Байртай, хаустай, хоёр машинтай, 200 мянгаас дээш малтай 900 өрхийн 5525 иргэн нэн ядуу айлд олгодог хүний талонд хамрагдаж байжээ. Хувь хүн талаасаа увайгүй ч, төрийн халамж хавтгайрсныг харуулсан жижигхэн статистик, төсвийн мөнгө ёолдоггүйн нэг жишээ.
Бага мөнгөний хэрүүл хэдий ч тэднийг хүнсний талоноос хассанаар нэг сард 70 сая, жилд 840 сая төгрөг хэмнэх гэнэ. Дор хаяж 200 хүүхдийн нэг цэцэрлэг барих мөнгө шүү дээ.
Мэдээж, хүний юм, үнэгүй юманд дургүй хүн хаана ч байхав, гэхдээ “баячууд” хүнсээ төрөөр даалгуулж ирсний гол буруутан нь төр өөрөө. Төр халамжаар иргэдээ угжсан, хяналтгүй тараасан. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж байна. Оройтсон ч гэсэн ухаарсан нь яамай. Зориг нь болоод ухаан нь хүрвэл эдийн засагт их том дэмжлэг болно. Угжны ангаахайнууддаа бариулж идүүлчихгүй бол шүү дээ. Уг нь адгийн наад зах нь ажилгүйдэл буурах юм.
Ажил хийж хүүхдээ тэжээх нь эцэг, эхийн заяагдсан үүрэг. Эцэг болох амархан, аав болох хэцүү гэж үгтэй. Хүүхдээрээ тэжээлгээд гэртээ гэдсээ илээд амьдарч байгаа эцэг эх цөөнгүй. Бас болоогүй халамжийн мөнгөөр нь архи ууж агсам согтуу тавиад хүүхдээ хүчирхийлнэ, зодно.
Статистикаас харахад Монголын 3.3 сая иргэний 2.8 сая нь халамж авдаг аж. Товчхондоо, Монгол үйлдвэрлэлгүй, бүтээмжгүй, халамжийн улс болжээ. Одоо яая гэхэв, улстөрчид өөрсдөө улсаа ийм болгосон дог.
Нийт 72 төрлийн халамжаас давхар, давхар мөнгө “саагаад” төрийн буянаар хоосон хонохгүй амьдардаг айл өрх маш олон. Бүр эв эрүүл, сав саруул залуус хүртэл хүнсний талон авах гэж үхэлддэг гэж байгаа. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн групп авдаг 460 гаруй иргэнийг хамруулан шалгалт хийхэд 268 нь эрүүл атлаа хуурамч бичиг эмчээр гаргуулж, групп тогтоолгосон зөрчил хүртэл илэрсэн.
Нэг өрх дунджаар 3-4 халамж авдаг гэх. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, өндөр настны тэтгэмж, байнгын асаргааны тэтгэмж, дээр нь хүүхдийн мөнгө, хүнсний талон авчихна. Сарын халамж нь бараг сая гаруй төгрөг давна. Ийм учраас ажил хийх сонирхолтой иргэд цөөрөх нь “жавхлан” юм даа. Ажил олгогчид зар тавиад хүн ирэхгүй байх нь аргагүй шүү дээ. Нэг ажил хийдэг хүн гурван халамж авдаг хүнийг тэжээдэг гэхээр л халамж хэр хавтгайрсныг төвөггүй ойлгочих биз.
Тэднийг тэжээхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд 1.7 их наядыг зарцуулдаг гэвэл улсын төсвийн гуравны нэг цэвэр халамж руу явчихдаг гэсэн үг. Гуравны нэг цалин цавагт зарцуулагдана. Үлдсэн жаахнаар л ажил хийнэ гэсэн үг. Авчиг энэ бүхэнд иргэд буруугүй. Эрх мэдлийн төлөө гэрээ шатаах нь холгүй болчихдог улстөрчид, улс төрийн намуудын хийсэн, амласны үр дагавар.
Шинэ хосуудад 500 мянган төгрөг тараасны дараа өнчирсөн хүүхэд, салсан гэр бүлийн тоо огцом өссөнөөс өөр үр дүн гараагүй. 800 тэрбумыг иргэн бүрт “Эх орны хишиг” гэж өгөөд Эрээнийг л хөгжүүлсэн дээ. Энэ мэт хавтгайрсан халамжийн гай хөө, гашуун сургамж зөндөө.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг мэдээлэхдээ “Хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв сан”-гаар баталгаажуулна. Халамжаас хуримтлал руу шилжүүлэхээр болсон”-ыг дуулгав. Хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв сан”-гаа баталгаажуулбал 18 нас хүртлэх хуримтлал нь 19-20 сая болох гэнэ. ЖДҮХС шиг зарим нэг албан тушаалтнууд замаас нь тоншчихгүй бол уг нь зөв санаа. Гээд төрийн сан болгоныг цөлмөөд хоослоод явж байдаг хэсэг бүлэг хүмүүс Монголд бас цөөдөхгүй л дээ. Тэднийгээ хянахгүй бол тэтгэврийн сан шиг хувхай хоосон болчих вий. Гол нь “Ирээдүйн өв сан”-гийн мөнгөний зарцуулалт иргэдэд шилэн, нээлттэй, ил тод байх ёстой.
Монгол Улс хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөхийн тулд Азийн хөгжлийн банкнаас 73 сая ам.долларын зээл авсан. Энэ мөнгийг бид хоёр жилийн дараа төлнө. Товчхондоо, Засгийн газар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явж байна. Цар тахлыг туулах Засгийн газрын бодлогын хүрээнд баян, ядуу, дарга цэрэггүй тог цахилгаан, дулааныхаа мөнгийг төрөөр төлүүлээд жил болж байна. Хожмын хор хохирлыг тооцоход хэцүү, ямар ч байсан эдийн засагт сайн үр дүн авчрахгүй болов уу.
Мэдээж, нийгмийн халамж бол төрийн нэг бодлого байх ёстой. Гэхдээ бүх зүйлийг халамжаар, бүх зүйл үнэгүй байх ёстой биш шүү дээ. Бид өөрсдөө ч дүүрчээ гэхэд үр хүүхдээ үнэгүй юманд нугасгүй болгож л болохгүй! Тэд халамжийн хүн биш хуримтлалтай, хадгаламжтай, санхүүгийн мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэн болох ёстой.
Холбоотой мэдээ