НҮБ: Дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилттой тулгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

COVID-19

НҮБ: Дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилттой тулгарлаа

НҮБ: Дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилттой тулгарлаа

Дэлхийн 100 гаруй орны төр засгийн удирдагч нар ирэх долоо хоногт Нэгдсэн үндэстний байгууллагын (НҮБ) Ерөнхий ассамблейн хуралд оролцоно. Илтгэгчдийн нэрсийг ажиглавал 73 орны төрийн тэргүүн, 31 улсын ерөнхий сайд нар хуралд биечлэн оролцох аж.

Цар тахлаас сэргийлэхийн тулд энэ жил Ерөнхий ассамблейн хурал холимог хэлбэрээр явагдах бөгөөд биечлэн оролцох боломжгүй удирдагч нар илтгэлээ цахимаар илгээнэ.

Тус хурлыг  өнгөрсөн онд халдвараас сэргийлэн цахимаар зохиоход дипломатууд, удирдагч нар бүс нутаг, олон улсын сорилт, хямралуудыг биечлэн мэтгэлцсэн шиг үр дүнтэй болоогүй хэмээн ихээр гомдол тавьжээ. Ерөнхий ассамблейн хурал ерөнхий мэтгэлцээнээр эхэлдэг бөгөөд энэ нь дипломат хэлцэлд чухал үүрэгтэй байдаг аж. Олон орны төр засгийн төр засгийн тэргүүнүүд хурлын үеэр нээлттэй мэтгэлцэхээс гадна бизнес эрхлэгчид тэдэнтэй ганцаарчлан уулзах, зоог барих боломж олддог байна.

Дээд түвшний хурал есдүгээр сарын 20-нд эхэлж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй удирдагч нар уур амьсгалын өөрчлөлтийг хаалттай хэлэлцэнэ. Тэгвэл Хойд Солонгос, Мьянмар, Афганистаны төлөөлөгчид Ерөнхий ассамблейд хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 27-нд илтгэл тавих аж. НҮБ дэх Мьянмарын одоогийн элч нь цэргийнхний төрийн эргэлтээр буусан өмнөх засгийн газрыг төлөөлж буй. Нөгөө талд Афганистаны төрийн эрхийг авсан Талибаны удирдагчид өмнөх засгийн элчийг хүлээн зөвшөөрсөн гэх батламжийг хараахан илгээгүй байна.

Бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх хурлын үеэр олон арга хэмжээ зохиогдох ч эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын тухай хэлэлцүүлэг цахимаар болж, Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлах, зэвсэглэлээс татгалзах тухай хэлэлцүүлэгт төлөөлөгчид биечлэн оролцоно. Халдвараас сэргийлэх зорилгоор НҮБ-ын удирдах байранд болох хуралд удирдагчтайгаа оролцох төлөөлөгчдийн тоог дөрвөөс хэтрүүлэхгүй байхаар гишүүн орнуудтай тохиролцжээ. Харин НҮБ-ын мандаттай ажилчид бүгд вакцинжуулалтад хамрагдсан байх аж.

ЦАР ТАХАЛ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХҮРСЭН ДЭВШЛҮҮДИЙГ ЗОГСООЖ БАЙНА

Ерөнхий ассамблейн хурлын өмнө бизнесийн салбарын нэр хүндтэй Билл Гейтс, Жон Рокефеллер нар дэлхийн удирдагч нарт хандан мэдэгдэл гаргажээ. Цар тахлын эсрэг тэмцэлд олон тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн Гейтс, Рокефеллер сангийн тэргүүнүүд хэлэхдээ ядуу буурай орнуудын ард иргэдийг дархлаажуулж, вакцин үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхгүйгээр цар тахлыг дарж чадахгүй гэдгийг онцлон мэдэгджээ. Түүнчлэн олон улсад тодорхой ахиц дэвшилд хүрсэн нийгмийн эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш байдлыг хангах асуудал цар тахлын нөлөөгөөр хойш тавигдах эрсдлийг тэд анхааруулсан байна.

Тухайлбал, НҮБ-аас дэвшүүлсэн жил бүрийн зорилтуудын үр дүнд ядуурлыг бууруулах, цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш эрхийг хангах зэрэг олон асуудалд тодорхой ахиц гарсан байдаг.

Гэтэл цар тахлын улмаас дэлхий дахинд хүүхдүүдийн товлолт дархлаажуулалт долоон хувиар буурсан ба цаашид 10 хувьд хүрэх судалгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд гаргажээ. Энэ оны эхээр олон улсад байгууллагууд цахимаас эргэн оффистоо ажиллаж эхлэхэд цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 13 сая эмэгтэй ажлын байраа алдсан байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй цөөн хүн ажилгүй болжээ.

Ерөнхий ассамблейн үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Covid хурал”-ыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа зарласан. Тэгвэл тэд энэ хурлын үеэр чинээлэг, хөгжингүй орнууд цар тахлын эсрэг тэмцэлд илүү их хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гаргахыг уриалж байна.

Ядуу, буурай орнууд Covid-19-ийн вакциныг хангалттай авч чадахгүй байхад нөгөө талд зарим орнууд гуравдугаар тунгаа эхлүүлсэн ч тэнцвэргүй байдлыг үүсгэж байгааг НҮБ-аас мэдэгдсэн.

Дэлхий дахинд вакцины нийлүүлэлтийн 80 гаруй хувийг чинээлэг орны ард иргэд хүртэж буй гэх судалгаа гарсан. Гэтэл Африк тивийн нийт хүн амын вакцинжуулалтын үр дүн энэ оны эхний хагасаас хойш огт ахиагүй байна.

Томоохон хандивлагчийн хувьд Гейтс сан цар тахлын эсрэг тэмцэлд 1.8 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн юм. Харин Рокефеллер сангийн тухайд ойрын гурван жилийн хугацаанд тэрбум ам.долларыг цар тахлын эсрэг тэмцэлд зарцуулахаа өнгөрсөн онд зарласан.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON POST, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж