛИГА ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ
2020 оны байдлаар бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50 хувь буурсан бөгөөд бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам дордуулсныг дараах байдлаар хариулжээ. Авлига хээл хахууль хүндрэлтэй, төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их тээг болж байгаа мөн санал нэгтэй хэлж, эдийн засаг, засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлэгджээ.
Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх нь тодорхойлсон байгаа юм.
Хүснэгт. Бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас учруулж буй хүндрэл үүсгэж буй хүчин зүйлс
Албаны хүмүүс харин эсрэг тайлбар хэлж буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал гэхэд “Хариуцлагын гэрээ” нь төр болон аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван тал хариуцлагатай байж, цар тахлыг давж гарна гэдэг үндсэн ойлголтын суурь болж өгснөөрөө онцлог. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд сэтгэл өндөр байгаа" гэж хэлж байна. "Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй" гэдгийг ч хэлжээ. Гэтэл бодит байдал дээр асуудал эсэргээрээ байгааг дээр дурдсан жишээнээс харж болно. "Хариуцлагын гэрээ" гэгчээр төрийн байгууллагууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цар тахлыг өөрсдөөсөө зайлуулах гэсэн мэт хувийн хэвшилд бүх ачаагаа үүрүүлээд өөрсдөө нэр цэвэр гарах гэсэн тоглолт болсон бололтой.
Холбоотой мэдээ