"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар өнөөдөр /2021.09.15/ Улсын Ерөнхий прокурорын газрын /УЕПГ/ гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж:
-2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн.
Тиймээс би прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Миний гаргасан гомдолд нэр дурдагдсан Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж. Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна.
Намайг залилсан этгээдүүдийн хэргийг шүүх рүү явуулахгүй байгаа УЕПГ-ын газрын орлогч М.Чинбат гэж хүн бий. Намайг 10 жил тайван байлгаагүй УЕПГ-ын хэлтсийн дарга Ц.Батболд гэсэн хоёр хүн миний хэргийг шүүх рүү явуулахгүй байна.
Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд үүнийг хамгаалаад энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөл уландаа гишгэж байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.АРИУНАА:
-Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгө дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучхаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ.
Холбоотой мэдээ