Анх капиталист АНУ, социалист ЗХУ-ын хүйтэн дайны үед эхэлсэн сансрын өрсөлдөөн өдгөө нэгэнт шинэ түвшинд хүрчээ. Тэгэхдээ улс орнуудын хооронд гэхээс илүү тэргүүн баячуудын дунд өрсөлдөөн ширүүссэн байна.
Энэ оны эхээр дэлхийн хамгийн баян хүн болж мандаж байгаад буцаж жагсаалтын хоёрдугаарт бичигддэг болсон Элон Маскийн сансрын хөлөг бүтээгч Space X компани өчигдөр/2021.9.16/ анхны дан жуулчдаас бүрдсэн багийг сансарт хөөргөж түүхэнд бичигдлээ. Харин түүнээс өмнө Virgin galactic компанийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон, Blue origin компанийн үүсгэн байгуулагч, дөрвөн жил дараалан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж буй Жефф Безос нар өөрсдөө сансарт хөөрчхөөд ирсэн юм.
Эл гурван эрхэм өөр өөр бизнесээр баяжиж, өнөөгийн өндөрлөгт ирсэн ч дэлхийн тэргүүлэх баячууд болсон хойно цэнхэр мандалд хүч үзэхээс өөр сонирхолтой салбар үлддэггүй бололтой. Тэд бүгд л шил шилээ даган сансрын хөлөг бүтээх компани байгуулцгааж, хүн төрөлхтний сансар огторгуйг эзлэх ирээдүйн эхлэлийг тавихаар өөр өөрсдийн зорилгыг өвөрлөжээ.
Сэр Ричард Брэнсон
Нас: 70
Нийт хөрөнгө: 5.8 тэрбум ам.доллар
Компани: Virgin galactic(2004 он) 823 ажилтантай
Сансарт хөөрсөн: 2021.7.11(мэргэжлийн нисэгчтэй нислэг)
Зорилго: Сансрын аялал жуулчлалыг эзэгнэх
Сансарт нисэх баячуудын өрсөлдөөн хэдэн жилийн өмнөөс эхэлсэн ч салхийг нь хагалж анх хөөрсөн нь Ричард Брэнсон билээ.
Тэрбээр “Ээж минь надад хэзээ ч бууж өгөлгүй, заавал одонд хүрээрэй” гэж захидаг байлаа хэмээн хөөрөхөөсөө өмнө ярьж байв. Гэвч харамсалтай нь түүнийг одонд хүрсэн, сансарт ниссэн гэж хэлэхэд хэцүүхэн. Түүний хоёр цаг хагас үргэлжилсэн нислэг агаар мандлыг нэвтлэн дэлхийн тойрог замд хүрч чадалгүй буусан юм.
Түүний онгоц шиг загвартай VSS Unity “сансрын онгоц” газраас эгц дээш харваагүй нь бусдаас өөр бөгөөд сонирхолтой. Тухайлбал, сансрын онгоцыг эхлээд тээвэрлэгчээр далайн түвшнээс дээш 15 км өндөрт гаргасны дараа жинхэнэ нислэг эхэлжээ. Агаар дээрээс дээш хөөрсөн сансрын онгоц далайн түвшнээс дээш 80км өндөрт хүрсэн бөгөөд зорчигч нар нь дэлхийн бөмбөрцөг хэлбэрийг хальтхан харж, зургаан минутын турш хагас жингүйдэлд орсон гэнэ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор дэлхийн агаар мандал далайн түвшнээс 100км өндөрт байдаг аж. Харин Брэнсоны онгоц задгай сансарт гарахад 20км дутжээ.
Гэхдээ агаар мандал шууд нэг шугамд дуусаад нэвт гарчихдаг эд биш билээ. Дээр дурдсан 100 км өндөр нь хиймэл дагуул, сансрын техникүүдийн хувьд аюулгүй байрлах хамгийн наад хэмжээ юм. Түүнээс биш Брэнсоны хүрсэн 80 км нь бараг сансарт гарчихсан гэж тооцож болохоор өндөр аж.
Хэдий эхний нислэг хүссэнээр амжилттай болоогүй ч Virgin galactic цаашид бууж өгөлгүй улам сайжирч, жилд хэд хэдэн нислэг зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Тэгээд ч тэдний энэхүү жуулчны нислэгийн тасалбар хурдтай зарагдаж өдгөө 600 гаруй захиалагчтай болсон байна. Тэдний дунд Жастин Бибер, Леонардо Дикаприо нар ч бий.
Брэнсон нисэхдээ хоёр сансрын нисэгч, гурван мэргэжилтэн авч явсан бөгөөд нийт өртөг нь нэг тэрбум ам.доллар гаруй болжээ.
Жеффри Безос
Нас: 67
Нийт хөрөнгө: 198 тэрбум ам.доллар
Компани: Blue origin(2000 он) 3390 ажилтантай
Сансарт хөөрсөн: 2021.7.20(мэргэжлийн нисэгчтэй нислэг)
Зорилго: Дахин ашиглах хөлөг бүтээх аргаар сансарт нисэх өртгийг багасгаж, хямд, найдвартай зам нээх
Анхны мэргэжлийн бус хүн сансарт хөөрснөөс ердөө есхан хоногийн дараа хоёр дахь нь нислээ. Тэр бол Amazon компанийн үүсгэн байгуулагч, муухай аашт, дэлхийн хамгийн баян хүн Жеффри Безос юм.
Тэрбээр хөөрөхийнхөө өмнө “Би таван настайгаасаа хойш сансарт нисэхийг мөрөөддөг байлаа. Харин одоо би ахтайгаа хамт мөрөөдлөө биелүүлэх гэж байна” гэж байв. Түүний New Shepard пуужин Брэнсоныхоос илүү нь далайн түвшнээс дээш 100км өндөрт гарах чадалтайд байв.
Безос гэхдээ ганцаараа ниссэнгүй. Тэрбээр ах Марк Безос болон түүхэнд сансарт ниссэн хамгийн залуу хүн гэж бичигдэн үлдэж буй 18 настай нидерланд оюутан, хамгийн хөгшин хүн болох 1960-аад онд сансрын нисэгч болох бэлтгэл хийж, ангидаа тэргүүлж байсан ч эмэгтэй гэдгээсээ болоод хэзээ ч нисч чадаагүй 82 настай Мэри Валлас Фанк нарыг аваад хөөрсөн юм. Хэдийгээр Безосын урилгыг хүлээн авч, түүнтэй хамт сансарт хөөрсөн ч Валли Фанк аль хэдийн Virgin galactic-ийн тасалбарыг захиалчихсан байжээ. Тиймээс ээлж нь ирэхэд тэрбээр дахин сансарт хөөрч, хамгийн хөгшин хүн хэмээх өөрийнхөө дээд амжилтыг эвдэх бололтой.
Тэдний нислэг тийм ч удаан үргэлжлээгүй юм. Газраас шууд эгц дээш хөөрсөн пуужин зорчигчдыг ердөө гурван минутын дотор шаардлагатай өндөрт хүргэж, дахиад гурван минут болоход тэд бараг л бүрэн жингүйдлийн байдалд оржээ. Зорчигч дөрөв суудлын бүсээ тайлж, жингүйдлийг биеэр мэдрэхээс гадна капсулынхаа цонхоор дэлхийг гаднаас нь үзэж сонирхсон гэдэг. Ингээд пуужин хөөрснөөс хойш арав гаруйхан минутын дараа тэд эргээд эх дэлхийнхээ хөрсөн дээр зогсож байлаа.
Хэдийгээр нисэхэд бэлэн болсон ч Брэнсоноос хожимдон байж заавал долдугаар сарын 20-нд хөөрсөн нь Безосын хувьд цаанаа нарийн нандин утга учиртай байжээ. Учир нь тэртээ 1969 оны яг энэ өдөр саран дээр анх удаа хүний хөлийн мөр гарсан нь таван настай Безосын агуу мөрөөдлийн эхлэл байсан гэнэ.
Эргээд газарт буусныхаа дараа Жеффри Безос "Amazon" компанийн ажилчид болон үйлчлүүлэгч нартаа нислэгийг нь санхүүжүүлж өгсөнд талархан “Хамгийн сайхан өдөр байлаа” гэж хэлжээ.
Түүний 11 минут үргэлжилсэн нислэгийн өртөг минут тутамд 2.5 сая ам.доллар, нийт 28 сая ам.доллар болжээ. Blue origin-ын нислэгийн тасалбар албан ёсоор худалдаанд гараагүй ч аль хэдийн 100 сая ам.долларын захиалга авсан гэнэ.
Элон Маск
Нас: 50
Нийт хөрөнгө: 167 тэрбум ам.доллар
Компани: spacex(2002) 10000 ажилтантай
Сансарт хөөргөсөн: 2021.9.16(нисэгчгүй, дан жуулчдаас бүрдсэн нислэг)
Зорилго: Ангарагийг колончилж, хүн амьдрах боломжтой болгох
Харин хамгийн сүүлд буюу өчигдөр/2021.9.16/ дэлхийн хоёр дахь хамгийн баян хүн, сансрын хөлөг амжилттай бүтээж, амжилттай хөөргөсөн анхны хувийн компанийн эзэн Элон Маск дээрх хоёр өрсөлдөгчөө удааллаа. Гэхдээ энэ удаад тэр өөрөө ниссэнгүй. Хамгийн эхний дөрвөн тасалбарын эздийг зургаан сар бэлтгэн байж хөөргөлөө.
Тэрбээр нэгэн удаа “Би Ангараг дээр үхмээр байна. Гэхдээ осолдож биш” хэмээн хэлж байсан гэдэг. Хоёр өрсөлдөгчөөсөө ялгаатай, мөн арай давуу тал нь гэвэл Space X компани хэд хэдэн удаа 100км-ээс ч хол зайнд хөлөг хөөргөж байсан арвин туршлагатай.
Тиймдээ ч энэ аялал Брэнсон, Безос хоёрынхоос хамаагүй удаан үргэлжлэх аж. Тухайлбал, хөлгийн зорчигч дөрөв нийт гурван өдрийн турш дэлхийг тойроод газардах юм.
Мөн өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь энэ удаагийн нислэгт тэрбумтан Маск өөрөө оролцолгүй өөр нэгэн тэрбумтныг илгээжээ. Тэрхүү тэрбумтан нь Shift4Payment компанийн үүсгэн байгуулагч Жаред Исаакман юм. Исаакман энэхүү нислэгийн дөрвөн суудлын үнийг бүгдийг нь хувиасаа даасан гэнэ. Тэгэхдээ хоёр суудлын тасалбарыг Мемфис дэх гэгээн Жюдийн хүүхдийн судалгааны эмнэлэгт хандивлаж, нэг суудлын эзнийг олон нийт дундаас сонгожээ. Тэрбээр хүүхдийн эмнэлэгт тасалбар хандивлахдаа 220 сая ам.долларыг хувиасаа гаргаж, 100 саяыг нь хандиваар босгосон гэнэ.
Үр дүнд нь өчигдөр Falcon9 пуужин, Dragon хөлгөөр Inspiration4 төслийн хүрээнд Исаакмантай хамт нисэх хүчний ахмад дайчин Кристифер Симборски, эмч Хайли Аркенүкс, геологийн профессор Сиан Прокор нар хөөрчээ.
Пуужин хөөрмөгцөө эхний дамжлагаа амжилттай хаяж, агаар мандлаас саадгүй гарах замдаа оржээ. Хаясан хэсэг ч ямар нэг аюул учруулалгүй алслагдсан хэсэгт удирдлагатай тавцан дээр буусан байна. Улмаар пуужингийн хөөрөх хоёрдугаар шат эхэлж, 27 мянган км/цагийн хурдтайгаар тойрог замд оржээ. Агаар мандлаас гармагц пуужин хоёрдугаар хэсгээ ямар ч асуудалгүй хаяж, хөлгийг зорьсон газарт нь амжилттай хүргэжээ.
Нислэгийн нийт өртөг 28 сая ам.доллар болох аж. Харин Маск илүү том зорилго өвөрлөж байгаадаа ч тэр үү энэ удаад өөрөө ниссэнгүй. Тэрбээр 2025 он гэхэд Ангараг руу хүн нисгэж, тэндээ одооны залуу үеийнхний амьд байх хугацаанд амжуулан колони байгуулах хэтийн зорилго өвөрлөж яваа юм.
Эх сурвалж: SKY STANDARD BLOOMBERG HERALDSCOTLAND INC
Холбоотой мэдээ