"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

COVID-19

"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй"

"Эмч хүрэлцэхгүй учраас хээрийн эмнэлэг байгаа ч ашиглахгүй"

Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээс ч өмнө Монгол Улс цар тахлын  үед авах хариу арга хэмжээг урьдчилан тооцоолсон хэмээн мэдээлж байв. Тухайлбал, өнгөрсөн жилийн дөрвөөс тавдугаар сард "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг байгуулсан. Тэр үед төрийн өндөрлөгүүд болон эрүүл мэндийн сайд, төлөөлөгчид нь очиж танилцан "зөв ажил байна" хэмээн сайшааж байв. Улсын хэмжээний нийт 27 мянган орноос Covid-19-өөр өвдсөн хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх орны нөөц болон тухайн тусгаарлах эмнэлэгт ажиллах хүний нөөц хомстолд ороод байна. Цаашид энэ хэвээр нийслэл болон орон нутагт нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн хүрэлцээгүй байвал бэлтгэл хангасан хээрийн эмнэлэгт иргэдийг хүлээж авах эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙН 100 ОР ДЭЛГЭХЭД СУУРИН ЭМНЭЛГИЙН 600 ОРНЫ ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ

Хээрийн эмнэлэгт ор дэлгэж, Covid-19-өөр өвдсөн иргэдийг тусгаарлана гэвэл нэг талаар хүн хүч, хөрөнгө мөнгө шаардахаас гадна цаг хугацаа ч алдах эрсдэлтэй. 60-100 ор дэлгэхэд л суурин эмнэлгийн 500-600 орны төсөв шаардана гэсэн үг. Тиймээс үүний оронд хувийн хэвшлийг сонгож, ор дэлгэх нь зүйтэй.

Хээр байрлан ажиллах хүн хүч дутмаг, тоног төхөөрөмжийн хувьд хүндрэлтэй. Өнгөрсөн жил цар тахлын үед ашиглана гэж хэлсэн ч бүс нутагт гэнэтийн гамшиг болох үед л эмнэлгийн цогц үйлчилгээг хээрийн эмнэлэг үзүүлэх зориулалттай.

Урьдчилан сэргийлэх үзлэг, хагалгаа хийх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл халдварт өвчин маш хэцүү. Тэнд тусгаарласан хүмүүсийн ариун цэврийг сахиулах, бие засах газар, угаалга, ариутгал гээд төвөгтэй зүйл олон бий.

ЦАР ТАХЛЫН БИШ ГАМШГИЙН ҮЕД ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙГ АШИГЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ

-Газар хөдлөлт, үер болох гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлж, зөөвөрлөх боломжтой хээрийн эмнэлгийг ашиглах нь үндсэн зориулалт. Гэвч Монгол Улс эмнэлгийн хүрэлцээ хомстолд орвол хээрийн эмнэлэгт иргэдийг тусгаарлан эмчилнэ хэмээн Улсын онцгой комисс мэдээлсэн. Энэ нь миний бодлоор буруу шийдвэр.

Мэдээж хээрийн эмнэлэгт төсөв санхүү баталж, тодорхой тооны шаардлагатай нөөцийг гаргах нь зөв. Харин цар тахлын үед бодит байдал дээр тухайн нөхцөлд өвчтөнийг тусгаарлан эмчилж чадах билүү гэдэг нь чухал асуудал.

Багажаа ариутгах, хоол ундаа бэлтгэх, нүүлгэн шилжүүлж зөөвөрлөх зэргийг мөн тооцоолсон байх шаардлагатай. Угтаа аль нэг аймаг, суманд гэнэтийн гамшигт үзэгдэл гарлаа гэхэд л ОБЕГ хээрийн эмнэлгээ ажиллуулна. Түр зуурын эмнэлэг учраас хүнийг эдгэртэл хэвтүүлэх албагүй. Анхан шатны тусламж, үйлчилгээг л цаг алдахгүй үзүүлнэ.

МОНГОЛ УЛС ОРНЫ БИШ ЭМЧИЙН НӨӨЦГҮЙ БОЛЖ БАЙНА

-Иргэдэд ор олдохгүй байна. Covid-19-өөр өвдсөн иргэд нэрээ өгч оочерлож байж, ор гарахаар хэвтэн эмчлүүлж байгааг иргэд ярьж байна. Бодит байдал дээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй бол хувийн аж ахуй нэгж, зочид буудал гээд ор дэлгэх боломжтой газрууд зөндөө бий. Яагаад тэдгээр газарт ор дэлгэж, өвчтөн авахгүй байна вэ? гэхээр "улаан бүсэд" ажиллах эмч, ажилтнуудын нөөц хомстож эхэлсэн. Өвчтөнүүдийг эмчлэх эмч байхгүй учраас 1000 ор, хээрийн эмнэлэг байгаа ч хэрэгцээгүй шүү дээ. Тиймээс иргэд яамнаас ор дэлгэх, нэмэх асуудлыг огт ярихгүй байна гэж бухимдах шаардлагагүй.Халдвартай бүсэд ажиллах мэргэжилтнүүд нэмэгдээд эхэлбэл хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо өсөх боломжтой.

Одоогоор халдвараар өвдсөн хүмүүсийг хээрийн эмнэлэг болон бусад түр тусгаарлах эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх асуудал яригдаагүй. Хээрийн эмнэлгийг бол өнөөгийн нөхцөлд бүр ч дэлгэх боломжгүй гэж миний хувьд харж байна.

Хээрийн эмнэлгийг өнгөрсөн жил дэлгэж үзүүлсэн нь болзошгүй эрсдэлийн үед буюу цар тахал дэгдсэн тохиолдолд иргэний байгууламжийг ашиглах загварыг бусад байгууллага, иргэдэд танилцуулах, дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчдад цар тахлын үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах, бусад хүмүүст хэрхэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд суралцах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн. Харин онцгой нөхцөлд төдийлөн тохиромжтой шийдэл биш гэдгийг албаны хүн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж