Монголын төрд 285 мянга 900 хүн ажиллаж байна. Энэ тоог илүү задлаад харвал, бидний амьдралыг хүүрнээд өгөх шиг. Тэдний ,
–25800 нь Төрийн захиргаа, улс төрийн албан хаагч/албан хаагч ч юу байх вэ, албан тушаалтан/
–25400 нь эмч, сувилагч
–50200 нь багш
–1100 нь шүүгч, прокурор
–37500 нь Төрийн тусгай албан хаагч
–51600 нь үйлчилгээний албан хаагч аж. 9700 хүн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд биднийгээ төлөөлөн сууж байна. Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар, 78200 хүн ажилладаг. Харин Соёл, урлагийн ажилтан 4500, шинжлэх ухааны ажилтан 1700 байх аж. Цар тахлын үед хамгийн их дутагдаж буй эмч, сувилагчаас илүү дарга, улс төрийн албан хаагч байна гээд бод.
Бүдүүн баргаар тооцвол 8 төрийн албан хаагчийн 1 нь сэтэртэн, хурган эрх мэдэлтэн байна гэсэн үг. Гурав илүүхэн сая хүн амтай улсын ажиллах хүчний 1/5 нь төрийн албанд шургалжээ.
Монгол улсын 1 сая 216 мянган насанд хүрсэн хүн амтай харьцуулбал энэ тоо дэндүү их санагдана. Тэдний цалин хөлс, хангамжийн төлөө үлдсэн 4/5 нь татвар төлдөг.
Гэтэл Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан судалгаагаар 548 мянган ажлын байр цар тахлын үед хямралд гүнзгий өртжээ. Хөл хорио тогтоо… баар, рестораныг хаа… гэхчилэн сошиалд давалгаалаад байдгийн цаана хэн байна вэ гэдэг нь дээрх үзүүлэлт хэлээд өгөх шиг. Ажлын гүйцэтгэл, сул зогсох эсэх нь падгүй төрийн албанд ажиллаж, тогтмол цалингаа аваад буй хүмүүст бол ингэж хэлэх амархан. Харин өдрийн түрээсээс эхлээд сул зогсохдоо хүртэл мөнгө, хүү төлдөг хувийн хэвшилд нэг өдрөө алдана гэдэг өрөнд орсноос өөрцгүй хэрэг. Тиймээс ч 300 мянган төгрөг тараан хөл хорио тогтоох санал гаргахад хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь өдрийнхөө орлогоор амьдралаа зогоох худалдаа хийгчид, үйлчилгээний салбарынхан байсан. Тэд халдвар хамгааллын дэглэмээ бариад үйл ажиллагаагаа явуулах нь чухал байв. Гэтэл асуудлыг хүчээр шийдэж, хааж, хорихыг урьтал болгосноор ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Судалгаагаар төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан тушаалтнуудын ачаалал харилцан адилгүй байгаа нь тогтоогдсон. Жишээ нь, нэг яаманд 50 хүн ажиллаж байхад 20 хүн нь хэт ачаалал аваад, 10 хүн ачаалал багатай, бусад нь дунд ачаалалтай ажилладаг.
Тиймээс ажлын гүйцэтгэлийн түвшнээр цалинжуулах систем, эсвэл гүйцэтгэлийн түвшингээр ажлуудыг нь цахим хэлбэрт оруулаад эхлэхээр төрийн албан хаагчдын орон тооны давхцлууд ил болно.
Дээрх үгийг оны эхний өдөр өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд онцолжээ. Энэ хугацаанд төрийн алба цөөрөх нь байтугай нэмэгдэж буйг төрийн албанд томилогдож буй ашиг сонирхлын мэдүүлгээс харж болно. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай яамны 125 хүнээс ажлын ачаалалгүй, ур чадваргүй 30 гаруй хүнийг цомхотгох саналыг Төрийн албаны зөвлөлд хүргэсэн. Гэтэл дэмжихгүй гэсэн утгатай хариу өгөхөөр нь "Сонгуулийн дараа төрийн албанаас 20-30 мянгаараа халагддаг жирийн хүмүүсийн төлөө юу ч дуугардаггүй байж, яамны хэдэн хүнийг хамгаалах нь ойлгомжгүй байна" гээд шүүмжилсэн. Яах вэ, энэ саналыг дараа нь хүлээж авсан л даа. Гэтэл манай яаманд зөвхөн "Боловсролын тэргүүний ажилтан" гэсэн ганц шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг гээд бод доо. Надад ажил хийдэггүй яамны 30 хүнээс сайн 30 багш илүү хэрэгтэй” гэсэн нь төрд сул цалин авагсад ямар их байгааг гэрчилнэ. Түүний яриад буй 20-30 мянган төрийн албан хаагч бол аль нам гарахаас хамаарч савлаж байдаг дээр дурдсан 25800 төрийн захиргаа, улс төрийн албан хаагч юм. Тэр тоолонд өөрийн намын тавиулынхаа эрх ашгийг хамгаалж, ялагдсан тал нь төрийн албан хаагчдыг хоморголон халж буй талаар дуулиан үүсгэдэг гэсэн үг.
Төрийн элдэв зөвшөөрлийг цахимжуулах байдлаар төрийн данхар бүтцийг 30 хувиар цөөлөх тухай ярьж байсан ч өнөөдөр яг таг шийдчихсэн юм алга. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оноо авахаа бодоод эл ажлыг хийгээгүй байж болно. Гэхдээ одоо нөхцөл байдлыг бодолцохгүй бол нуруугаа авхуулсан хувийн хэвшил төрийн данхар бүтцийг хүчирхэхгүй болсон төдийгүй цар тахлын үеийн нөхцөл байдал, хүнд суртал, хил гаалийн хязгаарлалтаас үүдээд хэзээ мөдгүй сөхөрч унахад бэлэн болжээ.
Жижиг дунд бизнес эрхлэгчид хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хяналтаа татан буулгаад, жижиг худалдаа эрхлэгчдийг элдэв тусгай зөвшөөрлөөр боомилохоо зогсоохыг хүч байна. Гэтэл Засгийн газраас нэгэн шинэ бүтцийг бий болгосон нь "асуудал хариуцсан төлөөлөгч". Иймэрхүү албан тушаалд цүнх баригдаас эхлээд өөрсдийн ойрын хүмүүсээ томилдог болоод удав.
Өмнө нь УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн дарга нарын цүнх баригч байсан туслахууд өнөөдөр агентлагын дарга болоод даналзах болсон төдийгүй иргэдийг чирэгдүүлдэг болчихсон нь нууц биш. МАН-ын цүнх баригчид өнөөдөр бүгд хурган дарга болсон.
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь”чуулганаар бизнес эрхлэгчдийн хамгийн их санал нэгдсэн зүйл нь төрийн зүгээс аливаа тендерээ ил тод, шударга болгож, хүнд суртлын бий болгоод буй элдэв зөвшөөрлөө багасгаж өгөх санал байв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Худалдаа аж үйлдвэрийн танхимын болон мэргэжлийн холбоодын тухай зэрэг 15 бизнесийн чиглэлийн хуулийг батлахаа амласан бол Ерөнхий сайд Эдийн засаг, худалдааны яам байгуулж, Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийхээ хэлсэн.
Гэхдээ амлах нэг хэрэг. Зохицуулалтаа сайн хийж, асуудалд бодитоор хандахгүй бол хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд өмнөхөөс нь дордуулдаг. Салбарын яам байгуулаад салбар нь уналтад ордог тохиолдол Монголд бишгүй бий. Байгаль орчны яам байгуулаад хэрхсэн, Соёлын яам юу хийгээд байгаагаас харвал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог жишээ олон.
Давхар дээлийг эсэргүүцэж байсан нөхдүүд давхардсан эрх мэдэлтэй болоогүй гэхэд адаглаад холбоодын ерөнхийлөгч болчихсон л байна.
Зуун ямаанд жаран ухна гэгчээр төрийн албаны цомхотголыг төрийн захиргаа, улс төрийн албан хаагчдаасаа эхэлье. 285 мянга 900 төрийн албан хаагчдын цалинд зарцуулж буй 2,8 их наяд төгрөгийн хэд нь төрийн захиргаа, улс төрийн албан хаагчдын цалин, хангамжид зарцуулагдаж байгааг дахиад нэг тооцоод үзье.
Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буй багш нараас мэдлэг, чадвар, үр дүн шаарддаг хэр нь цалинг нь тоодоггүй, эмч сувилагчдад ичмээр цалин өгчөөд амь нас, эрүүл мэндийг минь аварсангүй гэж шүүмжлэх нь үнэндээ утгагүй.
Тиймээс л төрийн захиргаа, улс төрийн албан тушаалтнуудаасаа цомхотголоо эхэлье. Төрийн албыг төрлийн алба болгох боломж энэ хэсэгт байна. Хэрэг нь байхад эзэн нь олдон гэгчээр орон тоо нь байвал очих хүн байж л таараа. МАН хэлээд байдаг шигээ 200 мянган гишүүнээ бүгдийг нь байршуулсан ч цаана нь дахиад 70-80 мянган төрийн албаны орон тоо байна. Өнөөдөр цүнх баригчид компани байгуулаад төсвийн мөнгийг сааж суудаг төдийгүй хувийн хэвшлийн ажлыг булаадаг болсныг сануулаад байна. Тиймээс цүнх баригчдаа байршуулдаг бүтцээ л үгүй хийчих. Монголд цомхон бүтэцтэй чадварлаг төрийн алба хэрэгтэй. Түүнээс цүнх баригчдын армийг тараан байршуулдаг данхар бүтцээр татвар төлөгчдийн мөнгийг тарамдуулах нь утгагүй. Л.Энх-Амгалан сайдын хэлээд байгаачилан хэрэгцээгүй улс төрийн албан тушаалтнаа цөөлөөд оронд нь эмч, багш нараар хүрээгээ тэлбэл яасан юм бэ?
Холбоотой мэдээ