"Space X" компанийн Inspiration4 төсөл Флоридагийн Кеннеди сансрын төвөөс өнөөдөр/2021.9.16/ 08:00 цагт хөөрлөө. Уг төсөл дэлхийн анхны дан жуулчдаас бүрдсэн багийг сансарт хөөргөж буй нислэг гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэж үлдэх юм. Төслийн хүрээнд зургаан сар бэлтгэгдсэн сонирхогчийн түвшний дөрвөн нисэгч "Falcon 9" пуужингаар хөөрч, "Dragon" хөлгөөр гурван өдрийн турш дэлхийг тойрон нисэх аж.
Пуужин хөөрмөгцөө эхний дамжлагаа амжилттай хаяж, цаашид саадгүй агаар мандлаас гарах замдаа оржээ. Хаясан хэсэг ч ямар нэг аюул учруулалгүй алслагдсан хэсэгт удирдлагатай тавцан дээр буусан байна. Улмаар пуужингийн хөөрөх хоёрдугаар шат эхэлж, 27 мянган км.цагийн хурдтайгаар тойрог замд оржээ. Агаар мандлаас гармагц пуужин хоёрдугаар хэсгээ ямар ч асуудалгүй хаяж, хөлгийг зорьсон газарт нь амжилттай хүргэжээ.
Хөлөгт тус нислэгийг хувийн зүгээс санхүүжүүлсэн АНУ-ын тэрбумтан Жаред Исаакман, нисэх хүчний ахмад дайчин Кристифер Симборски, эмч Хайли Аркенүкс, геологийн профессор Сиан Прокор нар бий гэнэ.
Үүнээс өмнө хоёр ч баян эрхэм долдугаар сард сансар руу хувийн нислэг үйлдсэн билээ. Гэвч "Amazon" -ы эзэн Жефф Безос, "Virgin"-ий эзэн Ричард Брэнсон нарын хувийн аялалын аль нь ч дэлхийг хараахан бүтэн тойрж чадаагүй юм. Харин энэ удаагийн Inspiration4 ттөсөл бол дэлхийн анхны жуулчны сансрын нислэг болж байна.
Эх сурвалж: RT.COM BBC