Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2021.9.15/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах хүсэлтээ албан ёсоор Олимпийн хороонд хүргүүлээ.
Монголын боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон орой гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчид гэх этгээдүүдэд зодуулсан хэрэг гарсан. Зодоонд оролцсон гавьяат тамирчныг Монголын боксын холбооны удирдах зөвлөл шигшээ багаас хассан шийдвэрээ гаргаж, танилцуулсан. Э.Цэндбаатар энэхүү шийдвэрийг хүндэтгэж байгаа ч дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй. Тэрбээр
-Би өнөөдөр Олимпийн хороонд албан ёсоор ДАШТ-д оролцох хүсэлтээ өгч байна. Хамгийн эхэнд бодогдож байгаа зүйл гэвэл олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс 60 кг-ийн үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр рингэн дээр ялагч нь байхыг зорьж, хүсч байна. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явья” гэв.
Холбоотой мэдээ