Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2021.09.16/ хуралдлаа. Улмаар бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, урт хугацаанд репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны дөрөвдүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэрийг тус тус гаргасан байна. Эдийн засгийн дотоод, гадаад орчин, цаашдын төлөв хандлагын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр "Инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч нэмэгдээд байна. Үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа ч дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, нэг удаагийн буюу нийлүүлэлтийн шинжтэй болон гадаад хүчин зүйлс хамаарч байна. Тухайлбал, хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү богино хугацаанд инфляци суурь үеийн болон гадаад, дотоод нөлөөллийн улмаас нэмэгдээд байгаа ч 2022 оны сүүлийн хагасаас инфляци тогтворжино. Гэвч дэлхийн зах зээлд олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляци болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсч болзошгүй.
Хилийн хязгаарлалт, Covid-19 шинэ хувилбарууд тархаж байгаатай холбоотой эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт хоёрдугаар улиралд муудсан боловч эдийн засаг 2021 оны эцэст цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлт хэвээр байна.
Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна. Харин уул уурхайн бус салбарын хувьд оны сүүлийн хагаст Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байна. Улмаар уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү хаагдах хугацаа нэг улирлаар наашилж 2021 оны эцэст хаагдах хүлээлттэй байгаа.
Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ. Монголбанкны бодлогын хорооны өмнөх хурлаас хойш дэлхийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, худалдааны гол түнш орнуудын өсөлтийн төлөв сайжирсан.
Тухайлбал, АНУ, ОХУ, Евро бүс зэрэг томоохон эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд хүлээлтээс өндөр байсан. Үүний зэрэгцээ 2021-2022 оны төсөөллөө нэмэгдүүлээд байна. Улс орнуудын цар тахлын сөрөг нөлөөг бууруулах бодлогын арга хэмжээ болон вакцинжуулалтын явц нь сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч Covid-19 халдварын шинэ хувилбаруудын тархалт нэмэгдэж байгаа нь гадаад эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Дэлхийн эзийн засгийн сэргэлт түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин Монгол Улсын экспортын орлогод дэмжлэг үзүүлж байна. Энэ оны долдугаар сарын байдлаар экспортын үнэ жилийн 34.6 хувь, импортын үнэ 18.6 хувиар өсч гадаад худалдааны нөхцөл жилийн 13.6 хувиар сайжирлаа. Тодруулбал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспортын үнийн төсөөлөл нэмэгдэн, гадаад худалдааны нөхцөл энэ онд үргэлжлэн сайжрах хүлээлттэй байна.
Хэдийгаар гадаад эрэлт сайжирсан ч Монголын экспортын хэмжээ төдийлөн сэргэхгүй байна. Нүүрсний экспортын тээвэр сүүлийн зургаан сарын туршид удааширч, нийт экспорт эхний долоон сард хүлээлтээс бага буюу 18.3 хувиар өслөө.
Харин дотоод эдийн засгийн идэвхжил уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ зэргээс үүдэн импорт эхний долоон сард 31.9 хувиар тэлсэн. Төлбөрийн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр оны эхний долоон сард 300 сая ам.долларын алдагдалтай байгаа ч энэ онд гадаад валютын нөөц өмнөх оны түвшинд хадгалагдах хүлээлттэй байна.
Холбоотой мэдээ