Сайд Л.Халтар: Зам барихаасаа илүү арчлахад анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Сайд Л.Халтар: Зам барихаасаа илүү арчлахад анхаарч байна

Сайд Л.Халтар: Зам барихаасаа илүү арчлахад анхаарч байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Манайх зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замтай. Үүн дээр нэмээд Чойбалсангаас Хөөт, Бичигт гэсэн төмөр зам тавина. Энэ төмөр зам ашиглалтад орсны дараа Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх хэмжээний төмөр зам бий болох юм.

-Төмөр зам дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орно. Түүнийгээ дагаад суурьшлийн томоохон бүсүүд бий болно.

-Баруун босоо чиглэлийн төмөр замаа мөн хөгжүүлэх зорилготой. Арцсууриас Шивээхүрэн чиглэлийн 1258 км төмөр зам тавих урьдчилсан тооцоо байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр барих төлөвлөгөөтэй.

-Энэ төмөр зам эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн орд газрыг ямар нэг хэлбэрээр дайрч явах ёстой.

-Улсын хэмжээнд Авто зам засвар, арчлалтын 32 компани (AЗЗА) ажиллаж байгаа. 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчтэй.

-Бид цаашдаа зам барихаасаа илүү арчлах хэрэгтэй байна. Гол хөрөнгө оруулалтаа бид зам барихдаа зарцуулаад байдаг. 2000 оноос хойш барьсан замууд хүнээр бол ядаргааны туйлд орчихлоо.  Баруун, зүүн бүс гэж хуваагаад ээлжит засвар хийдэг нэгжтэй болоё гэж байгаа юм.

-Богдхан төмөр замын бэлтгэл ажил гэж асар их. Эхний ээлжинд Засгийн газар Мааньт өртөө талаас трассаа тогтоож энэ дагуу худгууд гаргах, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордууд хайх ажлаа эхлүүлээд байна. Ирэх өвөл хоёр том тунелийн хөрсний өрөмдлөгийн ажлыг хийнэ.

-“Тавантолгой төмөр зам”-ынхан томоохон тунел хийж байгаа компаниудтай урьдчилсан байдлаар хэлцэл хийхээр Европыг зорьсон.

-Замын-Үүд, Тяньжин боомтын ачаа тээврийн асуудлыг шийдэх гэж төрийн байгууллагууд эрвийх дэрвийхээрээ ажилласан. ГХЯ, ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Эрээнд байгаа Консулын газар, Хөх хотод байгаа Ерөнхий консулын газар, Бээжинд байгаа Элчин сайдын яам болон Элчин сайд Т.Бадрал гээд олны хүчин зүтгэл энд орсон. Арга хэмжээ авсан. Үр дүн гарч байна.

-Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс дээрээ түр кемп байгуулаад жолоочдоо байрлуулж, чөлөөт бүсгийг ногоон бүс болгохоор ажиллаж байна.

-Тяньжин дээр ганцхан манай улсын ачаа гацчихаад байгаа юм шиг хүмүүс бодоод байна. Хятадтай хуурай боомтоор хиллэж байгаа улсуудад мөн адил бөөгнөрөл саатал үүсч байна.

-2019 онд эхэлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар нэг, гурав, тавдугаар багцын хучилт дуусаад байна.

-Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багц дээр Арж капитал гэж монгол компани ажиллаж байна. Олон улсын тендерт анх удаа монгол компани шалгарсанд их таатай байгаа.

-Тээврийн нэгдсэн систем, тээврийн нэгдсэн бодлого гэж зүйл байх ёстой. Зам, тээврийн таван салбарын нэгдсэн уялдааг бодлогоор хангах нь чухал байна. Уялдааг хангах хууль нь Тээврийн ерөнхий хууль. Бид нэлээд ул суурьтай хандаж байгаа.

-“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчилж “азын” гэгддэг сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулдаг болсон. Дуудлага худалдаанаас олсон эхний хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэж өгсөн.

-Дуудлага худалдаанд оролцох иргэн бүр 50 мянган төгрөг төлж байгаа. Хэрвээ тэр дугаараа авч чадахгүй бол 50 мянган төгрөгийг буцаагаад шилжүүлж байна.

-Дуудлага худалдаанд хамгийн дээд үнэ 45 сая орчим сая төгрөгт хүрсэн бол хамгийн доод үнэ 100 мянган төгрөгт хүрсэн.

-“УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүнийг санал болгосон ч одоогоор Оросын талаас тодорхой хариулт өгөөгүй байна.

Энэ сарын сүүлийн 10 хоногт багтаагаад ОХУ-ын төмөр замын ерөнхий захиралтай цахим уулзалт хийхээр төлөвлөсөн.

-Ганц Монголд гэлтгүй олон улсад ч агаарын тээврийн компаниудын нөхцөл байдал хүнд байна. Манайд ковидын тархалт өндөр байгаа учраас зарим улс манайхыг улаан хүрэн бүс гээд нэрлэчихээд байна.

-Олон улсын агаарын тээврийн байгууллагаас 2020 онд гаргасан судалгаагаар ковидын үед олон улсын нислэг 2024 он гэхэд 2019 оныхоо түвшинд ирнэ гэж тооцоолсон байна билээ.

-МИАТ компанид эхний ээлжинд 60 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг төрөөс хэрэгтэй байгаа.

-ОХУ, АНУ, Англи, Солонгос, Япон улсууд үндэснийхээ авиа компаниудаа хэдэн тэрбумаар нь дэмжиж байгаа. Бид ч үндэсний тээвэрлэгч компаниа авч үлдэхийн тулд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлага үүслээ гэж ойлгож болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж