Ц.Адъяасүрэн: Монреалийн протокол хүн төрөлхтөнийг хамгаалахад тусалж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.16-нд нийтлэгдсэн

Ц.Адъяасүрэн: Монреалийн протокол хүн төрөлхтөнийг хамгаалахад тусалж байна

ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨРТ

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, профессор Ц.Адъяасүрэнтэй манай сурвалжлагчийн хийсэн ярилцлага.

– Озоны давхаргыг хамгаалах өдрийг энэ жил ямар сэдвээр тэмдэглэж байна вэ ?

 – Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг олон улсын хэмжээнд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Коронавирус (Covid-19) цар тахлын улмаас дэлхийн улс орнууд дархлаажуулалтын вакцины аянг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орнууд чанарын аюулгүй байдлыг хангасан вакцинаар ард иргэдээ дархлаажуулах нь нэн чухал зорилт болж байгаа тул хүн төрөлхтөнд шууд ач тусаа үзүүлж байгаа олон улсын гэрээ болох “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”, түүний 2016 онд баталсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн нь хүмүүсийн хоол, хүнс, вакциныг аюулгүй хадгалах эрчим хүчний үр ашигтай хөргөлтийн хэлхээгээр хангаж байна. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр озон задалдаг бодисыг орлуулан хэрэглэж буй дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)­ийн төрлийн бодисуудыг үе шаттай бууруулах боломжийг бий болгож байгаа юм.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг “ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тунхаглажээ. Өнөөдөр тус Протокол болон түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны олон улсын гэрээ юм.

2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Хүн төрөлхтөн, хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!(Keeping us, food, vaccine cool!) сэдвийн дор Дэлхийн озоны өдрийг онцлон тэмдэглэж байна.

– Одоогоор озоны давхаргын хэмжээ ямар байдалтай байна вэ?

 – Озон нь хүчилтөрөгчийн 3 атомыг агуулсан тунгалаг хийн нэгдэл юм. Озоны давхарга нь энэхүү озон хийгээс бүрдсэн  агаар мандлын дээд давхаргад орших хийн үе давхарга юм. Озоны давхарга агаар мандлын дээд давхаргад өөрөөр хэлбэл дэлхийн гадаргаас дээш 20-50 км өндөрт байрладаг. Энэхүү давхаргын гол үүрэг нь Нарны хөнөөлт цацраг туяа буюу хэт ягаан туяаг өөртөө шингээж биднийг түүний хортой нөлөөнөөс хамгаалах шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Эрдэмтэд ихэвчлэн хөргөлт болон аэрозолийн шүршигчид агуулагдах хлорфторт нүүрстөрөгч нь Дэлхийн озоны давхаргын цоорхойг үүсгэдэг болохыг тогтоож, 1987 онд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд гарын үсэг зурснаар озоны давхаргаа хамгаалах үйл ажиллагаа эхэлсэн юм. Өнөөгийн байдлаар дэлхийн 198 орон энэхүү гэрээнд нэгдэн ороод байна. Энэхүү дэлхийн түүхэн чухал гэрээ нь озон задалдаг бодисын үйлдвэрлэлийг бууруулан, уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөхөд тусалж байгаа юм.

Монреалийн протоколын дагуу үе шаттайгаар авсан арга хэмжээний үр дүнд агаар мандал дахь озон задалдаг бодисын хэмжээ буурч, давхраат мандлын озоны үе давхарга эргэн нөхөгдөж эхэлж байгаа олон улсын байгууллагын 2014 оноос хойшхи үнэлгээ, судалгаагаар нотолж байна. Судалгаанаас үзэхэд Монреалийн протоколын дагуу хянадаг озон задалдаг бодисын нийт хлор ба бромын хэмжээ орчих болон давхраат мандалд буурсаар байна.

Гэхдээ хүн төрөлхтөн Монреалийн протоколыг сайтар хянан хэрэгжүүлж чадсанаар энэ зууны сүүлийн хагаст озоны давхарга аажмаар нөхөгдөх бөгөөд бүс нутаг бүрийн озоны давхарга хэрхэн нэмэгдэх, буурах нь Монреалийн протоколын хэрэгжилтийн үр дүнгээс шууд шалтгаална. Бөмбөрцөгийн умард хагасын дунд өргөргийн нутгуудад озоны хэмжээ 2030-аад оны үед 1980-аад оны төлөвт эргэж очих, өмнөд хагасын дунд өргөргийн нутгуудад озоны хэмжээ энэ зууны дунд үед нөхөгдөх төлөвтэй байна. Антарктидын озоны цоорхой аажмаар нөхөгдөх төлөвтэй байгаа бөгөөд хаврын нийт озоны хэмжээ 2060-аад онд 1980 оны төлөв рүү хүрч нөхөгдөнө.

– Сүүлийн үед Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлт гэж их ярих боллоо. Энэ ямар учиртай нэмэлт вэ?

– Монреалийн протокол нь озоны давхаргыг хамгаалах дэлхийн хэмжээний гэрээгээр хэрэгжиж эхэлсэн ба энэ ажлыг маш сайн хэрэгжүүлсний үр дүнд өнөөг хүртэл байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн хамгийн амжилттай хэлэлцээрүүдийн нэг болж чадсан. Озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах дэлхийн хамтын хүчин чармайлт нь өнөөдөр озоны давхаргын цоорхой нөхөгдөж, улмаар хүний эрүүл мэнд, эдийн засаг, экосистемийг хамгаалж буй хэрэг юм. Гэвч энэ жилийн Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр Монреалийн протоколыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хөргөлтийн салбарт эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах зэрэг олон зүйлийг хийж буйгаар онцлог байна.

Озон задалдаг олон бодис дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг тул энэхүү гэрээ нь уур амьсгалын өөрчлөлтийг аль хэдийн сааруулахад хувь нэмрээ оруулж байгаа. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үлэмж ашиг тус хүргэх болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс орнууд гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудын хэрэглээг (ГФН/HFC) үе шаттай бууруулах үүрэг хүлээж байгаа. Гидрофторт нүүрстөрөгчийг (ГФН/HFC) нь озоны давхаргыг гэмтээхгүй ч үлэмж хүчтэй хүлэмжийн хий юм. Хэлэлцээрийн дагуу эдгээр бодисуудын хэрэглээг багасгах нь озоны давхаргыг хамгаалахын сацуу энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлыг 0.4 °C хүртэлх хэмээр нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаараа онцлог ач холбогдолтой.

Кигалийн нэмэлт, өөрчлөлт нь хөргөлтийн салбарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх боломжийг бас олгодог. Гидрофторт нүүрстөрөгчийг орлуулах шинэ инноваци нь хөргөлт, агааржуулалтын хэрэгслийг эрчим хүч бага ашиглахаар дахин төлөвлөх боломжийг олгох бөгөөд энэ нь уур амьсгалд нөлөөлөхгүйгээр тав тухтай хөргөлт, хүйтэн хэлхээний үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг бууруулах, хүйтэн хэлхээний үр ашгийг сайжруулахыг хослуулах нь ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнуудад хүнсний алдагдалтай тэмцэхэд ач тустай.

– Энэхүү олон улсын гэрээнд дэлхий нийт маш их ач холбгдол өгч байна. Хэрхэн яаж зохион байгуулан хэрэгжүүлдэг вэ?

– Тийм ээ. Энэ бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын удаа дараа тэмдэглэснээр хамгийн сайн үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжиж байгаа олон улсын гэрээ болно. Түүнийг хэд хэдэн түвшинд шат дараалан маш өндөр шаардлага, анхаарал тавьж хэрэгжүүлдэг. Дэлхийн хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тусгай оффисууд байгуулан олон улсын байгуулагаас шууд дэмжиж онцгой анхаарал тавьж хэрэгжүүлдэг.

  1. Дэлхийн хэмжээнд: НҮБ-аас Озоны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж Дэлхийн хэмжээний энэ том гэрээ, хэлэлцээрийг 198 улс орнуудын хүрээнд зохицуулах ажлыг гүйцэтгэдэг. Тэргүүнээр нь энэ гэрээг анх байгуулах ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс, эсвэл аль нэг улсын Байгаль орчны сайд зэрэг энэ талын ажлын туршлагатай, НҮБ-ын албан ёсны 3-аас доошгүй хэл мэддэг, мэргэжлийн хүнийг томилдог. Анхны тэргүүн нь Энэтхэг улсын иргэн М.Шарма байсан бөгөөд 1987-2001 он хүртэл удирдсан. Тэрээр анх энэ гэрээний эхийг боловсруулахад оролцож байсан хүн болно. Дараа нь Коста Рико улсын байгаль орчны сайд асан Марко Гонзалис 2001-2016 он хүртэл, Грек улсын Байгаль орчны сайд асан Тина Бримпили 2016-2020 он хүртэл удирдаж байлаа. Одоо тус байгууллагын орлогчоор олон жил ажиллаж асар их туршлагатай болсон Япон улсын иргэн Секи Мегуми хатагтай удирдаж байна. Дэлхийн түвшинд жил бүр Талуудын бага хурлыг зохион байгуулж гишүүн 198 улс орнуудын бүтэн нэг жилийн турш хийсэн бүх ажлыг нэтгэн дүгнэх, алдаа оноонд анализ хийж, дараа жилийн шахуу зорилтыг дэвшүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьдаг.
  2. Бүс нутийн хэмжээнд: НҮБ-аас Озоны нарийн бичгийн дарга нарын газраас Дэлхийн тивүүдийн байршлыг харгалзан 5 бүсэд хувааж бүс нутгийн улс орнуудад хэлэлцээрийн хэрэгжилтийг хангадаг. Манай улс Ази–Номхон далайн бүс нутгийн харьяанд, түүний өдөр тутмын удирдлага доор ажлаа явуулдаг. Тус бүсийн төв нь бүс нутгийн орнуудын озоны албадыг мэргэжлийн удирдлагаар хангах, хийсэн ажлын тайланг хүлээн авч хянах, технологи дамжуулах, чадавхыг дээшлүүлэх , сургалт зохион байгуулах, озон задалдаг бодисын худалдаа, шилжилтэд мониторинг хийх зэрэг ажлыг зохион байгуулна. Бүсийн төвийг Монреалийн протоколын олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлын туршлагатай тэргүүнүүд болох Лүд Коппинс, Атул Багай, Ху Шаофен нар удирдаж байна.
  3. Үндэсний хэмжээнд: НҮБ-ийн энэ чухал гэрээ хэлэлцээрийг улс бүхэнд үр бүтээлтэй, амжилттай хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Озоны НБДН-ын газраас улс бүрт Озоны үндэсний албадыг өөрсдийн зардлаар байгуулан өдөр тутмын ажлыг нь шууд удирддаг. Озоны давхрагыг хамгаалах Венийн конвенц, Монреалийн протоколын удаа дараагийн хэлэлцээрүүэд орж байсан ажлын арга туршлагатай мэргэжлийн хүмүүс болон их дээд сургуулийн багш нараар удирдуулан энэ ажлыг зохион байгуулж хэрэгжүүлдэг. Озоны албад нь үндэсний хэмжээнд холбогдох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хил гаалийн хяналтын тогтолцоог бий болгох, салбар холбоодыг үүсгэн байгуулж, озон задалдаг бодис агуулсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэх, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, чадавхжуулах, тэднийг мэргэжлийн гэрчилгээжүүлэх тогтолцоонд хамруулах, шаардлагатай стандартуудыг боловсруулах, нутагшуулах, гарын авлага, шинэ технологиоор хангах зэрэг олон ажлыг гүйцэтгэж байна.

Дэлхий, бүс нутаг, үндэсний хэмжээнд Монреалийн протоколыг амжилттай хэрэгжүүлснээр хүн төрөлхтөнийг Нарны хэт ягаан туяаны хор хөнөөлөөс хамгаалж, тэдний дархлааг бас давхар хамгаалж хүн зонд тус хүргэх ач холбогдолтой ажил үүрэг юм. Үүнийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж