ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.
-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг ХЗДХЯ-аас боловсруулж байгаа талаар мэдээлэл бий.Тэгвэл чухам ямар арга аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ. Мэдээж сэтгэл зүйн хохирлын хэмжээ хүн болгонд харилцан адилгүй байх болов уу?
-Ерөнхийдөө хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар бодит хохирол учруулбал гэмт хэргийн хохиролд тооцох аргачлал байдаг. Гэхдээ үүнийг хүний биемахбодийн гэмтэлээр хязгаарлачхаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг арилгуулах асуудал одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Улмаар хохирогч зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх бололцоогүй болчихоод байгаа юм л даа. Мэдээж шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж байсан цөөн кейс бий. Жишээлбэл, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдсан хохирогч гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хор уршгаа үнэлүүлж 10 сая төгрөг авсан байдаг. Мөн хууль бусаар хоригдсон иргэн сэтгэл санаа болон бусад хохирлоо тооцож 16 сая төгрөг авсан байх жишээний. Гэмт хэргийн хохирогч болсоны улмаас сэтгэл санаа нь байнгын айдас түгшүүрт автаж, эргээд зан төлөвт нь сөргөөр нөлөөлөх, нийгэмд бие даан амьдрах чадвараа алдах гэх мэт үр дагаврууд үүсэх эрсдэл байдаг. Тиймээс ХЗДХЯ-аас сэтгэл санаанд учирсан энэхүү хохирлыг ямар арга аргачлалын дагуу тооцох вэ гэдгийг судалж, хуулийн төсөл боловсруулж байна. Үүнийг чухам ямар хэмжээний мөнгөн дүнгээр тооцох вэ гэдэг асуудлыг боловсронгуй болгож байна. Бие махбодидоо хүнд гэмтэл авсан бол тухайн иргэний сэтгэл санаанд давхар нөлөөлж болно. Сэтгэл санаанд нөлөөлсөн энэхүү үйл явц нь байнгын эсвэл түр зуурын шинжтэй байх уу гэдгээс хамаарч хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг ярьж байгаа. Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хямрал үүсч болно. Хэдийгээр хохирлыг бүрэн барагдуулж барахгүй ч хохирогч талд үүссэн асуудлыг тодорхой хэмжээнд мөнгөн дүнгээр шийдвэрлэдэг олон улсын жишиг хандлага байна.
-Тэгвэл сэтгэл санааны ямар нэгэн гэм хорын хохирол учруулсан буруутай этгээд нь эдийн засгийн чадамжгүй бол яах вэ?
-Мэдээж гэм буруутай этгээд хамгийн түрүүнд нөхөн төлбөрийг төлөх ёстой. Цаашдаа хохирлын сангийн асуудлыг бид судалж байна. Өөрөөр хэлбэл, эхлээд төрөөс мөнгийг нь барагдуулж, дараа нь гэм буруутай этгээдээс зардал мөнгийг нь гаргуулах ийм тогтолцоог судалж байгаа гэсэн үг. Мэдээж тухайн иргэний сэтгэцэд ямар хохирол учирсныг мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтооно. Үүнийг үндэслэж шүүхээс мөнгөн дүнг тодорхой аргачлалын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн үг. Олон улсын жишгийг харахад шүүхээс сэтгэл санааны хохирлыг үнэлж хэмжээг нь тогтоодог. Өөрөөр хэлбэл, хүний биед хүнд гэмтэл учруулсан бол сэтгэл санааны хохиролд нь ийм хэмжээний мөнгөн өгнө гэх мэтчилэн тооцсон байдаг. Солонгос улсад гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ар гэрийнхэнд нь учирсан сэтгэл санааны хохирлын суурь үнэлгээг 80 сая вонн байхаар тогтоожээ. Харин Франц улсад 60 мянган евро гэх мэтчилэн харилцан адилгүй байна л даа. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж байна гээд хэт өндөр мөнгөн дүн тогтоож болохгүй. Тиймээс нөхөн төлбөрийн хязгаарыг хуульчилж өгдөг практик бий. Хамгийн гол нь сэтгэл санааны хохирлын мөнгө төлөгдөх хэмжээнд байх ёстой. Буруутай этгээдэд ял шийтгэл эдлүүлэхээс гадна давхар сэтгэл санааны хохирлыг төлүүлэх үүднээс ял эдэлж байх хугацаанд нь хөдөлмөрлөх бололцоогоор хангаж өгөх ёстой. Тиймээс ял эдэлж байх хугацаанд нь сайн дурын хөдөлмөрт хамруулж, тодорхой хэмжээний орлого олох замаар хор уршгийг нөхөн төлөх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно. Одоогийн байдлаар Монгол Улсад ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хувийг сайн дурын хөдөлмөрт хамруулж, хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх орлого олох бололцоог нь бүрдүүлж байгаа.
–Хэн дуртай нь сэтгэл санаагаар хохирсон гэж зарга мэдүүлбэл яах вэ. Тиймээс үүнд хэрхэн яаж анхаарах вэ?
-Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй субъектийг дэлхийн бусад улс орнуудад хязгаарлаж өгдөг. Хохирогчийн эрх ашгийг хамгаална гээд хамаагүй хавтгай шинжтэй байж болохгүй шүү дээ. Тиймээс тодорхой төрлийн гэмт хэргийг зааж өгдөг. Тодруулбал, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан бол сэтгэл санааны мөнгийг нөхөн төлөх эрх зүйн зохицуулалт зарим улсад бий. Цаашилбал, гэмт хэргийн улмаас хүний амь нас эндсэн бол сэтгэл санааны хор уршгийг барагдуулах боломжтой. Түүнээс биш бүхий л гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол тооцохыг хязгаарладаг бусад орны практик байна. Зарим талаараа шууд хохирогч өөрөө гомдол мэдүүлсэн тохиолдолд энэхүү хохирлыг нөхөн төлүүлнэ. Шууд хохирогч өөрөө гомдол мэдүүлсэн тохиолдолд буюу хохирлыг нэхэмжэх этгээдийн хүрээ хязгаарыг хязгаартай хуульчилдаг бусад орны туршоага байна
-Энэхүү хуулийн төсөлд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тодорхойлсон бэ?
-Чухамдаа сэтгэл санааны хохирол гэдэг ойлголтыг нарийн тодорхойлоход ярвигтай. Түрүүн хэлсэнчлэн энэ нь мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтоодог асуудал. Сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх, өөртөө итгэлгүй болох зэрэг байдлаар ерөнхийдөө сэтгэл зүйн хямрал илэрч болно. Үндсэндээ хүний хэвийн амьдрах чадвар алдагдаж байна гэсэн үг. Гэвч энэ ойлголтыг хуулийн зүйл заалтад тодорхой тоочих бололцоогүй. Хувь хүний сэтгэл зүйн хямрал янз янзын байдлаар илэрч болно. Энэ талаарх тодорхой аргачлалыг ХЗДХЯ болон ЭМЯ-аас баталж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс сэтгэл зүйд учраад буй хямралын зэрэглэлийг тогтоож шүүх нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлно гэсэн үг. Ер нь хүний сэтгэл санаанд учирч буй хор уршгийг мөнгөөр үнэлж баршгүй. Гэвч асуудлыг орхигдуулж болохгүй.
-Сэтгэцэд учирсан хор уршгийг байнгын болон түр зуурын хэмээн ангилж байна л даа. Тэгвэл сэтгэл санааны хохирлын хамгийн дээд нөхөн төлбөр болон хамгийн доод нөхөн төлбөрийн мөнгөн дүнг хэд байхаар тооцож байгаа бол?
-Хүний амь насыг хохироосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр төгрөгөөр үнэлж болох эсхүл монгол хүний дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн хохирогч болсон иргэний насны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлж, зөрүү үүссэн жилээр нь тооцож үнэлэх ийм асуудал байгаа. Хүний амь нас хохирсны улмаас ар гэрт нь учирч буй сэтгэл санааны хохирлыг үнэлэх асуудлыг энэ аргачлалаар томьёолж болох юм. Гэхдээ энэ бол доод жишиг гэдгийг дахин хэлье. Шүүхээс өөрөөр үнэлэх жишиг тогтоох асуудал нээлттэй буюу хуулийн төсөлд энэ асуудлыг нээлттэй хуульчилж байгаа. Одоогийн байдлаар хуулийн төсөлд мөнгөн дүн нь 63 сая төгрөг байхаар тусгаад байна.
Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын жишиг, туршлагыг судалсан гэсэн үү?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийнх нь орлогын дундаж үзүүлэлт, ДНБ, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Франц улсад 25 настай эрэгтэй хүн гэмтэж, улмаар хэвийн амьдрах чадвараа 30 орчим хувиар алдсан гэж бодвол төлбөрийн хэмжээ нь 100 мянган евро байхаар хуульчилжээ. Түүнчлэн Америк улсад муж мужаас хамааран нөхөн төлбөрийн мөнгө харилцан адилгүй байна. Гэхдээ яг тэр улсын туршлага хамгийн зөв зүйтэй гэж хэлэх бололцоогүй. Мэдээж бидний зүгээс харьцуулсан судалгааны үндсэн дээр өөрийн улс орны онцлогт нийцүүлж асуудлыг авч үзэх ёстой хэмээн харж байгаа.
-Манай улсад сэтгэл санааны хохирлыг тодорхойлсон тодорхойлолт байхгүй, зөвхөн нэр төр, алдар хүнд хэмээн ойлгогдохоор хуульчилсан байдаг гэсэн. Тиймээс та бүхний хувьд гэмт хэргийн улмаас биемахбодид хохирол учирсан эсхүл гүтгэж доромжилсны улмаас сэтгэл санааны хохирол учирсан гэж тусдаа авч үзээд байна уу?
-Иргэний хуулийн 230 дугаар зүйлд, хүний нэр, нэр төр, алдар хүндэд халдаж, хохироосон бол сэтгэл санаанд учирсан хохирлыг барагдуулах асуудал байгаа. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож үнэлнэ гэж хуульд тодорхой заагаагүй учраас шүүхээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Мөн гүтгүүлсний улмаас учирч байгаа сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг арилгах тухай асуудлын зохицуулалтыг нь илүү боловсронгуй болгож, өргөжүүлж байна. Хууль хоорондын уялдаагүй зөрчилтэй байдлыг засаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа гэсэн үг.
Эх сурвалж: Өдрийн сонин