Афганистаны өмнөд нутгийн Кандахар хотод хэдэн мянган афган иргэн Талибаны эсрэг жагсаал хийжээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар талибууд ард иргэдээс орон сууцаа чөлөөлөн нүүхийг шаардсан нь энэ жагсаалын шалтгаан болсон бололтой.
Тухайлбал талибууд 3000 орчим өрхийг нүүхийг шаардсан тул иргэд Кандахар хотын захиргааны байрны өмнө ийнхүү цугларчээ.
Жагсагчид олноор бөөгнөрч, хотын замуудыг хаан үзэл бодлоо илэрхийлжээ. Нүүхийг шаардсан хэсгийн орон сууцуудад голдуу Афганистаны армийн тэтгэвэрт гарсан генералууд, аюулгүйн албаныхан болон тэдний гэр бүлийнхэн аж төрдөг гэнэ. Дийлэнх нь тэр байрандаа 30 орчим жил амьдарч байгаа ч талибууд тэднийг гурав хоногийн дотор байраа чөлөөлж өгөхийг шаардсан байна.
Одоогийн байдлаар жагсагчдын шаардлагад Талибаны нэг ч төлөөлөгч албан ёсоор хариу өгөөгүй байгаа гэнэ.
Сар орчмын өмнө төрийн эрхэнд гарсан Талибаны эсрэг жагсаал хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдлуудаар дуусдаг хэдий ч дээрх жагсаалын хувьд ямар нэг хүчирхийллийн шинжтэй мөргөлдөөн гарсан талаар мэдээлэл одоохондоо алга байгаа юм.
Шинэ засгийн газар жагсаал тараахад хүчирхийлэл үйлдэж, хүний эрхэнд халдсан аливаа хэргүүдийг шалгаж, шударгаар шийдвэрлэхээ амласан ч жагсагчдыг жагсахаасаа өмнө зөвшөөрөл авч байхыг анхааруулсан юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ