Өмнөд, Умард хоёр Солонгос хэдхэн цагийн зайтай шинэ пуужингуудаа туршиж, Солонгосын хойгт зэвсгийн өрсөлдөөн нэгэнт эхэлснийг харуулжээ.
Тухайлбал, Умард Солонгос зүүн эрэг дээрээ хоёр ч пуужин туршсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэдгээр пуужин нь галт тэрэгнээс харвадаг пуужин байж магадгүй гэнэ. Учир нь цахим орчинд дээрх туршилтын байж болзошгүй галт тэрэгнээс пуужин харваж буй зургууд хурдтай таржээ. Мөн БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн хорооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн маршал Пак Жон Чон “Галт тэрэгнээс харвадаг пуужин бол аюул заналхийлсэн дайсны эсрэг үр дүнтэй эсэргүүцэл үзүүлэх үр дүнтэй зэвсгийн систем” хэмээн ярьжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр пуужин 800 км зайнд асуудалгүй нисэн байгаа амжилттай оносон аж.
БНСУ, Японы удирдлагууд ч өчигдөр/2021.9.15/ Умард Солонгосын нутагт хоёр ч баллистик пуужин хөөрч байгааг ажигласан гэнэ. Пёньян мөн энэ долоо хоногийн эхээр шинэ алсын тусгалт далавчит пуужин туршсанаа зарласан билээ.
Харин түүнээс хэдхэн цагийн дараа БНСУ анхны шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужингаа туршжээ.
Өмнөд Солонгосын пуужингийн хувьд харин урьдчилсан төлөвлөгөөний дагуу үйлдсэн туршилт болохоос биш Умардын туршилттай ямар ч хамааралгүй хэмээн албаныхан баталсан аж. БНСУ ийнхүү анхныхаа шумбагчаас хөөргөдөг пуужинг туршсанаар ийм зэвсэгтэй долоо дахь орон болж байгаа юм.
Ийнхүү зэвсгийн хүчээ зузаатгаж байгаа явдлыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Сөүлд яг одоо умард хөршийнхөө хүчирхэжилт, болзошгүй түрэмгийллээс сэргийлэх бэлэн байдал нэн шаардлагатай байна” хэмээн тайлбарласан юм.
Харин энэ талаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон ихэд хилэгнэн шүүмжилж, өмнөд хөрш нь эв найрамдалтай харилцаандаа сэв суулгаж, өдөөн хатгаж байна гэх зэргээр буруушааж байгаа юм.
Эх сурвалж: RT.COM BBC