Талибаны удирдагчид хагаралдаж, Барадар амиа алдсан уу

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Талибаны удирдагчид хагаралдаж, Барадар амиа алдсан уу

Талибаны удирдагчид хагаралдаж, Барадар амиа алдсан уу

Талибан бүлэглэлийн удирдлагуудын дунд Афганистанд байгуулж буй шинэ засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлаар том маргаан дэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Маргаан Ерөнхийлөгчийн ордонд Талибаны үүсгэн байгуулагчдын нэг, шинэ засгийн газрын шадар сайд Мулла Абдул Гани Барадар болон засгийн газрын гишүүний хооронд анх үүссэн гэнэ.

Зарим баттай бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Барадар сүүлийн өдрүүдэд олны нүднээс хол байсан нь дээрх маргаан ширүүссэнтэй холбоотой байж болзошгүй гэх боловч Талибаны зүгээс тус мэдээллийг албан ёсоор үгүйсгэжээ.

Талибууд өнгөрсөн сард Афганистаныг бүрэн эзэлж, эрх мэдлээ тогтоомогцоо улсын нэрийг “Исламын Эмират улс” гэж өөрчлөн тунхагласан билээ. Шинэ засгийн газар, түүний сайд нар нь бүгд сүүлийн 20 жилд АНУ-ын эсрэг халдлага зохион байгуулцгааж байснаараа зартай, НҮБ-аас хориг хүртсэн Талибаны ахмад зүтгэлтэн эрчүүдээс бүрдсэн явдал олон улсын анхаарлын төвд буй.

Талибан бүлэглэлийн гишүүн, "BBC" агентлагийн эх сурвалж Пашто салбарт мэдэгдсэнээр дүрвэгчдийн асуудал хариуцсан сайд, Талибаны харьяа Хаккани зэвсэгт сүлжээний нэрт зүтгэлтэн Халил ур- Рахман Хаккани болон Барадар нар дэмжигч, дагагчдын хоорондоо таагүй харилцаа үүсгэснээс болж ам муруйсан гэнэ.

Дээрх мэдээллийг мөн Катарт суугаа Талибаны ахмад гишүүн, нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой ажилладаг албан тушаалтнууд баталжээ.

Мөн өөр эх сурвалжууд маргааны шалтгааныг шадар сайд Барадар түр засгийн газрынхаа бүтэцэд сэтгэл хангалуун бус байснаас болсон гэж тодорхойлжээ. Тэдний мэдэгдэж байгаагаар Афганистанд байгуулсан Талибаны ялалтын гавьяаг хэн хэн хүртэх ёстой талаар ам зөрсөн нь яваандаа энэ маргаан, хагарлын гол шалтгаан болсон байж болзошгүй гэнэ.

Тухайлбал, Барадар Талибаны ялалтыг өөр шиг нь хүмүүсийн дипломат хүчин чармайлтын үр дүн гэж үзэж байгаа бол Хаккани сүлжээнд ажилладаг сайд нар харин тэмцэл, тулааны үр дүнд талибууд ялсан гэдэгт итгэж байгаа юм.

Барадар бол 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай шууд утсаар холбогдож, АНУ-тай албан ёсоор холбогдсон Талибаны анхны удирдагч болсон юм. Түүний өмнөхөн Барадар Дохад хийсэн энхийн гэрээ, АНУ цэргээ татах хэлэлцээрт Талибаныг төлөөлж гарын үсэг зурсан билээ.

Харин Хаккани сүлжээ сүүлийн жилүүдэд афган цэргүүд болон тэдний холбоотнуудын эсрэг удаа дараа хүчтэй халдлага зохион байгуулж байлаа. Өдгөө тус сүлжээний удирдагч Сиражуддин Хаккани Талибаны засгийн газрын дотоод хэргийн сайд болжээ.

Гэвч маргаан дэгдсэнээс хойш Барадар олны нүдэнд өртөөгүй олон хонож байна. Улмаар зарим хүмүүс түүнийг огцорсон, эсвэл амиа алдсан ч гэж цуурч байгаа юм.

Харин баттай эх сурвалжуудын мэдээлснээр Барадар маргаанаас зайлсхийж Кабулаас зугтан Кандахар хотод очсон аж. Түүнчлэн Барадар дагагч нартаа хандан “Би аялалд явлаа, юу ч болсон гэлээ бид эсэн мэнд, хэвийн байгаа” хэмээн дуу бичлэг хийн тараасан байна.

Гэвч тус дуу бичлэгийг үнэн эсэхийг тодорхойлох боломжгүй нь хүмүүст эргэлзээ төрүүлж байна. Учир нь 2015 онд талибуудын хүлээн зөвшөөрснөөр тэд удирдагч Мулла Омарын үхлийг хоёр жил нуусан бөгөөд түүний нэрээр өмнөөс нь мэдэгдэл хийсээр байжээ.

эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж