Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр /2021-09-16/ “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрх” сэдвийн хүрээнд “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт боллоо.
Уулзалтаар ХЭҮК бүрэн эрхийнхээ хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ямар оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлж болох талаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар ажилладаг экспертүүдтэй санал солилцож зөвлөлдлөө. Энэ удаагийн уулзалтыг биечлэн болон цахимаар зохиогдлоо. Тус уулзалт нь уламжлал болон 2013 оноос хойш сар бүр болдог юм байна.
СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа:
Монголчуудын 5-6 хүн тутамын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа гарсан. Тодруулбал, баруун хэсгийн бүсэд зуун мянган хүнд 28,1 хувьд нь ийм байдал ажиглагдсан байна. Хүн амын дунд 2019 онд хийсэн судалгааг 1984 оныхтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна. Мөн мансуурлын түвшин жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Үүнд, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 оны 354 болтлоо ихэссэн.
Мөн манай төвд хандсан хүүхэд, өсвөр насныханд хийсэн судалгаагаар 30,5 хувь нь сэтгэцийн асуудалтай, есөн хувь нь ямар нэг эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан.
Сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зардал үргэлж асуудал байсан. Үндэсний хэмжээнд судалгаа шинжилгээ хийх боломжгүй байдаг. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч байж судалгаа хийх шаардлагатай болдог. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаа тул судалгаануудыг 10 жил тутамд хийх шаардлага тулгарч байна.
АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин:
Хүний эрхийг хамгаалахын тулд хүний сэтгэц, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл бид үр дүн, шинж тэмдгийн тухай их ярьдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэцийн гэмтлийг тогтоодог болох хэрэгтэй.
“Хөөрхөн зүрх’’ ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг:
Манай байгуулага бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх шатанд сэтгэлзүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Манай улсад хохирогч өөрийгөө буруутай гэх үзэл түгээмэл байна. Тиймээс хохирогчийн сэтгэлзүйн асуудлыг нөлөөллийн аргаар сурталчилан, таниулах хэрэгтэй байна.
М.БАТЗАЯА
Холбоотой мэдээ