Нео-марксист ЛГБТ хөдөлгөөний аюул Монголд

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Нео-марксист ЛГБТ хөдөлгөөний аюул Монголд

АНУ, Канад, Баруун Европыг ноёрхож буй ЛГБТ+ хөдөлгөөн Монголд тэдгээр улсын Засгийн газрын албан ёсны дэмжлэгтэйгээр орж ирж байна. Үүнээс үүдэн бичигдсэн энэхүү нийтлэлийн зорилго нь тус хөдөлгөөн чухам юунд хүрэхээр зорьж буйг, гол аюул нь юу вэ гэдгийг уншигчдад таниулах юм.

Эхлэл

Христосын шашинт өрнийн ертөнцөд 1960-аад оноос ЛГБ (лесби, гей, бисексуал) хүмүүсийг хүлцэн тэвчих болжээ. Харилцан тохиролцсон тохиолдолд 21-ээс дээш насныхан ижил хүйстэнтэйгээ хавьтахыг Англи болон Уэльсэд 1967 онд хуулиар зөвшөөрөв. Цаашлаад уг хуулийг Шотландад 1980 онд, Умард Ирландад 1982 онд хэрэгжүүлж эхэлсэн аж. АНУ-ын тухайд гэвэл эрийг эмлэхийг анх 1962 онд Иллинойс муж гэмт хэрэг биш хэмээн үзсэн бөгөөд өдгөө 36 муж энэ жишгийг дагажээ. Харин Канадад 1969 онд үүнийг гэмт хэргийн зүйлчлэлээс хассан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Германы цэргийнхний кодлосон мэдээг тайлж уншихад үнэтэй хувь нэмэр оруулсан Английн математикч Алан Тюринг зэрэг гомосексуал хүмүүст шоронд орох, хөнгөлүүлэх гэх хоёрхон сонголтыг олгож байсан дарангуй хууль ийнхүү төгсгөл болсон юмсанж.

Цагийн эрхэнд ЛГБ дээр Т нэмэгдэв. Эхний 3 үсэг нь бэлгийн чиг баримжааг (sexual orientation), 4 дэх нь хүйсийн баримжааг (gender identity) илтгэнэ. Трансжендер гэдэг нь хүйсээ мэдрэх мэдрэмж нь биологийн хүйстэй нь нийцдэггүй хүнийг хэлдэг байна. Тайландад тэднийг "Kathoey", Энэтхэгт "Hijra", Америкийн индианууд "Nadleehi", скандинавчууд "Ergi" гэж дууддаг байсны сацуу Эртний Ром, Грект эсрэг хүйсний хувцас өмссөн хүмүүсийг хатуу шийтгэж байж. Өөрөөр хэлбэл, трансжендер хүмүүс түүхийн турш дэлхийн өнцөг булан бүрт байсаар иржээ. Дэлхий даяарх ЛГБТ хөдөлгөөний нэгэн зорилго нь трансжендер хүмүүсийг хуулиар хүлээн зөвшөөрүүлэх байсан агаад энэ нь биелсэн. Одоо Европын ихэнх оронд хүн тодорхой насанд хүрсэн тохиолдолд өөрийн бичиг баримтан дээрх нэр, хүйсээ солих, гормоны эмчилгээ болон мэс засал хийлгэх боломжтой. Өмнөд Америкийн Боливи, Бразил, Чили, Колумби, Эквадор, Перу, Уругвай зэрэг улс 2009-2019 оны хооронд дээрхийг мөн зөвшөөрчээ.

Асуудал энд хүрээд дууссангүй. Бэлгийн цөөнхийн эрхийн төлөөх тэмцэгчдийн хувьд энэ бүхэн хангалттай байсангүй. Тэмцэж буй зүйл нь өөрсдийнх нь талд шийдэгдмэгц өөр нэгэн асуудлыг зохионо.

ЛГБТ хөдөлгөөн эмэгтэйчүүдийг боомилсон нь

50 жилийн өмнө ЛГБТ хөдөлгөөн ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох явдлыг хуулиар шийтгэхгүйн төлөө тэмцэж байв. Өнөөдөр тэд трансжендер эмэгтэйчүүд буюу өөрийгөө эмэгтэй гэж үздэг эрчүүдийг жирийн эмэгтэйчүүдтэй ижилд тооцохыг шаардана. Өнөө цагийн ЛГБТ активистуудынхаар эр хүйстэй трансжендерүүд эмэгтэйчүүдтэй нэг ариун цэврийн өрөө хэрэглэх, спортод цуг өрсөлдөх, шоронгийн нэг камерт суух ёстой ажээ. Үгүй бол ялгаварлан гадуурхалт (discrimination) болох юм.

Трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүйн тулд гэх нэрийн дор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Калифорни мужид хэрэгжиж эхэлсэн хуулийн (SB 132) дагуу эмэгтэйчүүдийн хориход өөрийгөө эмэгтэй гэж үзсэн эрчүүд хоригдох эрхтэй болж.[1] Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш ердөө дөрөвхөн сарын дотор 261 эрэгтэй хоригдол эмэгтэйчүүдийн хориход суух хүсэлтээ илэрхийлсэн байна. Эмэгтэй хоригдлуудад харуулууд нь "Хамгийн муу зүйлд бэлд, сексийн хүчирхийлэлд бэлэн бай" гэж хэлсэн хэмээн Томиекиа Жонсон, Блэквелл гэх хоёр эмэгтэй ялтан яриа өгчээ.[2]

Төв Калифорнийн Эмэгтэйчүүдийн шоронд хүмүүжигч Эмбер Жексоны хоригдож буй газар трансжендер дөрвөн эмэгтэй шилжиж ирсэн бөгөөд Калифорнийн эмэгтэйчүүдийн төлөөх институтийн ажилтны түүнд хэлснээр гурав нь ДОХ-тай. "Калифорнийн засан хүмүүжүүлэх, нөхөн сэргээх төвийнхөн (КЗХНСТ) хүмүүжигчдэд бэлгэвч тараасан ч дэндүү оройтчихсон. Бэлгэвч тараагдахаас өмнө болох ёстой зүйл болчихсон. Хамгийн гол нь уг гурван трансжендер ДОХ-тай байсан гэдгийг КЗХНСТ мэдэж байсан."[3] Тэрээр үргэлжлүүлэн "Хүн болгон хувь тавилантайгаа төрдөг. Харин сенатор Скотт Винерийн хувь тавилан нь ядуу, дорой хоригдлуудын дунд ДОХ тараахад гар бие оролцох байсан юм шиг надад санагдаж байна. Тэрээр ганцхан хуулийн төслөөр Калифорнид байж болох хамгийн их хохирлыг учрууллаа. Тамд Скотт Винерт зориулсан зай байгаа гэж найднам. Ер нь ямар гээч хүн эмэгтэйчүүдийн хориход ДОХ-тай эрчүүдийг санаатайгаар оруулдаг байна аа? Юу болж буйг хэн ч нийтэд хүргэхгүй байна. Хэн ч биднийг тоохгүй байна. Бид нар энд аюулд байна"[4] гэж бичсэн санж.

Бэлгийн замын халдварт өвчнийг эс тооцвол эрчүүд эмэгтэйчүүдтэй цуг хоригдохын хамгийн гол эрсдэл нь жирэмслэлт билээ. Калифорнид өрнөж буй энэхүү явдлыг "хамгийн аймшигт хар дарсан зүүд" гэж хэлэх “Эмэгтэйчүүдийг чөлөөлөх фронт” гэх нэртэй феминист байгууллага Калифорни мужийн засаг захиргааныхны авч хэрэгжүүлж буй шорон дахь жирэмслэлтээс хамгаалах цорын ганц арга хэмжээ нь бэлгэвч тараах гэдгийг онцоллоо. Мөн эмчилгээний өрөөнд жирэмслэлттэй холбоотой зурагт хуудсууд байршиж эхэлсэн байна.[5] Үүнийг гамшиг гэнэ.

АНУ-д трансжендерүүд мөн өөрийн хүссэн хүйсийн ариун цэврийн өрөөг ашиглах эрхтэй болсон. 2016 онд Барак Обамагийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу сургуулиуд трансжендерүүдэд хүссэн хүйсийнх нь 00-ын өрөөг ашиглуулахгүй бол Холбооны Засгийн газрын санхүүжилтээс хасагдахаар зохицуулагджээ.[6] Доналд Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа 2017 онд тус тушаалыг нь хүчингүй болгосон боловч 2021 оны зургадугаар сард АНУ-ын Дээд шүүхээс транс эрэгтэй хүн эрэгтэйчүүдийн 00-д орох эрхтэй гэж шийдсэн нь Ардчилсан нам ялсны илрэл мэт.[7] Энэ бол хиймэл үстэй хижээл насны эрэгтэйчүүд өсвөр насны охидтой цуг ариун цэврийн өрөө хэрэглэнэ гэсэн үг.

2021 оны долдугаар сард Лос Анжелес хотод байрших Westlake spа эмэгтэйчүүдийн сувиллын газарт нэгэн трансжендер эмэгтэй насанд хүрээгүй охидод бэлэг эрхтнээ харуулсан нь, тухайн сувиллын газрын ажилтнууд энэ явдлыг зогсоохоор юу ч хийгээгүй нь интернетэд сенсаци тарив. Эмэгтэйчүүдийн хажууд шалдалсан Даррен Мерагер гэх эрийг Лос Анжелес хотын цагдаагийн газраас есдүгээр сарын 3-ны өдөр баривчилсан ба тэрээр Калифорни мужийн хуулиар нэг жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байна.[8] Хэрэв Мерагер анх удаагаа ийм үйлдэл гаргасан бол шоронд орохгүй байсан аж. Учир нь, мужийн хуулиар зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн бэлгийн хүчирхийлэгчдэд л хорих ял оноодог бөгөөд Мерагер нь 2002, 2003 онд мөн шалдалсан хэргээр торгуулж байсан, 2006 оноос хойш цагдаагийн хяналтанд бүртгэлтэй байгаа бэлгийн хүчирхийлэгч юмсанж.[9][10] Гэмт хэрэгт шийтгүүлж амжаагүй хэдэн эр охид, хүүхнүүдтэй ижил орон зай эзэлсээр байгаа бол!

Ялгаварлан гадуурхлын эсрэг гэх үзэл санааны дор трансжендерүүд спортод бусдын адил өрсөлдөх эрхтэй болсоор буй. Хамгийн аюултай спортын нэг гэгддэг регбид трансжендер эмэгтэйчүүд буюу эрчүүд эмэгтэйчүүдийн лигт тоглох эрхтэй болов. Францын Регбийн холбооны энэ шийдвэр нь Дэлхийн Регбийн холбооны байр суурьтай зөрнө.[11] Холимог тулааны спортод трансжендер эмэгтэй Фаллон Фокс өрсөлдөгчийнхөө гавлыг цууртал зодсон тохиолдол гарсан.[12] “Токио 2020” олимпын наадамд анх удаа трансжендерүүд оролцсоны нэг нь хүндийг өргөгч Лорел Хаббард.[13] Тэрбээр жинхэнэ эмэгтэй хүнээс олимпын наадамд оролцох боломжийг нь булаасан юм. Биологийн эр хүйсэнд төрсөн эрчүүд дааврын эмчилгээ хийлгэсэн ч булчингийн масс, ясны нягт зэргээсээ шалтгаалаад физиологийн хувьд эмэгтэйчүүдээс илүү гэдэг нь хэнд ойлгомжтой зүйл. Нийтлэгээрээ эмэгтэйчүүд физиологийн хувьд эрчүүдийг хэзээ ч гүйцэхгүй. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг шигшээ баг хэмээгддэг АНУ-ын шигшээ 15-аас доош насны дунд сургуулийн хөвгүүдийн багт 5-2-оор хожигдсон нь саяхны явдал.[14] Хэрэв энэ байдал даамжирсаар байвал эмэгтэйчүүдийн спорт үгүй болох нь цаг хугацааны асуудал гэдэг нь тодорхой.

Үг хэлэх эрх чөлөө рүү довтлох ЛГБТ идеологи

Дээрх солиотой явдлууд одоо бичигдэх зүйлийн хажууд юу ч биш. 2016 онд Канадад батлагдсан Bill C-16 хуулиар буруу төлөөний үг ашигласан хэн ч шоронд орох боломжтой болжээ. Торонтогийн их сургуулийн хуулийн профессор Бренда Коссман трансжендерүүдийн ялгаварлан гадуурхалтын эсрэг гэгдэх тус хуулийн талаар "Энэ хууль нь санаатай бусаар буруу төлөөний үг хэрэглэхийг гэмт хэрэгт тооцох уу гэж үү? Бараг л үгүй гэж хэлмээр байна. Харин хэн нэгний сонгосон төлөөний үгийг удаа дараалан хэрэглэхээс татгалзвал үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжтой."[15] гэв.

Буруу төлөөний үг ашиглах нь уг хуулийн дагуу гэмт хэрэгт тооцогдох уу гэсэн асуултанд өөр нэгэн эксперт болох хүний эрхийн хуульч Жаред Браун дараах байдлаар хариулав. "Аливаа хүн бусдын хүссэн төлөөний үгийг хэрэглэхээс татгалзвал шоронд орох боломжтой. Төлөөний үгтэй холбоотой гомдлыг хүний эрхийн шүүх хүлээж авах бөгөөд шүүх тухайн үйлдлийг хавчлага эсвэл ялгаварлан гадуурхалт гэж үзвэл хэрэгт холбогдогч тал хохирогчийн хохирлыг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр барагдуулна. Мөнгөн бус хэлбэр гэдэгт нь сургалт, уучлалт гуйх, хэвлэн нийтлэх эрхгүй болох гэх мэт зүйлс орох юм. Хэрвээ шүүхийн шийдвэрийг дагахгүй болвоос Хэсгийн эсвэл Холбооны шүүх рүү хэрэг нь шилжих агаад тэндээс гарсан шийдвэрээс хамаарч хэрэгтний шоронд орох эсэх нь шийдэгдэнэ. Шоронд тийм ч амархан орчихгүй. Гэхдээ л орох боломж бий."[15]

Энэ бол хүний түүхэнд хэрэгжиж байсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон хуулиудаас хамгийн абсурд нь. Өөрийгөө буруу хүйсэнд төрчихсөнөөр мэдэрдэг хүмүүс болон тэднийг дэмжигч хүний эрхийн активистууд бодит байдлыг өөрсдийнхөө хүсэлд нийцүүлэхийг хүснэ. Өөрийнхөө биеийг буюу бодит байдлыг бодлоороо, хүслээрээ өөрчлөх чадвар трансжендерүүдэд үгүй. Тиймээс тэд бусдыг хүчирхийлэл, заналхийллээр далайлгаж зорилгоо гүйцэлдүүлж байна. Bill C-16 шиг хуулиуд яагаад зөвхөн трансжендер хүмүүсээр хязгаарлагдах ёстой гэж? Намхан хүмүүс өндөр гэж дуудуулахыг, өндөр настнууд өөрийгөө хүүхэд гэж тооцуулахыг, олны нүдэн дээр хүн алчихсан хүн өөрийг нь буруугүйд үзэхийг бусдаас шаардаад эхэлбэл нийгэм юунд хүрэх вэ?

Бодит байдлыг өөрчилж чадахгүйдээ хорсохдоо өрөөл бусдаас "Хүсэлд минь тааруулж амьдар, үгүй бол эрх чөлөөгөө хасуул" гэж шаардаж буй ЛГБТ хөдөлгөөнийхөн тэгэхээр жинхэнэ дарангуйлагчид юм. Тэд одоо хавчигдсан бүлгэм биш. Тэд бол нийгмийн олонхоор хүлээн зөвшөөрөгдсөн, өөрөөсөө өөр бодолтой хүмүүсийг хүлцэн тэвчдэггүй биготууд. Хүний юу бодохыг цагддаг "Thought Police" өрнөдөд биеллээ олжээ. Жорж Оруэлл зохиолуудынхаа санааг ЗХУ, нацист Германаас авч, тэнд болсон үйл явдлуудыг дүрсэлсэн төдий л гэгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хэлэнд цензур тавьснаараа орчин цагийн өрнийн зүүний үзэлтнүүд нацист, коммунистуудтайгаа зэрэгцэн ирлээ.

Үг хэлэх эрх чөлөөг хориглосон арга хэмжээгээ зүүнтнүүд өрөвдөх, энэрэх нь ёс зүйт нийгмийн шинж гэж зөвтгөдөг. Тэдний хувьд бусдыг гомдоосон, доромжилсон хүмүүс хүн биш учраас байх ёстой газар нь шорон.  Гэвч гомдоолт, доромжлол гэдгийг юугаар хэмжих юм? Юунд гомдох, юуг доромжлол гэж ойлгох нь хувь хүнээс л хамаардаг зүйл. Хүнийг хэн нэгний субъектив үнэлэмжээр яллана гэдэг тоталитаризм. Гомдохгүй, доромжлуулахгүй байх эрх (right not to be offended) гэдэг нь чөлөөт нийгэмд байж болшгүй үзэгдэл бөгөөд дарангуйлагчид л иргэдийнхээ эсрэг ашигладаг зэвсэг юм. Энэ хүн намайг гомдоолоо, доромжиллоо гэх үндэслэлээр иргэд бие биенийгээ шоронд хийх нөхцөл бүрдвэл нийгэмд хаос л бий болно. Иймээс гомдохгүй, доромжлуулахгүй байх эрх нь зөвхөн цөөн тооны хэсэгт л олгогддог.

Энэ төрлийн хууль АНУ-д хараахан хуульчлагдаагүй байгаа хэдий ч дэмжигчдийн тоо нь маш олон хийгээд удахгүй батлагдах магадлалтай нь АНУ-ын Засгийн газрын үйлдлээс харагдана. Жо Байдены Засгийн газар 2022 оны төсвийн төлөвлөгөөгөө танилцуулахдаа "эмэгтэйчүүд" (women) гэх үгийг "төрдөг хүмүүс" (birthing people) гэдгээр орлуулав.[16] Трансжендерүүдийг гомдоохгүй байхын тулд үгийг өөрчилж хэрэглэх явдал өдөр ирэх тусам гаарсаар. Нэгэн жишээ нь Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн төвийн (NHS) Брайтон хот дахь салбар хөхөөрөө хооллохыг (breastfeeding) цээжээрээ хооллох (chestfeeding) болгож хэвшжээ. Тус эмнэлэг мөн эмэгтэй хүнийг төрдөг хүн (birthing parent) гэж дуудна.[17]

Бодит байдлыг үгүйсгэсэн өөр нэгэн солиорол

Зүүнтнүүдийн аргументууд нь хоорондоо байнгын зөрчилтэй байдгийн томоохон жишээний нэг бол "Хүйс бол нийгмийн конструкци" гэх ойлголт юм. Хүний хүйсийн баримжаа нь биологитой хамааралгүй, хүүхдийн багаасаа өссөн орчин болон хэрхэн өсгөснөөс нь шалтгаална хэмээн үзнэ. Үүнийг "Хүйсийн саармаг байдлын онол" гэж өөрөөр нэрийддэг. Энэхүү онолын туршилтын золиос болсон хүүг Дэвид Реймер гэнэ. Нялхдаа бэлэг эрхтнээ золгүй явдлын улмаас алдсан Реймер хүү ихэр байсан бөгөөд Жон Мани гэх психологичийн зөвлөгөөг дагасан эцэг, эх нь түүнийг охин, дүүг нь хүүгийн хувиар өсгөсөн байна. Бэлэг эрхтэн байсан газраа эм бэлэг эрхтэн суулгуулж, төмсгөө авахуулсан Реймер мөн гормоны эмчилгээнд орж, Дэвид нэрээ Бренда болгуулсан юм. Хүүхэд насандаа үеийнхэндээ шоглуулж, доромжлуулж байсан тэрээр эмэгтэй хувцас өмсдөг байсан ч хэзээ ч өөрийгөө эмэгтэйгээр мэдэрч байгаагүй аж. Эцэг, эхтэйгээ насан туршдаа асуудалтай амьдарсан, сэтгэл гутрах өвчтэй Реймер 38 насандаа амиа хорлосон байна. Хүйс бол нийгмийн конструкци хэмээх онол буруу гэдгийг тэрбээр амьдралаараа, амь насаараа баталжээ.

Гэсэн ч түүний гунигт түүх хүйсийг үгүйсгэдэг ЛГБТ сектийнхний хувьд хангалтгүй. Хүйс нийгмийн бүтээл учир 57, 72, 78 гэх мэт дурын тооны хүйс байдаг гэж үзэх ЛГБТ хөдөлгөөн нэрэндээ нэмэх тэмдэг (+) нэмсэн шалтгаан нь дээрх онолоос улбаатай. ЛГБТ ЛГБТ+ болов. Тэнэглэлийн нөлөөлөлд автсан facebook 2014 онд хэрэглэгчдэдээ 58 хүйсийн сонголтыг санал болголоо.[18] 2021 онд АНУ-ын Эрүүл мэндийн ассоциаци төрсний гэрчилгээнээс хүйсийг хасах нь зүйтэй гэж мэдэгдэв.[19]

Мэдээжийн хэрэг энэ бол солиорол. Биологийн хүйс гэж байхгүй юм бол бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа гэх ойлголтууд утгагүй болно. Хүмүүс хүйсгүй учир бэлгийн чиг баримжааны хувьд гомо, лесби, бисексуал, хүйсийн баримжааны хувьд трансжендер байх боломжгүй гэсэн үг. Мөн түүнчлэн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан байдал нь нийгмийн орчин болон тэдэнд оноосон нийгмийн үүргийн (gender role) улмаас л ялгаатай байдаг гэж хэлж буй хэн ч трансжендерүүдийн оршихуйг үгүйсгэнэ.

Галзуурлын сурвалж үл ялгаварлах үзэл санаа

Зүүний үзэлтнүүдийн хүний эрхтэй холбоотой хөдөлгөөн бүр ялгаварлалын эсрэг, тэгш байдлын төлөө зогссоор ирсэн. Өрнөдөд хүчээ авчихсан хэнийг ч алагчлахгүй үзэх абсолют тэгш байдлын идеал нь бүх солиорлын эхэн юм. Үл ялгаварлах санааг бүрэн хэрэгжүүлбэл нийгэм оршин тогтнохоо байна гэдгийг ойлгох хүн тун цөөн байдаг нь харамсалтай.

Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14.2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно"[20] гэж бий. Энэ бол Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 2-р зүйлээс шууд хуулсан өгүүлбэр.[21]

Монгол хэлэнд ялгаварлан гадуурхалт, ялгаварлал гэж буудаг discrimination гэх англи үгийг Кембрижийн толь бичигт аливаа хүн эсвэл бүлэгт өөрөөр хандах хэмээн тайлбарлажээ.[22] Үйл үг нь ялгаварлах. Ихэнх хүний чихэнд таатай сонсогддог бусадтай ялгаварлахгүй харьцах нь угтаа огт утгагүй хэрэг. Сонголт бүр нэг ёсны ялгаварлал. Эх хүн өөрийн үрээ бусад хүүхдүүдээс илүү хайрладаг нь ялгаварлал, хүмүүс нэг нэгнийгээ шохоорхоно гэдэг бол ялгаварлал, их сургуулийн босго оноо бол ялгаварлал гэх мэтээр ялгавартай харьцааг дурдаад байвал дуусахгүй. Тиймээс хуулийн хүрээ рүү оръё.

Хүүхдүүдэд согтууруулах ундаа уух, тамхи татахыг хориглодог нь насаар нь, эмэгтэйчүүд цэрэгт татагддаггүй нь хүйсээр нь, ядууст хүнсний тэтгэмж олгодог нь хөрөнгө чинээгээр нь, төрийн алба болон хувийн хэвшлийн ажлын байранд тухайн ажилтай холбоотой мэдлэгийн шаардлага тавьдаг нь боловсролоор нь ялгаварлаж буй хэрэг юм. Хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлахгүй гэдэг нь ёс бус авирласан гэж эхнэр, охиноо зоддог, алдаг муслимуудыг хүлцэн тэвчинэ гэсэн үг. Үүнтэй тэрсэлдвэл тэднийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан хэрэгт унана.

Нэг нэгнийгээ үгүйсгэсэн үзэл бодлууд зэрэгцэн орших боломжгүй. Тиймээс үзэл бодлоор нь ялгаварлахгүй гэдэг нь бодит байдал дээр хэзээ ч хэрэгжих боломжгүй утга учиргүйдэл. Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14.2 дахь зүйлд багтсан хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэх өгүүлбэр нь тус зүйлтэй санал нийлэхгүй хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхдаг буюу логикийн зөрчилтэй илэрхийлэл юм. Үүнийг парадокс гэдэг. Үндсэн хууль нь органик хуультайгаа зөрчилддөг ийм нөхцөл байдлаас "Аль нь эрүүл ухаан, нийгмийн ёс зүйд нийцэх вэ?" гэх асуулт урган гарч ирэх ёстой. Хэнийг ч юугаар нь ч ялгаварлахгүй хэмээх санааг агуулсан Үндсэн хуулийн дагуу насанд хүрэгчид хүүхдүүдтэй бэлгийн хавьталд орох боломжтой болно. Органик хуулиар бол хориотой.

Өрнийн ЛГБТ болон бусад хүний эрхийн төлөөх гэгдэх хөдөлгөөнүүдийн зорилго нь яг энэ буюу бүхнийг хүлээн зөвшөөрсөн нийгмийг байгуулах. Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг тултал нь гүйцэлдүүлэхээр эрмэлзэх тэд абсолют тэгш байдал тогтоож, ялгаварлалыг үгүй хийхээр санаархаж буй. Хэнийг ч ялгаварлахгүй байна гэдэг юуг ч хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Юуг ч хүлээн зөвшөөрч эхэлбэл нийгмийн хэм хэмжээ үгүй болох ба аль хүчтэйнх нь хүсэл ноёлж төгсөнө.

Нэмж хэлэхэд, тэгш бус байдалгүй, ялгаварлан гадуурхалгүй нийгмийг босгохын тулд эхлээд үүнийг эсэргүүцсэн, энэхүү идеалд харш хэн бүгдийг зайлуулах эсвэл алах ёстой гэдгийг үл хайхарч болохгүй. Тэгш, ялгаварлалгүй нийгмийг бүтээх цорын ганц арга нь бусдад тэгш бус, ялгавартай хандах билээ.

ЛГБТ хөдөлгөөн ба хүүхдүүд

Бэлгийн цөөнх өөрсдийгөө сурталчилснаар хүүхдүүдийг уруу татан, ЛГБТ болгодог гэх ойлголт одоо ч нийтийн дунд маргаан өрнүүлсээр. Бэлгийн дур хүсэл, хайр дурлалын хувьд хүний хэнд татагдах нь гадны нөлөөллөөс шалтгаалдаг байсан бол Исламын орнуудад зовж буй бэлгийн цөөнх сайн дураараа уруу татагдан гетеросексуал (хэвийн, эсрэг хүйстнээ сонирхогч) болохыг сонгох байсан биз. Эсрэг хүйстнээ сонирхдог эрчүүд хэчнээн хүсээд ч ижил хүйстэндээ татагдахгүй. Гэвч асуудал нь орчин үеийн ЛГБТ идеологи хүүхдүүдийн бэлгийн эсвэл хүйсийн чиг баримжааг нь өөрчилж чадах эсэх дээр биш, тус идеологи нь нийгмийн ёс зүй, хэм хэмжээг өөрчлөх боломжтойд оршиж буй юм. Хүүхдүүд ижил хүйстэнтэйгээ явалдах, тэр дундаа өөрөөсөө ахимаг насны хүнтэй бэлгийн харьцаанд орох явдлыг нийгмийн хувьд цээртэй зүйл биш болгохыг ЛГБТ+ хөдөлгөөн хүсэж буй. Энэ нь тэдний эцсийн зорилго.

Нийгмийн ёс зүй цаг үеэ даган өөрчлөгддөг гэдэг. Энэ нь амьгүй биет болох цаг хугацаа хүний ёс суртахууныг өөрчилдөг гэсэн үг биш. Харин аливаа ёс зүйн хэм хэмжээ түүнийг баримталж байсан хуучин үетэйгээ далд ороход шинэ үеийнхний ёс зүйн баримтлал давамгайлж ирдэг гэсэн утгатай. Төрийн үүрэг нь хувийн өмчийг хамгаалахаар хязгаарлагдана, хүн бүр хоорондоо ялгаатай учир тэгш бус байдал бий болох нь жам, хүүхдийг төр биш эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцах хийгээд хүүхдийн бие махбод, оюун санаанд хэзээ ч эмчлэгдэшгүй гэмтэл учруулж болохгүй гэх зэрэг 19-р зууны Соён гэгээрлийн үеийн зарчим, үзэл санаа нэгэнт алдагджээ.

Их Британид өсвөр насны трансжендерүүдийн хүйсээ солиулах мэс ажилбарын төлбөрийг төр буюу татвар төлөгчид дааж байна.[23] Зүүний үзэлд автсан эх гурван наснаас нь хойш эмэгтэй хүүхэд мэт өсгөсөн долоон настай хүүгийнхээ нэрийг эмэгтэй нэрээр сольсон ба эцэг нь эсэргүүцэв.[24] Шотландад дөрвөөс дээш насны хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр сургууль дээрээ хүйсээ солих боломжтой болжээ. Энэ нь тэднийг эсрэг хүйсийнхээ ариун цэврийн өрөөг ашиглах, нэрээ солих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Багш нар нь дүрмийг мөрдүүлэх ёстой ба эцэг, эхэд нь хүүхэд нь хүйсээ сольсон талаар мэдээлэх үүрэггүй аж.[25]

Хүүхдүүдэд насанд хүрэгчдийн адил өөрийгөө бүрэн мэдэх эрх олгох эдгээр арга хэмжээнүүдийн цаана педофилиг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх сэдэл бий. Хүүхдүүд өнөөдөр хэний ч зөвшөөрөлгүйгээр сургууль дээрээ хүйсээ солих эрхтэй болно гэдэг маргааш энэ арга хэмжээ зөвхөн сургуулийн орчноор хязгаарлагдахгүй байх боломжтой гэсэн үг. Өнөөдөр эцэг, эх нь бага насны хүүхдийнхээ хүйсийг солиулах боломжтой болно гэдэг ирээдүйд Дэвид Реймер шиг хүмүүсийн эпидемик нүүрлэхийн шинж. Харин хүүхдүүд хүйсээ сольж болно гэх хандлага нийгмийг бүрхэхэд хүүхдүүд хэнтэй ч хамаагүй унтаж болно гэх санаа ч мөн хүлээн зөвшөөрөгдөнө. Хүүхэд өөрөө зөвшөөрсөн гэдэг үг педофилуудийн амны уншлага болох нь гарцаагүй. Педофил нийгэм огтоос шинэ үйл биш.

Ижил хүйстнүүд насаар бага хүүхдүүдийг юунаас ч эмээхгүйгээр эмлэдэг байсан үе хүн төрөлхтний иргэншлийн түүхэнд цөөнгүй. Эртний Грект хөвгүүд 10 наснаасаа эхлэн нас биед хүрэх хүртлээ өөрөөсөө ах (erastes) хүний ивээлд багтдаг байсан ба ментортойгоо байнгын бэлгийн харьцаанд ордог байж. Эртний Ромд насанд хүрсэн чөлөөт иргэнд ром бус гаралтай боол хүүхдүүдтэй эсвэл янхантай явалдахыг зөвшдөөрдөг, ром гаралтай эрх чөлөөт хүүхдүүдтэй унтахыг "Lex Scantiniа"-ийн дагуу хориглодог байв. Эдогийн эриний Японд дээрх эртний Грекийн уламжлал "Wakashu" нэрээр яг адил байсан бөгөөд хүүхдүүдийн нас нь 7-17-гийн хооронд хэлбэлзэнэ. Иберийн хойгт 8-16-р зууны хооронд оршин байсан Исламын шашинт Аль-Андалус улсад гомосексуал педофили мөн өргөнөөр тархсан байв. Өнөөгийн Афганистанд эрчүүд хөвгүүдийг эмлэдэг үзэгдэл (Bacha bazi) байсаар байхын сацуу зарим ядарсан хүүхдүүд хоол хүнсний төлөө сайн дураараа биеэ үнэлдэг ажээ. Тэднийг "бүжиглэгч хөвгүүд" гэнэ. Аристотель, Жон Локк нарын үзэж байснаар хүүхдүүд юу хийж болох, болохгүйгээ орчин тойрноосоо сурдаг. Хүүхдүүд насанд хүрэгчидтэй бэлгийн хавьталд чөлөөтэй ордог болчихвол дараагийн үе нь ч үүнийг хэвийн мэт хүлээж авах ба ёс зүйн хэм хэмжээ өөрчлөгдөхгүй аваас цааш үргэлжилсээр л байх юм. Чухам л энд л ЛГБТ хөдөлгөөний аюул оршино.

ЛГБТ+ хөдөлгөөн хүүхдээр оролдтолоо өндрөө авчээ. П үсэг бэлгийн чиг баримжааныхаа хувьд нэг бол ЛГБТ+ дээр нэмэгдэнэ, эсвэл хязгааргүйг бэлгэдсэн нэмэх тэмдэгт нь багтана. Шалтгаан нь энэхүү үзэл нь өрнийн их сургуулиудад үүссэнд бий. 1977 онд Мишель Фуко, Жак Деррида, Симона де Бовуар, Жан-Поль Сартр, Жан-Франсуа Лиотар, Луи Альтюссер зэрэг марксист социалистууд 15-аас доош насныхантай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөхийг хүссэн өргөх бичиг үйлдэн Францын парламентад өргөн барив.[26] Тэд бол зөвхөн Франц гэлтгүй Баруун Европ, АНУ дахь хамгийн алдартай нийгмийн ухааны төлөөллүүд байлаа. Хувь хүний гаж, далд хүслийг үл хүлээн зөвшөөрөх соёлт нийгмийн ёс зүйн хэм хэмжээг эсэргүүцсэн эсэргүүцлийн төв нь 1970-аад оноос хойш сэхээтнүүд болчихов. Тэдний хамгийн хүчирхэг, аюултай зэвсэг нь тэгш байдал, үл ялгаварлах үзэл.

Дээрх сэхээтнүүдээс хамгийн алдартай нь гэгддэг, нэгэн цагт Өрнөдөд философийн супер од хэмээн алдаршсан, зохиол бүтээл нь нэг сая гаран удаа буюу хамгийн олон эшлэгдсэн Мишель Фуко 1960-аад оны үед 8-10 насны тунис хөвгүүдийг оршуулгын газрын чулуун дээр хүчинддэг байсныг Францын ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх асан Ги Сорман гэгч нүдээр үзэж байжээ.[27] Садомазохист Фуко групп гомо сексээс ДОХ авч үхсэн юм.

Соёлын марксизм буюу Identity politics

Хүн төрөлхтний түүхийг яг одоо "Соёлын марксизм" (Cultural Marxism) залуурдаж буй. ЛГБТ хөдөлгөөн бол модны нэг мөчир нь л төдий. Үндэслэгчид нь Макс Хоркхаймер, Теодор Адорно, Херберт Маркузе нарын Франкфуртын сургуулийнхан болон Мишель Фуко, Жан-Франсуа Лиотар, Ричард Рорти, Жак Деррида зэрэг постмодернистууд. Тэдгээр нео-марксистууд үхсэн ч гэсэн идеологи нь дэлхийг түймэрдсээр. Тэгэхээр "Соёлын марксизм" гэж юу вэ?

Карл Маркс нийгмийн гишүүдийг хоёр хуваасан бөгөөд хөрөнгөтнүүдийг дарлагч анги, ажилчдыг дарлагдагч анги гэв. Түүнийхээр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилдөг хөрөнгөтнүүд ажилчдын хөдөлмөрөөр ашиг хийдэг учир мөлжигч юм. Марксын түүхэн материализмын онолын дагуу капиталист системд хөрөнгөтнүүдийн тоо хором өнгөрөх тусам багасаж, ажилчдын тоо нэмэгдэх ба эдийн засгийн байдал муудна. Ингэснээр амьжиргааны түвшин нь доройтсоор байх ажилчдад ангийн ухамсар суух агаад бүх дэлхийг хамарсан ажилчдын хувьсгал болж пролетарийн диктатур тогтох буюу социализм ирэх аж.

Гэсэн ч АНУ болон Баруун Европт иргэдийн ахуй амьдрал дордсонгүй. Дэлхийн нэгдүгээр дайн, Төв банкнуудын явуулсан бодлогоос үүдэлтэй Их хямралын үеүдийг эс тооцвол үргэлж сайжирсаар байв. Ангийн ухамсаргүй ажилчид хувьсгал хийгээгүй. Иймээс социалист сэхээтнүүд шинэ дарлагч, дарлагдагч ангийг бодож олох шаардлагатай болсон юм. Тэд хүнийг гадаад шинжээр нь дарлагч болон дарлагдагч ангид хуваариллаа. Марксизм хүнийг юу хийдгээр нь ангилж байсан бол Марксаас ангийн тэмцлийн онолыг нь зээлдсэн нео-марксистууд хүнийг төрөлх шинжээр нь ангилна. Энэхүү онол ёсоор цагаан арьстнууд цагаан бус арьстнуудыг, эр хүйстнүүд эм хүйстнүүдийг, гетеросексуалууд гомосексуалуудыг дарладаг. Өнөөгийн бүх асуудалд дарлагч анги болох цагаан арьстнууд, эрэгтэйчүүд, гетеросекусалууд буруутай хийгээд дарлагдагч ангийн зовлонгийн сурвалж шударга бус, тэгш бус байдлыг устгах ёстой гэнэ. Тэгш бус байдал юунаас гаралтай нь чухал биш, үүнтэй тэмцэх нь чухал.

Европ гаралтнуудын дундаж цалин хар арьстнуудынхаас, эрчүүдийнх эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг нь нео-марксистуудын хувьд цагаан арьст эрчүүд бусад нийгмийн бүлгээ дарладгийн илрэл. Нийтлэгээрээ цагаанууд харуудаас илүү өндөр амьжиргааны түвшинд амьдарч буйг хувь хүний хүчин чармайлт, байгалиас өгөгдсөн авъяас, сонголт гэх мэттэй бус зөвхөн арьсны өнгө, эр хүйстэй холбож үзнэ. Тэд юмсыг үргэлж коллектив байдлаар хардаг. Хүнийг өөрийнхөө чадлаар хүссэндээ хүрч чадах хувь хүн биш, хувь тавилан нь төрөхөд нь оноогдсон шинжээс нь хамаардаг нийгмийн бүлгийн гишүүн гэж тооцно. Уг ангийн тэмцлийн санаа нь эгалитаризмтай (тэгшитгэх үзэл) адилаар марксизм, нео-марксизмын аль алиных нь суурь.

Маркс дарлагдагч анги гэдгээр зөвхөн ажилчдыг хэлж байв. Нео-марксистууд харин цагаан бус арьстнуудыг, эмэгтэйчүүдийг, гомосексуалуудыг, Христосын бус шашинтнуудыг гэх мэтчилэн багтаана. Эдгээр нь хоорондоо зохицолдоотой бүлгэмүүд биш учраас эргээд дотоод зөрчлийг бий болгодог. Трансжендерүүд нь эмэгтэйчүүдийн эрхийг, муслимууд нь бусад бүгдийнхээ эрхийг үгүйсгэнэ. "Яагаад хамгийн феминист гэгддэг Герман, Швед зэрэг улсад хамгийн олон тоогоор муслим дүрвэгч хүлээж авсан бэ?" гэдэг бодлогын хариу нь тэдгээр улсуудад ноёлж буй "Соёлын марксизм" юм. Нео-марксистуудын эцсийн цэг нь улс үндэстэн гэж үгүй интернационал социализм. Цагаан арьстнуудыг үндэстнийх нь хувьд багасгах, үгүй хийх нь тэдний нэг насны мөрөөдөл. Чехийн ерөнхий сайд Андрей Бабишийн тооцоогоор Нидерландад 2044 онд, Шведэд 2065 онд араб, африк, ази гаралтай муслимууд хүн амын олонхыг бүрдүүлэх буюу нидерландчууд, шведүүд, эх орондоо цөөнх болох ажээ.[28] Эрчүүд нь өөрсдийгөө хорвоо дээрх бүх зовлонгийн үндэс гэж хардаг арчаагүй амьтад, эмэгтэйчүүд нь муслимуудыг найр тавин оруулдаг феминистүүдтэй улс орон исламжихаас өөр замгүй.

Одоо Баруун Европт аливаа нэг үндэстэн дээр геноцид үйлдэх ёстой гэж боддог хүн болон улсдаа дүрвэгчдийг хүлээж авахгүй гэж хэлсэн хүн хоёулаа расист. Эмэгтэйчүүдийн цорын ганц үүрэг нь эрчүүдэд үйлчлэх гэж боддог хүн болон эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс бага байдаг нь тухайн ажлын онцлог, ажиллах цагийн зөрүүнээс шалтгаалдаг гэж хэлсэн хүн хоёулаа сексист. ЛГБТ хүмүүсийг чулуугаар цохиж алах ёстой гэж үздэг хүн болон трансжендер эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орох ёсгүй гэж хэлсэн хүн хоёул гомофоб, трансфоб. Нео-марксистууд ингэж үгсийн утгыг өөрчилснөөр олонхийг номхруулчихсан.  Өнөөдөр эдгээр үгсээр дуудуулсан хүнийг хуучин Зөвлөлтийн үеийн ангийн дайсантай зүйрлэж болно.

Расизм, сексизм, гомофобиятай тэмцдэг хэмээдэг "Соёлын марксизм" нь өөрөө цагаан арьстнуудыг, эр хүйстнүүдийг, эсрэг хүйстнээ сонирхогчдыг зүхсэнээрээ расист, сексист, гетерофоб гэдгийг ойлгохооргүй тэнэгүүд өрнөдөд олонх болжээ. Тэд төрийн өмчит цэцэрлэг, дунд сургууль, их сургуульд бэлтгэгдсэн. Социализм үзэл санааны хувьд уналтанд орж байсан гэж нийтээр үздэг 1974 онд нео-марксизмыг АНУ-д түгээсэн Херберт Маркузегээс зүүний үзэл ялагдчихлаа гэж ам асуухад "Үгүй, зүүний үзэл их сургуулиудад дахин төрнө" гэж байв.

Нео-марксист ЛГБТ хөдөлгөөн Монголд

Монголын ЛГБТ төв "Тэгш эрх, бахархлын өдрүүд – 2021"-ийг АНУ-ын Элчин сайдын яам, Францын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн сан, Европын холбооны дэмжлэгтэйгээр наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулав. Өрнийн нео-марксист идеологи тэдгээр улсын төрийн бодлогын хүрээнд ийнхүү албан ёсоор Монголд орж ирлээ. Америк, Канад, Баруун Европ, Скандинавын орнуудыг хамарсан галзуурал Монгол улсад тохиох гэж байна. "Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хэн орох вэ?", "Эмэгтэйчүүдийн спортод хэн өрсөлдөх вэ?" "Хүүхдүүд зөвшөөрлөө өгсөн тохиолдолд насанд хүрэгчид тэдэнтэй унтаж болох уу?" гэх мэт утгагүй асуултууд хэдхэн жилийн дараа нийгмийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж таарах нь.

Монголын ЛГБТ төв хэдий гаднын төрийн байгууллагуудын дэмжлэгтэй ч гэсэн энэ нь тэд өрнөдөд өрнөж буй зүйлсийг бүгдийг нь дуурайна гэсэн үг биш хэмээн хэн нэгэн мэтгэж магад. Монголын ЛГБТ төвийн үнэ цохин түрээсэлсэн автобусны буудлын рекламны самбар дээр нэгэн трансжендерийн "Би трансжендер эмэгтэй хүн болохыг сонгоогүй. Би угаасаа эмэгтэй хүн" гэсэн өгүүлбэр бичээтэй. Өрнөдөд эрчүүд эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөхдөө, ариун цэврийн өрөөнд нь орохдоо яг энэ аргументыг ашигладаг. Монголын ЛГБТ төв мөн биологийн хүйсийг үгүйсгэнэ. Трансжендер хүний тодорхойлолтыг тэд "Трансжендер гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэггүй хүнийг хэлнэ" гэв.[29] Тэдний хэрэглэсэн "төрөхөд тэмдэглэгдсэн хүйс" гэдэг үг нь зүүнтнүүдийн зохиосон "sex assigned at birth" гэдэг үгийн орчуулга юм. Дээрх үг хүний хүйс байгалиас өгөгддөггүй, харин бүртгэлийн ажилтан болон эцэг, эхийнх нь шийдвэрээс хамаардаг гэсэн санааг илэрхийлдэг. Түүнчлэн ТББ-ын статустай Монголын ЛГБТ төв нь гаднын улсуудын төрөөс санхүүжилт авсан байх тун өндөр магадлалтай нь автобусны буудлууд ч гэлтгүй автобуснууд дээр рекламнуудаа тавьснаас харагдана. Төрөөс мөнгө авдаг газрыг ТББ гэдэггүй юм.

"Тэгш эрх, бахархлын өдрүүд – 2021" үйл ажиллагааг голлон дэмжсэн хүмүүс нь баруунд суралцагчид, төгсөгчид, орчин үеийн барууны соёлын нөлөөнд автсан шинэ үеийнхэн байлаа. Ерөөс ЛГБТ хөдөлгөөнийг дэмжигсэдийн дийлэнх олонх нь гетеросексуалууд. ЛГБТ хөдөлгөөн зөвхөн ЛГБТ хүмүүсээр хязгаарлагддаг байсан бол ингэтлээ томрохгүй байх байсан. Гэвч тэд яг юуны төлөө тэмцэж буй нь хачирхалтай. Монголд ЛГБТ хүмүүсийг хуулиар хориглосон зүйл үгүй, биед нь халддаг явдал ч бага бөгөөд халдвал шийтгэлээ хүлээдэг.

Цөөнхийн эрхийг хамгаалагчийн дүрээр баатар царайлдаг гетеросексуал монголчууд бол зүүнтнүүдийн манипуляцид өртсөн тэнэгүүд. Монголчууд гомонуудыг хөнгөлдөг, дээврээс шиддэг, шоронд хийдэг Исламын шашинтнууд биш учраас тэдний тэмцлийн үндэслэл нь Монголд ЛГБТ хүмүүс олон хөлийн газар хэнээс ч ичихгүй явж чаддаггүй, монголчууд ЛГБТ-үүдийг хүлээн зөвшөөрдөггүй гэдэг болой.

Тэрхүү хүний эрхийн тэмцэгчид гомонуудыг хүндэл, хүлээн зөвшөөр гэж бусдаас шаардана. ЛГБТ хөдөлгөөнийхөн бол өөрөөсөө өөр үзэл бодолтой нэгнийг үл хүлцэн тэвчдэг хүмүүс гэдэг нь эндээс сайтар мэдэгддэг. Ижил хүйстэнтэйгээ явалдах нь заваан гэж боддог хүн байж болохгүй гэж тэд үзнэ. Эсрэгээрээ, гомонуудад дургүй ч биед нь халддаггүй, нийгмийн харилцаанд орохоос зайлсхийдэг хүмүүс бол хүлцэн тэвчихүйн (tolerance) зарчмыг жинхэнэ утгаар нь мөрдөгчид билээ. Хүлцэн тэвчинэ гэдэг амь нас, хувийн өмчид нь л халдаагүй бол өөрийнхөө дургүй зүйлийг тэвчих, бусдыг тайван амьдруулахын нэр гэдгийг бэлгийн цөөнхийн эрх ярьсан зүүнтнүүд огт ойлгодоггүй. Хүмүүс ЛГБТ ч бай, үгүй ч бай бусдад өөрийгөө эсвэл хэн нэгнийг хүчээр хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь сайн зүйлд хүргэхгүй. Үүнийг л фашизм гэдэг.

ЛГБТ-үүдийн жагсаал, арга хэмжээг нийгэм урагшилж буйн илрэл, оролцогч залуучуудыг нь хөгжлийг түргэсгэгч гэж сэтгэдэг хэсэг бий. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юмс байнга сайжирч байдаг гэх тэдний сэтгэлгээг "Whig theory of history" гэдэг. Иймээс шинэлэг харагдсан зүйлс хичнээн гаж байсан ч "Шинэ үе өөр болжээ. Ирээдүй гэрэлтэй байна" мэтийг хэлж байна гэдэг тус онолд автсаных. Өрнийн улсуудын эдийн засаг нь янз бүрийн цөөнхийн эрхийн активизмын тусламжтайгаар одоогийн түвшиндээ ирээгүй. АНУ, Япон, Баруун Европын орнуудад амьжиргааны түвшин бусад улсаас илүү байдаг нь өвөг дээдсийнх нь хэрэгжүүлж байсан харьцангуй чөлөөт эдийн засгийн бодлогынх нь үр дагавар юм. Солонгон өнгийн далбаа барьсан, янз бүрийн хачин сонин хувцас өмссөн социалистууд эдийн засгийн хөгжлийг авчрахгүй.

АНУ-ын хамгийн зүүний үзэлтэй муж Калифорниос бизнесүүд болон иргэд нь дүрвэж байна.[30] Нийгмийн халамжинд хамгийн их мөнгө зарлагддаг Калифорни дахь орон гэргүйчүүдийн тоо хямралын хэмжээнд хүрчихсэн, гудамжууд нь өтгөн, шингэндээ баригдчихсан.[31] Сан Франциско хотын хуулиар 950 доллароос доош хулгайг шоронгоор бус торгуулиар шийддэг болсон нь хулгайн эпидемикийг бий болгожээ. Үүнээс үүдэж дэлгүүрүүд, эмийн сангууд хаагдаж буй.[32] Эдийн засгийн хууль бол универсаль. Венесуэлд тохиолдсон явдал АНУ-д тохиолдохгүй гэсэн зүйл үгүй. Нео-марксист зүүний идеологийг түгээх үйлсэд хошуучлах Калифорни мужын эдийн засаг төрийн оролцооныхоо улмаас улам муудсаар.

Юу дуртайгаа хийх нь хүний амьдралын утга учир, зүйл болгон хүний эрх хэмээх үзлийг дагадаг хедонист, нео-марксист шинэ үеийг хөөргөх хижээл насныхан эцсийн бүлэгт тэд нартаа идүүлж дуусна. Монголд эрчүүд эмэгтэйчүүдийн шоронд орохдоо хамт хоригдогсдоо хүчиндэх үед [33][34], педофилия нь хүний сонголт биш зэрэг бичвэрүүд орчуулагдах эсвэл бичигдэх цагт [35][36] "Биологийн хүйс бол бодит" гэж хэлснийхээ төлөө өсвөр насныхнаар адлуулах Монголын Ж.К.Роулингууд [37] хийсэн зүйлдээ харамсана. Шинэ үеийг шинэ үе байсных нь л төлөө магтах нь сүйрэхийн цондон.

Төгсгөл

Социализм 1990-ээд онд ЗХУ болон үүний дагуул улсуудад нуран унасан ч үзэл санааны хувьд ялагдаагүй. Өрнөдөд хүчирхэгжсээр өнөөгийн өндөрлөгтөө хүрэв. Өрнийн социалистууд өөрсдийгөө одоо социалист гэдэггүй. Социал демократ, либерал мэтийн нэрэн дор нуугдах тэдний хамгийн их хэрэглэдэг үгс нь хүний эрх, хүмүүнлэг ардчилал, тэгш боломж, үл ялгаварлал. Тус ухагдахуунууд Монголд ч гэсэн хүчээ авчихсаныг нийтийн дунд түгээмэл хэрэглэгддэгээс нь харж болно. Энэ бол төрийнхөн, боловсролын салбарынхны манлайллын үр дагавар. Соёлын марксизмын үзэл санаа энэ байдлаараа даамжирвал Монгол улс хедонист, социалист болж хувирах нь зайлшгүй.

 

Эшлэлийн жагсаалт

  1. Governor Newsom signs Senate Bill 132 to respect gender identity during incarceration, cdcr.ca.gov, 2020.09.29.
  2. California prisons grapple with hundreds of transgender inmates requesting new housing, latimes.com, 2021.04.05.
  3. California Women’s Prison Passes Out Condoms to Inmate Population As Arrival Of "Transwomen" Causes Explosion Of Risky Sex, smobserved.com, 2021.07.10.
  4. Senator Scott Weiner’s Pro-Weiner Legislation Has Men With Penises Spreading HIV Through Sex Among CIW’s Female Prisoner Population, smobserved.com, 2021.07.22.
  5. CA WOMEN’S PRISONS ANTICIPATE PREGNANCY AFTER FORCING WOMEN TO BE HOUSED WITH MEN, womensliberationfront.org, 2021.07.15.
  6. Feds issue guidance on transgender access to school bathrooms, cnn.com, 2016.05.14.
  7. US Supreme Court declines transgender bathroom appeal in win for student, bbc.com, 2021.06.28.
  8. Person charged with indecent exposure at LA spa after viral Instagram video, theguardian.com, 2021.09.03.
  9. THE CRIME OF INDECENT EXPOSURE – PENAL CODE 314 PC, keglawyers.com
  10. Registered sex offender accused of indecent exposure at Wi Spa in Westlake, foxla.com, 2021.09.02.
  11. Transgender women allowed to play rugby in France after unanimous Federation vote, bbc.com, 2021.05.17.
  12. Transgender MMA Fighter Who Broke Female Opponent’s Skull. Are We Getting Too “Politically Correct” With Reality?, bjjee.com, 2018.10.19.
  13. 2020 Olympic Games is the first to host openly transgender athletes – here’s what they said about the experience, insider.com, 2021.08.07.
  14. From world champions to humbling defeat against Under 15s side… World Cup-winning USA women’s team suffer 5-2 loss against Dallas academy boys, dailymail.co.uk, 2017.04.17.
  15. Canada’s gender identity rights Bill C-16 explained, cbc.ca
  16. Biden Budget Proposal Replaces ‘Mother’ with ‘Birthing Person’, news.yahoo.com, 2021.06.08.
  17. Brighton NHS Trust introduces new trans-friendly terms, bbc.com, 2021.02.10.
  18. Here’s a List of 58 Gender Options for Facebook Users, abcnews.go.com, 2014.02.13.
  19. Remove Sex From Public Birth Certificates, AMA Says, webmd.com, 2021.06.16.
  20. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, legalinfo.mn
  21. Universal Declaration of Human Rights, un.org
  22. Discrimination, dictionary.cambridge.org
  23. Trans teen in legal action over gender clinic wait, bbc.com, 2020.11.23.
  24. Texas Is Afraid Of A 7-Year-Old Transgender Girl, forbes.com, 2019.10.26.
  25. Children as young as four in Scotland are allowed to change gender at school without parent’s consent, irishpost.com, 2021.08.13.
  26. Lettre ouverte à la Commission de révision du code pénal pour la révision de certains textes régissant les rapports entre adultes et mineurs, dolto.fr
  27. French philosopher Michel Foucault ‘abused boys in Tunisia’, thetimes.co.uk, 2021.03.28.
  28. PM Babis Predicts Muslim Majority in Sweden, Netherlands in Coming Decades, praguemorning.cz, 2021.06.15.
  29. БЭЛГИЙН/ХҮЙСИЙН ЦӨӨНХИЙН ТУХАЙ ТҮГЭЭМЭЛ АСУУГДДАГ АСУУЛТУУД, lgbtcentre.mn, 2019.03.28.
  30. Businesses Are Fleeing California Along With Its Residents, And President Biden Should Pay Attention, forbes.com, 2021.08.27.
  31. States that spend the most on welfare, foxbusiness.com, 2018.11.29.
  32. Shoplifting in San Francisco is so out of control that retailers are closing stores, independent.co.uk, 2021.05.23.
  33. Transgender prisoner who sexually assaulted inmates jailed for life, theguardian.com, 2018.10.11.
  34. Transgender rapist moved to women’s prison after sex change, bbc.com, 2017.03.21.
  35. PAEDOPHILIA IS ‘FATE, NOT A CHOICE’, LEADING SCIENTIST CLAIMS, independent.co.uk, 2017.03.14.
  36. Pedophilia: A Disorder, Not a Crime, nytimes.com, 2014.10.06.
  37. ‘Sex Is Real’: JK Rowling’s Support For Woman Fired Over Gender Remarks Stirs Debate, forbes.com, 2019.12.19.

Х.БИЛГҮҮНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
96
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж